КАДДАФИЙН ХҮҮГ ШҮҮХ ХУРЛЫГ ТОВЛОЖЭЭ

КАИР. /РИА Новости/. Ливийн удирдагч асан Муаммар Каддафийн хоёр дахь хүү Саиф Аль-Исламыг шүүх хурал ирэх сард болно гэж тус улсын Хууль зүйн сайд Салех Элмир Гани үндэсний телевизээр үг хэлэхдээ мэдэгджээ.
”Саиф Аль-Ислам Каддафи, Ерөнхий сайд асан аль-Багдади аль-Махмуди болон Каддафийн Тагнуул газрын дарга Абдулла аль-Сенуси нарыг мөрдөн байцаалт дуусахаар шүүнэ” гэж Салех мэдэгджээ.
Шүүх хурлыг өнгөрсөн жилийн есдүгээр сард товлосон байсан боловч Абдулла ал-Сенусиг Мавританиас Ливи рүү шилжүүлэн, түүнийг Саиф Аль-Исламын талаар илүү нотлох баримт өгнө гэж найдсны үүднээс шүүх хурлыг хойшлуулаад байжээ.
40 настай Саиф нь Каддафийн залгамжлагч болох хамгийн өндөр магадлалтай хүн байсан бөгөөд 2011 онд Ливийн бослогыг нухчин дарах гэсэн эцгийнхээ оролдлогыг хамгийн ихээр дэмжиж байсан юм.
Долоон сар үргэлжилсэн дайны дараа НАТО-гийн тусламжтайгаар сөрөг хүчнийхэн 2011 оны 10 дугаар сард Каддафийн дэглэмийг унагасан юм.
Бараг 42 жил улсаа удирдсан Каддафи 10 дугаар сар 20-нд Сиртэ хот дахь гэрийнхээ ойролцоо босогчдод баригдан амь насаа алдсан билээ.
Саиф 2011 оны 11 дүгээр сард Зинтан хотын баруун уулын цэргийн хүчнийхэнд баригдснаасаа хойш өнөөг хүртэл хоригдож байна.
Олон улсын эрүүгийн шүүхээс бас түүнийг эрэн сурвалжилж байгаа ч Ливийн эрх баригчид түүнийг Гаага руу шилжүүлэхээс татгалзсан билээ.
Саиф болон өмгөөлөгчид Гаагад шүүх хурлыг хийлгэхийг хүсч байсан юм. Учир нь хэрвээ Ливид шүүх болбол түүнд цаазаар авах ял оноож болзошгүй юм. Ливийн эрх баригчид шүүх хурлыг шударга болно гэж Саиф болон Каддафийн үеийн удирдагчид амлажээ.
Г.Доржханд

Montsame


URL:

Сэтгэгдэл бичих