Шатахуун, махны үнийг чирэв

Оны өмнөхөн нефть импортлогч компаниуд шатахууныхаа үнийг 50 төгрөгөөр нэмэгдүүлсэн. Өнөөдрийн байдлаар “Сод Монгол” компани АИ92 шатахууны үнийг литр тутамд нь дахин 50 төгрөгөөр нэмж 1670 төгрөгөөр худалдаалж эхэлсэн байна. Энэ талаар тус компанийн албаны эх сурвалжаас тодруулахад “Манай компани шатахууны үнийг нэмээд хоёр хонож байна.

 

Ямар учраас нэмэгдсэнийг тодорхой хэлэх боломжгүй” гэсэн хариу өгсөн бол он солигдох баярын үеэр “Магнай трейд”, “Синчи-Ойл” ХХК-иуд тус бүр АИ-92 шатахууныг 1670 төгрөгөөр худалдаалж эхэлсэн юм. Шударга өрсөлдөөн хэрэглэг­чийн төлөө газар /ШӨХТГ/-аас шатахуун импортлогчдыг 50 төгрөгөөр үнээ нэмсэн нь үндэс­лэлтэй гэж өнгөрсөн арван­хоёр­дугаар сарын 24-нд мэдээлж байсан бол дээрх гурван компани ямар учраас шатахууныхаа үнийг литр тутамд нь 100 төгрөгөөр нэмээд байгааг  “Манай улсын байцаагчдаас бүрдсэн шалгалтын комисс гарч, шатахуун импортлогчдын үнээ нэмсэн шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаа” гэсэн хариу өгөв.
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга О.Магнай “Нефть импортлогч компаниуд шатахууныхаа үнийг нэмэх нь тодорхой байсан. Тэд өмнө нь шатахууны үнийг литр тутамд нь 210 төгрөгөөр нэмэх шаардлагатай байгаа талаар мэдэгдэж, тооцоо судалгаагаа бидэнд өгсөн. Харин Засгийн газар, Монгол банк хамтран нефть импортлогчдод 83 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгосноор жижиглэнгийн зах зээлд борлуулагдаж байгаа шатахууны үнэ 50 төгрөгөөр нэмэгдлээ.

 

Гэхдээ бусад төрлийн түлш, шатахууны бөөний үнэ яаж нэмэгдэх нь тодорхойгүй” гэж байсан үг чихнээс арилж амжаагүй махны үнэ нэмэгдчихлээ. Мөн тэрбээр “Шатахууны үнэ нэмэгдлээ гэхээр өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ дагаж өсдөг болоод удаж буй. Ямар ч байсан бидний тооцоогоор нэг ширхэг талх дөрвөн төгрөгөөр, мах кг тутамдаа 30 төгрөгөөр л нэмэгдэнэ. Үүнээс илүү нэмэгдэх ёсгүй ” гэж байлаа.

 

Гэтэл ҮСХ-ноос энэ сарын 2-ны өдрийн байдлаар гол нэрийн барааны үнэд судалгаа хийжээ. Дүнг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад 2.5 хувь, өмнөх долоо хоногийн дундаж үнэтэй харьцуулахад 1.1 хувиар өссөн байгааг мэдээллээ.  Махны дундаж үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад үхрийн махны үнэ 1.2-3.1 хувь, хонины ястай махны үнэ 5.9 хувь, адууны махны үнэ 0.2, ямааны махны үнэ 3.7 хувиар өсчээ.

 

Үхэр, хонь, ямаа, адууны махны үнэ ийнхүү нэмэгдэж нэгдүгээр сарын 2-ны байдлаар нэг кг хонины (ястай) мах дунджаар 6614 төгрөгөөр борлуулагдаж байнаа бол, хонины цул мах 6800 төгрөг, үхрийн (ястай) мах 7389 төгрөг, үхрийн цул мах 8344 төгрөг, ямааны мах 4880 төгрөг, адууны мах 5533 төгрөгийн үнэтэй байна. Ийнхүү шатахууны үнээр хөсөг хийсэн мах лангуун дээрээ “галзуурах” нь ээ.

 

Өвлийн сарууд бол монголчуудын хувьд махны хэрэгцээ оргил үедээ хүрдэг үе. Шинэ жил, цагаан сар гэх мэт тэмлэглэлт баярууд давхацдаг энэ үеэр мах ийнхүү шатахууны үнийг дагаж өссөн нь иргэдийг бухимдуулах боллоо.  Монголчуудын уламжлалт цагаан сар удахгүй эхэлнэ. Махны үнэ энэ мэт баярын салхиар улам өдөөгдөх нь дамжиггүй биз ээ.

М.Тунгалаг

Эх сурвалж: “Нийгмийн толь”


URL:

Сэтгэгдэл бичих