Сүүлийн 10 жилд болж байгаагүйгээр хүйтэрч байна
Дэлхий хүйтэрч байна. Үүний шалтгааныг дэлхийн олон эрдэмтэн тодруулахыг хичээж байна. Ямар шалтгаанас болж дэлхий сүүлийн 10 жилд болж байгаагүйгээр хүйтрээд байгааг олж тогтоохын тулд тэд санал зөрөлдөж, өөрсдийн байр суурийг илэрхийлсээр байгаа талаар CNN агентлаг онцлов.
Цас ихтэй, цасан шуурга, өвөлдөө -45-аас -60 целсийн хүйтэн дэлхий нийтийг айдаст автуулж эхлэв. Хамгийн хүйтэн газраар ОХУ-ын Сибирь болон Урал тодорсон. Цахим хуудсаар дамжуулан иргэд янз бүрийн туршилтын бичлэгүүдийг байрлуулж, олон нийтэд “Ийм хүйтэн байна” гэсэн ойлголтыг төрүүлэхийг зорьж байна.
Жишээ нь халуун буцалсан усыг таван давхар байшингаас асгахад замдаа ууршин цас болж байх юм. Мөн толгойгоо бүтэн ороолтоор ороогоод байшин тойроод ирэхэд битүү цана цохисон байх жишээтэй. Орост зарим газраа -50 градусаас илүү хүйтэрсээр байна. Товчхондоо өнгөрсөн сард манай хойд хөршид хүйтний эрч чангарч, дээд албан тушаалтнууд дунд болон бага сургуулийн хүүхдүүдийг хичээлээс нь чөлөөлөх тухай асуудал хөндөгдсөн. Тиймдээ ч энэ сарын эхээр хүүхдүүдийг нэлээд удаан хугацаагаар өвлийн амралтыг нь зохицуулж байгаа талаар “Итар-Тасс” агентлаг уламжлав.
ОХУ-ын Оймяконд -55 градус, дорно зүгийн мужуудад –48, Уралд -45, төвийн нутгуудад -39 градусаас буурахгүй сүүлийн долоо хоног өнгөрсөн. Тус улсын иргэд хүйтний эрч чангарсантай холбогдуулж багахан хэмжээгээр согтууруулах ундаа уухыг зөвшөөрч байгаа талаар нутгийн иргэд ярьсан. Гэхдээ ихэнхи мужуудын хүйтэн нутгуудаар иргэд осгож амь үрэгдэх, хөлдсөн эд эрхтнээ тайруулах явдал маш их гарч байгаа гэдгийг эмнэлгийн ажилтнууд онцолсоор байна. Тиймээс оршин суугчид хүртэл гадуур гарахад хүндрэлтэй болж, гудамж талбай хоосрон, сургууль орох замдаа хүүхдүүд осгочих гээд байгаа тул хичээл хаагдсаны шалтгаан энэ аж.
Эрчим хүч, дулаан хангамжийн ажилтнууд ослын бэлэн байдалд хонон өнжин ажилласан хэвээр байгааг “Голос Россий” агентлаг мэдээлж байна.
Зөвхөн ОХУ ч гэлтгүй зүүн европын ихэнхи орнууд мөн цасан шуурга, хүйтний эрчинд “бөхийж” байна. Европын орнуудад сүүлийн хэдэн өдөр огцом хүйтэрсэн. Үүнээс болж олон ч хүний амь нас сүйдсэн талаар BBC агентлаг онцолсоор байна. Украйнд өнгөрсөн сард нийт 81 хүн нас барсан бол 500 гаруй хүн осгосноос болж эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм байна. Зүүн Европын 191 хот, тосгон нь гэрэл цахилгаангүй болсон удаатай. Гэхдээ үүнийг Европын холбоо, улс орнуудын эрх баригчидтай яаралтай шийдэж чадсан нь хүйтрэлтэй тэмцэж буй томоохон алхам болсон гэдгийг ажиглагчид онцолсон.
Киевт л гэхэд -39 хэмийн хүйтэн. Чийглэг уур амьсгалтай Украйны хувьд өвлийн улирал төгс утгаараа болж буйг Ерөнхий сайд нь цохон тэмдэглэсэн. Цас их хэмжээгээр орсоор байгаа Польшийн хувьд гурван хоногийг автозамын цасыг цэвэрлэхэд зарцуулаад буй. Үүнээс болж хэд хэдэн удаа 15-25 километрийн урттай замын түгжрэл үүссэн. Цагдаагийн албаныхны мэдэгдэж буйгаар гэр оронгүй хүмүүс ихэвчлэн осгож амиа алдах нь сүүлийн хоёр долоо хоногт ихсэж байгаа юм байна. Тиймээс тус улсын Засгийн газраас тэдэнд зориулж түр хорогдох байр бэлдэж байгаа аж.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар Болгарь, Румынд мөн л огцом хүйтэрснээс болж зургаан хүн амиа алдсан. “Риа-Новосты” агентлагийн мэдээлснээр өнгөрсөн долоо хоногт зүүн Европт нийтдээ 56 хүн осгож нас барсан аж. Харин 371 хүн эмнэлэгт осгосон, хөлдсөн байдалтай хүргэгдсэн байна.
Хятадад ч бас цаг агаар эрс хүйтэрчээ. Тэр дундаа Бээжинд урьд өмнө болоогүй хүйтэрсэн талаар “Синьхуа” агентлаг мэдээлэв. Бээжингийн өмнө зүгт байрладаг цаг уурын нэгэн станцаас “Хятадын нийслэлд сүүлийн 10 жил тохиолдоогүй хүйтрэлт болж байна” гэсэн юм.
Өнгөрсөн баасан гарагийн өглөө тус хотод агаарын температур -14 градус хүртэл доошлон сүүлийн арван жилийн рекорд тогтоосон байна. Мегаполис хотын нийтийн үйлчилгээний албаныхан хүндрэлтэй ажиллаж байгаа талаар хотын удирдлагуудад хандсан аж. Хоёр хоногийн турш дулаан хэмжигчийн заалт -13 хэмээс буугаагүй юм байна.
Засаг захиргааны зүгээс үйлчилгээний байгууллагууд болон улсын албан газруудыг дулааны хэрэглээгээ бууруулан, нийтийн үйлчилгээний албанаас халаалтын системийн нөөцийг айл өрхийн орон байрыг халаахад хуваарилалт хийхийг даалгасан аж.
Цаг уурын шинжээчид ойрын өдрүүдэд агаарын хэм аажмаар дээшилнэ хэмээн таамаглаж байгаа ч нөхцөл байдал энэ хэвээр улам хүйтрэх нь ойлгомжтой болж байх шиг байна. Өчигдөр БНХАУ-ын хойд, баруун хойд зүгийн мужуудад хэт хүйтрэлтэд өртөн, ялангуяа Өвөр Монголын нутгийн зарим газарт -40 хэм хүртэл хүйтэрчээ. Энэ нь малчдад болон энгийн иргэдэд ч хүндээр тусч байгааг нутгийн удирдлагууд дээд албан тушаалтнуудад мэдэгдсэн аж. Харин Шинжаан-Уйгарын нутгаар их хэмжээний цас орсноос олон нийтийн арга хэмжээг цуцлах шийдвэрийг дээд албаныхан өгсөн байна.
АНУ-ын хувьд мөн ч хүйтний шинж байдал иргэдийн санааг зовоосоор байна. АНУ-ын зүүн эргийн хотууд цас мөсөнд дарагдсаар байна. Цасан шуурганы улмаас зургаан хүн осгосон байна. Шуурганд боогдсон иргэд гэрээсээ гарч чадахгүйд хүрсэн бөгөөд замууд машин явахын аргагүй хаагдаад байгаа аж. Тиймээс оршин суугчид цаг агаар дулаарахыг хүлээн гэртээ сууцгаахаас өөр аргагүйд хүрээд байгаа юм.
Хамгийн их цас орсон мужууд болох Алабама, Миссиссиппид нөхцөл байдал хамгийн хүнд байна. Ойрын өдрүүдэд Нью-Йорк болон Буффало хотуудад их хэмжээний цас орох төлөвтэй байгааг цаг уурын шинжээчид иргэдэд анхааруулсаар байна. Хэрэв цаг уурын байдал энэ хэвээрээ байх юм бол орон нутгийн гэлтгүй олон улсын бүх нислэгийг цуцлах шийдвэрийг хотын дарга нар гаргах болно гэдгийг анхааруулжээ. Хамгийн аймшигтай нь нэг өдрийн дотор болсон цасан шуурганаар 51 см-ийн зузаан цас тогтсон байжээ.
Энэ мэт хүйтрэлүүд Дэлхийн цаг уур улам тогтворгүй болсоор байгааг илтгэж буй. Ойрын 50 жилд дэлхийн оршин суугчид цаг уурын ер бусын нөхцөлд амьдарч дасах бололтой гэж шинжээчид таамагласан. Мэргэжилтнүүдийн тодорхойлсноор хүйтрэх үйл явц биднийг хүлээж буй гэдгийг аравдугаар сард анхааруулж байсан байна. Хүйтний хажуугаар хүнсний бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж, хүнсний хомсдол нүүрлэхээс хүн төрөлхтөн эмээж эхэллээ.
Б.Баатар
URL: