Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон, албадан баривчлагдаж байна
Албадан саатуулах, баривчлах төвийн дарга, Цагдаагийн дэд хурандаа С.Хүрэлбаатартай ярилцлаа.
-Албадан саатуулах, баривчлах төвийн ачаалал ямар байна. Иргэд ихэвчлэн ямар тохиолдлоор албадан саатуулагдаж байна вэ?
-Манайх Нийслэлийн цагдаагийн газрын харьяа Албадан саатуулах, баривчлах төв. Ачаалал их байгаа. Өнөөдрийн байдлаар 187 хүн албадан баривчлагдсан байна. Иргэд ихэвчлэн тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодсоны үүднээс баривчлагдаж байгаа. Энэ тохиолдолд тээврийн хэрэгсэл барих эрхтэй хүн эрхээ хасуулж давтан үйлдэлтэй бол заавал шүүхээр ордог. Улмаар манайх Захиргааны хариуцлагын тухай хуулийг биелүүлж албадан саатуулж байна.
-Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодоод олон удаа саатуулагдсан тохиолдол бий юу?
-Ийм тохиолдол олон. Нэг жолооч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодоод таван удаа саатуулагдсан тохиолдол байна. Гэтэл хөгжилтэй улсад согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодоход шууд эрүүгийн хэрэг үүсгэдэг. Монгол Улсад маш олон иргэд авто осолд орж эрүүл мэнд, амь насаараа хохирч байна. Тиймээс энэ төрлийн хууль эрх зүйд өөрчлөлт оруулах нь чухал байна.
-Өөр ямар тохиолдлоор иргэд танайд саатуулагддаг вэ?
-Зургаан дүүргээс танхайрсан, цагдаагийн шаардлагыг биелүүлээгүй, ар гэртээ агсам согтуу тавьсан, садар самууны хэрэгт холбогдсон иргэдийг захиргааны хариуцлагын дагуу манайд хорьж саатуулж байна. Эдгээрээс байнга архи согтууруулах ундаа хэрэглэж ар гэртээ агсам согтуу тавьдаг иргэд манайд ирэх нь их байна. Тэдний зарим нь оршин суугаа хаяггүй гудамжны тодотголтой иргэд байдаг.
-Тэгвэл танай төв гудамжны архичдыг орогнуулдаг газар болоход ойрхон байна гэсэн үг үү?
-Тийм гээд шууд хэлэхэд хэцүү. Гэхдээ л архинд нэвт орсон хүмүүсийг саатуулахад хүндрэлтэй зүйл их гардаг. Тухайлбал, согтууруулах ундааг байнга хэрэглээд заншсан хүмүүс хэд хоног саатуулагдаад солиорч эхэлдэг. Дээр нь суурь өвчин их байдаг тул бие нь гэнэт муудах нь бий. Энэ үед бид эмнэлгийн тусламж үзүүлж тусад нь камерт саатуулдаг. Ер нь тэдэнд шүүхээс өгч байгаа саатуулах хугацаа урт байна.
-Эмч мэргэжилтнүүдийн хувьд хүчин чадал хүрч байна уу?
-Манай төв нэг эмч дөрвөн сувилагчтай. Харин эм тарианы хувьд дутагдах зүйл гардаг. Саатуулагдаж байгаа хүний бие муудсан тохиолдолд 103-т дуудлага өгдөг.
-Яаралтай эмнэлгийн тусламж авч чадалгүй нас барсан тохиолдол бий юу?
-Урьд нь саатуулагдаж байгаад нас барсан нэг тохиолдол гарч байсан. Тухайн үед шүүх эмнэлэгт задлан шинжилгээ хийгээд манай төвтэй холбоогүй гэдэг нь тогтоогдож байсан.
-Архи согтууруулах ундааг хэт их хэрэглээд саатуулагдаж байгаа иргэдэд дахин эргэж хоригдохгүй байх тал дээр танай төв ямар ажил хийж байна?
-Бидний зүгээс тэднийг нийгэмшүүлэх тал дээр цөөнгүй зүйл хийдэг. Мэргэжлийн хүмүүс сэтгэлзүйч нартай холбоотой ажилладаг.
-Албадан саатуулах, баривчлах төвийн орчин нөхцөл ямар байна вэ?
-Орчны хувьд сайжирч байгаа. Энэ жилээс халуун устай болсон. Саатуулагдаж байгаа иргэдийг өдрийн гурав хооллож байна.
-Танай төв хоногт хэдэн хүн албадан саатуулах хүчин чадалтай вэ?
-Албадан саатуулах, баривчлах төв 198 хүн хүлээж авах стандарттай. Гэвч энэ тоо 300 хүртэл өсдөг.
-Эмэгтэйчүүдийг мөн саатуулдаг гэсэн энэ талаар тодруулаач?
-Олон нийтийн газар биеэ үнэлсэн эмэгтэйчүүдийг албадан саатуулдаг. Энэ тоо жилээс жилд өсч байгаа. Ихэвчлэн 20-25 насны охид бүсгүйчүүд биеэ үнэлж байна.
-Олны танил хүмүүст захиргааны хэргийн шүүх үйлчилж байна уу?
-Олны танил хүмүүс манайд саатуулагддаг. Тэд өөрсдийн дураар байх гэж элдэв зүйлийг нэхдэг. Тэд ихэвчлэн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон cap хүртэлх хугацаагаар саатуулагддаг.
Үүний дараа Албадан саатуулах, баривчлах төвд саатуулагдаж байгаа зарим иргэдтэй уулзсан юм.
Дахиж архи уухгүй
Б.Нацагдорж
-Хоёр дахь удаагаа саатуулагдаж байна. 2007 онд удаа дараа архи согтууруулах ундаа хэрэглэсэн гээд албадан баривчлагдсан. Энэ удаад мөн адил саатуулагдаад байна. Одоо 20 дахь өдрөө саатуулагдаж байгаа. Хоол ундны хувь өглөө цай талх, өдөр хоол, орой цай, талх өгдөг. Гараад ажил олж хийнэ. Дахиж архи уухгүй гэж бодож байгаа.
Энд буцаж орохгүй
Д.Ганзориг
-Архи уугаад агсам согтуу тавиад энд саатуулагдсан. Одоо арав хонож байна. Саатуулагдаж байх үед нэг удаа даралт ихэсч байсан. Тухайн үед эмч, сувилагч нар эмнэлгийн тусламж үзүүлсэн. Хоёр дахь удаагаа саатуулагдаж байна. Эхнэр хоёр хүүхэдтэй. Энд буцаж орохгүй гэж бодож байгаа. Зун барилга дээр ажилладаг. Өвөл ажил олдохгүй болохоор гэртээ суудаг.
Л.Алтанхишиг
URL: