Л.Эрхэмбаярын далд санаа

УИХ элэг бүтэн болоход ганц гишүүн л дутаж буй, Өвөрхангайн тойргийг наймаалцсан тул. Тэр нь Л.Эрхэмбаяр байх уу, эсвэл Д.Сумьяабазар уу. УИХ-ын сонгуулиар Сонгинохайрхан дүүрэгт зодоглосон энэ хоёр эрхмийн аль нь ч өнөөдрийг болтол өрсөлдөгчөө унагаагүй яваа. Дахин санал хураалтын тов Орон нутгийн сонгуулиар гарсан ч АН-аас нэр дэвшигч Л.Эрхэмбаяр шүүхийн хаалга татсанаар ийнхүү өнөөдрийг хүртэл сунжирсан. Ардчилсан Ерөнхийлөгчтэй, Ардчилсан хүчин Засаг барьж байгаа энэ хугацаанд Л.Эрхэмбаяр хүү шүүхийн байгууллагын тусламжтайгаар өрсөлдөгчөө өвдөг шороодуулчих санаа өвөртөлсөн нь тэр. Харамсалтай нь, шүүхийн байгууллага “худалдагдсангүй”. Гэсэн ч дахин санал хураалтын тов тодорхойгүй байгаа нь нийгэмд олон хардлага төрүүлээд байгаа юм.

Хардлага 1

Ерөнхийлөгчийн сонгууль бол Л.Эрхэмбаярыг аврах ганц гарц байж мэднэ. Өнөөгийн ардчилсан Ерөнхийлөгч намаасаа мандат өвөртөлж, чадвал түүний далбаан дор намирч, нахилзах их боломж түүнд олдох юм. Тэр бол Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн нийгмийн бодлого хариуцсан зөвлөх хэмээх сэтэртэйгээр сонгуулиас өмнө ажиллаж байсан нэгэн. Үе үеийн сонгуулиар нэр дэвшиж, өрсөлддөг ч босго давж байсан удаагүй. Тордоод тордоод өөдөлдөггүй энэ нөхрийг сонгуулиар нэр дэвшихэд нь Ерөнхийлөгчийн нэр нөлөө чамлахааргүй гэлцдэг. Иймд мань хүн өнөө маргаашийг өнгөрөөсөөр Ерөнхийлөгчийн сонгуультай золговол хормойн дор нь гүйж байгаад мөрөөдөлдөө хүрчихэж мэдэх л юм.

Хардлага 2

Хэрэв Сонгинохайран дүүргээс хоёр эрхэм сонгогдох байсан бол хоёр нам нь дээгүүрээ тохиролцоод л Л.Эрхэмбаяр, Д.Сумьяабазар хоёрын амь амьдралыг шийдвэрлэчих байлаа. Харамсалтай нь, нэгнийх нь л мөрөөдлийг биелүүлэх ганц тийз л бий. Гэхдээ хоёр намын хэлэлцээрт энэ тухай хальт сөхөгдөөд өнгөрсөн тухай зарим нэг нь цайны хачир хийх аж. Тэр нь хүн ам ихтэй Сонгинохайрхан дүүргийн Засаг ноёны сэнтий. Тодруулбал, дүүргийн Засаг даргын суудлыг аль нэг нь авч, нөгөө нь УИХ-ын босго алхах. Ямартаа л, Д.Сумьяабазар төрийн албан хаагчдад хоёр нам тохирч, Засаг дарга, ИТХ болон ЗДТГ-ын хэлтсийг хувааж авч байгаа тухай хэлсэн гэх бор шувуу жиргэх вэ дээ. Гэвч энэхүү наймаа бүтэлгүйтсэн гэх юм билээ.

Хардлага 3

Шүүх л түүнд байгаа цорын ганц хөзөр гэх итгэл найдварыг өвөртлөгч  нь Л.Эрхэмбаяр бололтой. УИХ-ын сонгуулиас өмнө ах намынхныг айлгаж, зүрхэнд нь орсон газар бол Авлигатай тэмцэх газар. Мөн шүүхийн байгууллага. Ардчиллынхан төрийн эрхэнд гарч, хууль шүүхийн байгууллага харцаар нь хөдөлдөг болсон гэх явган яриа олны дунд бий. Олны үг ортой гэгчээр үүнд хамгийн ихээр итгэж, найдлага тээж яваа хүн нь Л.Эрхэмбаяр ч байж мэднэ. Тиймдээ ч өөртөө бардаж, шүүхийн хаалга татсан гэж тодотгохуйц.

Үнэндээ Сонгинохайрхан дүүргийн АН-ын үүрийн даргаар олон жил ажилласан Л.Эрхэмбаярыг нутаг дэвсгэрийнхэн нь танихгүй. Тэр бол Сонгинохайрхан дүүргийнхэнд шинэ хүн. Иймээс түүнд итгэл өвөртлүүлнэ гэхэд хэцүү. Харин Д.Сумьяабазарын тухайд наадмын дэвжээнээ олонтаа харж байсан зүс царайгаар нь сонгогчид гадарлана. Мэдээж, бөхөө хүндэлж, саналаа өгөхгүй л байх.

Хардлага 4

Автомат машины ачаар л энэ парламентад орж ирлээ шүү дээ гэх үг АН-ын гишүүдийн амнаас цухалзах нь олон. Ах намынхны аазгайг хөдөлгөж, уурыг нь барах гэж хэлдэг ч байж мэднэ. Гэхдээ л автомат машинд эргэлзэгсэд олон бий. Бүр АН-аас бусад улс төрийн хүчнийнхэн бүгд эргэлздэг гэж ч тодотгож болно. Хэл амтай энэ машины эргэлзээг тайлж өгөхийг МАН-ынхан гуйж, царайлчилж байгаа ч АН-ынхан хөдөлдөггүй.

16 жилийн дараа Ардчилал ялсан гол хүчин зүйл нь автомат машин гэх яриа ч бий. Тэгвэл азандаа биш автомат машиндаа найдсан байж магадгүй мэт үйлдлийг Л.Эрхэмбаяр удаа дараа гаргах болжээ. Дахин санал хураалтын товыг үргэлж хойшлуулж, гагцхүү шүүхийн байгууллага руу гүйдэлтэй болсон нь нэг л хачирхалтай. Тэнд л нэг зүйл нуугдаад байх шиг.

Н.Нинж

Эх сурвалж: New.mn


URL:

Сэтгэгдэл бичих