Авто засварын газрууд шалгалтад бүдрэв

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас өчигдөр ээлжит мэдээллээ хэвлэлийнхэнд хийв. Тус газар нь иргэд, аж ахуйн нэгжүүдээс ирүүлсэн гомдлын дагуу “Барс” худалдааны төвд шалгалт хийжээ. Шалгалтын явцад тус төвд нэр бүхий компанийн бүтээгдэхүүнийг зарахгүй байх шалгуур нөхцөл тавьдаг болох нь тогтоогджээ. Тухайлбал, “Gold Star” ХХК-иас бусад компанийн кимчи, “НВЦ” ХХК-иас бусад аж ахуйн нэгжийн өндгийг худалдан борлуулахгүй байх шаардлагыг тус төвөөс худалдагч нартаа тавьдаг байсан нь иргэд, аж ахуй нэгжийн шударга, тэгш өрсөлдөх эрхийг нь зөрчсөн үйлдэл болж байсан аж. Мөн Мэргэжлийн хяналтын лабораториор шинжлэгдэж, итгэмжлэгдсэн бүтээгдэхүүнийг дахин “Барс” төвийн лабориторид шинжлүүлэх шаардлага тавьдаг нь шалгалтаар илэрчээ. Тиймээс Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас тус төвд холбогдох шаардлагуудыг тавьснаар бизнес эрхлэгчид тэгш өрсөлдөх боломж бүрдүүлжээ.

Мөн тус газрынхан авто тээврийн хэрэгслийн засвар, үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийжээ. Шалгалтад 200 орчим авто тээврийн хэрэгслийн засвар үйлчилгээний төв хамрагдсан аж. Тэдгээрийн 90 гаруй хувьд нь дараах зөрчлүүд илэрчээ. Тухайлбал, ерөнхий шаардлага MNS 5025:2010 стандартыг мөрдөж ажилладаггүй, үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлгүй, өөрийн үзүүлж буй үйлчилгээ, бараа бүтээгдэхүүний үнэ, тарифыг албан ёсоор бичмэл хэлбэрээр хэрэглэгчдэд ил тод мэдээлдэггүй. Энэ нь хэрэглэгчийн зөв, өөрт ашигтай сонголт хийх эрхийг болон тухайн зах зээлд шударга өрсөлдөөнт үнэ бүрэлдэх нөхцөлийг хязгаарласан байна.

Түүнчлэн авто засварын газрууд нь чанарын баталгаа өгөхөөр сурталчилгааны самбар байршуулсан хэдий ч албан ёсоор тамга тэмдэг бүхий хуудсаар баталгаа гаргаж өгдөггүй нийтлэг зөрчил илэрчээ.  Тиймээс эдгээр зөрчлөө арилгахыг үүрэг болгосон нь эхнээсээ ажил хэрэг болж буй аж.

Г.ДАРЬ


URL:

Сэтгэгдэл бичих