Хэн ч, юуг ч, хэзээ ч хариуцахгүй гэж үү

МАХН-ын дэд дарга, УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр энэхүү илтгэлийг УИХ-ын хаврын чуулган дээр тавихаар хүсэлт тавьсан боловч эрх баригчид түүнд боломж олгосонгүй. Уг илгэлтэй танилцана уу.

“Ноёд, хатагтай” нараа
Миний бие УИХ-ын бүрэн эрхийн хугацааны 3 дахь хаврын чуулган нээгдэж байгаа үед сөрөг хүчингүй парламентэд өөрийн үзэл бодлоо илэрхийлж байна.

Төрийн хүн ард түмэндээ үйлчлэх ёстой гэсэн ардчилалын алтан дүрмийг би хэнээр ч хэлүүлэлтгүй мэднэ. Энэ миний хувийн санаа эсвэл тааламж биш. Энэ бол олон улсад хүчинтэй, бидэнд үргэлж зөвлөдөг ардчилалтай орнуудын улс төрийн мэргэжилтэй хүмүүс хэлж захисан захиас юм.

Өнөөдрийн Монголд улс төрч нэртэй өөрсдийнхөө жижигхэн хүсэл, хэтэрхий шуналдаа идэгдсэн  хүмүүс төрийг төр биш болгохыг хараад ямар ч өрөвдөлтэй хүмүүс вэ гэж гайхал төрсөөр ирлээ.
Олон улсын утгаараа ардчилал гэдэг бидний энд хийгээд байгаа өдөр тутам мэдэмхийрээд байдаг сэдэв даан ч биш юм байна шүү дээ.

Ардчилал гэдэг цөөхөн хүн өмчилсөн, хаа нэг газар очиж, хэдэн хүн хүмүүс цуглуулж, тэднийхээ өмнө магтан дуулуулж, алга нижиг-нүүлэн ташуулж, магтуулж, аугаа, баатар гэж цол хэргэм  авдаг юм биш. Ардчилал хөгжсөн орнуудад улс төрч хүн одон медаль авдаг тийм ёс заншил байхгүй юм билээ.

Ардчилал гэдэг чинь жинхэнэ үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, өөрийн санаагаа бусадтай уралдуулж,  ана мана, ач тач үзэлцэх ёстой биш билүү. Либертари, консерватив, социал демократ, ногоон үзэл гэсэн улс төрийн олон үзлүүд байна. Ардчилалтай орнуудын парламентуудад  яг л энэ олон үзэл баримтлалуудаараа ялгаран, суудал суудлаараа ялга-ран  сууцгаадаг. Нөгөө Англи, Америк, Европоор явж, гадаадын улс төрчидтэй уулзаж, өөрийнхөө үзэл бодлоо ярьдаг хүмүүс одоо энэ танхим дотор юу ч ярихгүй  юм уу.

Оюу Толгойн гэрээг батлах өдөр либертари үзлээр үү, эсвэл консерватив үзлээ баримтлаж кноп дарсан уу. Социал демократ үзлээ барьсан уу, эсвэл ногоон үзлээ баримтлаж кноп дарцгаасан уу. Гэтэл яалаа бүгд ярайтал суучихаад, цэргийн ангийн жагсаалын цэргүүд тэвхийтэл ёсолдог шиг эгнээгээрээ нэгэн зэрэг кноп дарцгааж байхыг хараад ардчилал биш, энэ чинь цэрэгжилт байна шүү дээ гэж толгой сэгсэрч байлаа.

Энэ эгнээнд нэг, нэг суудалтай намууд, бие даагч бүгд багтсан бөгөөд бүр саяхан нярайлсан бүсгүй хүн нэгдсэнийг хараад ямар ёс суртахуун бэ энэ чинь гэж би нүдэндээ итгэхгүй суулаа. Тэр ганцхан хүн дарах кноп тийм чухал байсан гэж үү. Ямар их үнэтэй кноп вэ?

Монголын төрд орж ирсэн хүмүүс ямар ч зорилгогүй, бас ямар ч ажлын хөтөлбөргүй, зүгээр л хий хоосон ярьж, сонин уншиж, гар утсаар ярьж, гар өргөнө шүү гээд өдөр нь минут ч хожигдолгүй ирж кноп дарчихаад явж байхад дэлхийн улсууд хөгжиж харин бид хоцорч байна.

Хамтарсан нэртэй хэт их хуйвалдаан, хэт их бүлэглэл, хэт их тохироо нь өнөөдрийн энэ парламентийг улс төрийн жишгээр явуулах ямар ч боломжгүй болгож Монголд улс төр зогсонги  байдалд орж, идэвхитэй шударга тийм үйлдэл өчүүхэн ч хийгдэхээ больжээ. Энэ бол улс төрийн гүн гүнзгий хямрал. Аливаа хямралаас гарахын тулд бид өөрсдөдөө дүгнэлт хийж, кноп дарсан хүмүүсийн нэрсийн жагсаалтанд болж өгвөл дээгүүр бичигдэх гэж арчаагүйтэхээ хамгийн түрүүнд зогсоовол магадгүй  анхны алхам болно.

Бидэнд улс орон, ард түмэндээ, улс төрийн хариуцлагаа дүгнүүлэх түүхэн хариуцлагатай цаг үе иржээ. УИХ-ын гишүүний халдашгүй эрх гэж бид ярьдаг. Тэгвэл энэ халдашгүй эрх чинь шоронд авч явчих гээд байхад хамгаалдаг бүрэн эрх биш, үзэл бодол үзэл санааны  бүрэн эрх юм. Өнөөдөр Их хурлын танхимд заавал ирнэ шүү, кноп дарах хүмүүсийн нэрсийн жагсаалтанд нэрийг чинь заавал хармаар байна гэж УИХ-ын гишүүн хүнийг тулган дарамтлах чинь харин ч бүрэн эрхэнд нь халдаж байгаа юм биш үү.

Аливаа нэг зүйлд тайлбар өгөхдөө  зүгээр л үгээр аргалах гээд байхыг нь хараад би олон гишүүдийн амны чадвартайг харсан. Гэтэл үгээр уралдах нь яруу найрагчдийн  ажил болохоос биш, улс төрч хүний  ажил юм уу. Үг гэдэг улс төрч хүний хувьд шууд хариуцлага шүү дээ. Олны өмнө амлаж, уран үгээр ам уралдан ярьж, заал дүүрэн хүн суулгачихсан хүчээр алга ташуулаад л болоо юу, ярьж байгаагийнхаа эсрэг кноп дарсаар байх уу. Амласнаа бид хэзээ хийх вэ. Хэн хариуцах вэ. Эсвэл зүгээр л ам халаад хэлчихсэн одоо тэгээд заалнаас гараад л мартчихсан уу. Улс төрийн хариуцлага байна уу.

Нэгэнтээ Монгол улсын нам, төрийн гарамгай зүтгэлтэн Ю.Цэдэнбал “Хариуцлагагүй, сахилга батгүй явдал бол байгалийн бэрхшээлээс илүү хохиролтой”  гэж хэлсэн байдаг. Тэгвэл бид өнөөдөр нэг, хоёр хүнээс болоод хичнээн олон байгалийн гамшиг бэрхшээлээс илүү хохирол амсч байна. Энэ хариуцлагагүйн “цунами”-г бид хэдий хүртэл тэсч чадах вэ.

Ард түмэн үнэхээр л ийм хариуцлагагүй амнаас өөр юу ч үгүй нөхдүүдийг сонгочихсон юм уу аль эсвэл 7-р сарын 1-ний эсэргүүцлийн жагсаалыг удирдсан УИХ-ын зарим гишүүдийн хэлсэнээр сонгууль дэндүү будлиантай явагдсан юм уу. Хэрвээ ард түмэн буруу хүнээ сонгосон бол одоо буцаагаад татдаг зарчимтай болцгооё. Сонгуулийг зориуд будлиантуулж кноп дардаг хүмүүсээ УИХ-д оруулж ирсэн бол хэн хэн будлиантай орж ирсэн тухай ард түмний дунд санал асуулга явуулцгаая. Энэ ардчилал биз дээ. Эцсийн эцэст сонгуулийн будлианаас болж 5 хүн амь эрсэдсэн. Хэдэн зуун тахир дутуу болсон гэх яриа тасрахгүй л байна.
Иргэний нийгэм эсвэл монголдоо сайхан амьдарцгаая, манайхан удмаараа гавьяат гэх шиг ямар гавьяа байгуулсан болоод Монголын ард түмэнд гавьяатайгаа гайхуулцгаагаад байгаа юм бэ. Нинжа, ядуу, нэн ядуу, траншейны гэсэн хочтой төрөөс ялгаварлагдан гадуурхагдсан хүмүүсийг мянга мянгаар үйлдвэрлэчихээд Монголдоо сайхан амьдаръя гэж хошгоруулахаа болиоч гэж хүсмээр байна. Ингэж агаарын юм ярихаа хэзээ зогсоох вэ.

Улаанбаатарын утааг багасахаар Америкаас Монгол руу ирэх хүмүүсийн тоо олширдог гэж сонссон юм байна. Намар утаа ихсэхээр Америк руу үр хүүхэд руугаа яваад өгдөг гэж сайрхан ярьцгаах юм. Монголдоо сайхан амьдрахгүй Америктаа сайхан амьдарцгаадаг хүмүүс одоо тэгээд Монголын ард түмний төрийн ордонд орж ирчихээд ард түмнийхээ төлөө утаатай үед нь туслахгүй юм бол яах гэж улс төрч гэж өөрсдийгөө нэрлээд байгаа юм бэ. УИХ-д байдаг ч гадаадад амьдардаг гишүүны тоо цаашид нэмэгдэх үү?
Иргэний нийгэм ярьсаар хэдэн жил боллоо. Өнөөдөр тэр иргэний нийгэм чинь согтуугийн нийгэм болсон гэхэд хилсдэхгүй. Хаа л бол архи нэртэй хорт бодис. Бааранд өдөр ч, шөнө ч “Чингис”-ийгээ ууж тархиа мансууруулцгаана. Эрэгтэй, эмэгтэй бүгд согтуу. Орос, Хятад, Япон, Өмнөд Солонгос гээд хөгжилтэй, ухамсартай орнуудын хүмүүс ялангуяа залуучууд оюутнууд бааранд ингэж олноороо өдөр орой ч согтуурцгаадаг уу. Энэ их согтуурлыг хэн өдөөгөөд байна. Архины бизнесийн цаад эзэд хэн бэ. Согтууруулах хорт бодисийг хүнс гэж нэрлэж мах, талхтай адилтгаж тархи угаадаг хүмүүс хэн бэ. Хүнсний манлай үйлдвэр “TOP” ААН гэж архинд алтан өргөмжлөл өгч буйг юу гэж ойлгох вэ. Дэндүү жигшмээр юм.

Монгол хүн 2020 ч гэх шиг Монгол хүн 2011 гэж яагаад болохгүй гэж. Өнөөдөр шууд ажилдаа орохгүй хоосон хөтөлбөр хэзээ болтол ярих юм. 2020 онд тэгээд Монгол хүн ямар болох юм хэн ч мэдэж байгаа юм бэ. Цэцэг цэв рүү шиг сайхан охид хөвгүүд маань гадаад орнуудын хамгийн хүнд, аюултай, эрүүл мэндэд хортой ажлыг хийдэг гэнэ. Цагаач явах ямар л олигтой байх билээ. Монгол охидуудын биеийг үнэлж зардаг сүлжээ хүртэл ажиллаж байна шүү дээ. Дэндүү өрөвдөлтэй хувь хүмүүсийн түүхийг олон сонслоо. Эндээс ажлаа эхлэхгүй юм уу?

Монгол хүн 2020 ч гэх шиг Монгол орон 2011 гэж яагаад болохгүй гэж. 2020 онд Монгол орон байх ч юм уу хэн мэдэж байга юм бэ. Хөгжинө гэж газар шороогоо лицензээр Лондонгийн хөрөнгийн бирж дээр худалдаалж орох оронгүй дүрвэгчид болон үлдсэн  Палестинчуудын тухай хүүхэд наснаасаа сонсож ирлээ. Монгол орныг хөгжүүлнэ гэж бүх газар шороогоо лиценз хэлбэрээр Хонконгийн хөрөнгийн бирж дээр арилжаалж, цаашлаад Халх голын  сав газрын үржил шимтэй 200 мянга га газрыг Монголын ард түмнээс асуухгүйгээр Халх гол сумын Иргэдийн Төлөөлөгчидийн хурлаар Солонгост  өгсөн шийдвэр гаргасан зэргээс харахад Монгол орон цаашид оршин тогтнох эсэх нь асуудал болчихоод байхад өнөөдрийн төрийг барьж байгаа улс төрийн хүчнүүд “бид байхгүй бол ардчилал байхгүй”, “бид байсан цагт авилгал байхгүй”, “бид л байсан цагт Монгол цэцэглэн хөгжинө” гэж яаж ярьж чадаж байна. Худал хүмүүс буруу хүмүүсээс аюултай гэдгийн тод жишээ болж байгаа юм биш үү.

Өнөөгийн эрх баригчид “Бид л засагт байгаа нөхцөлд авилгалын асуудал гарахгүй шүү” гэж ярьж байгааг сонсоод “ Тэгээд хэн авилгалыг цэцэглүүлж байгаа юм бэ ” гэж өөртөө эргэлзэж бодох болсон. Олон улсын холбогдох байгууллагууд Монгол орны авилгалын индекс 2,1 гэж үнэлсэн  нь Монгол орон бүхэлдээ авилгалд идэгдсэн гэсэн үнэлэлт дүгнэлт  юм биш үү.

2011 оны 3 сарын сүүлээр Авилгалтай Тэмцэх Газрын судалгаа шинжилгээний хэлтсийн  зүгээс Монголын авилгалын асуудалд дүгнэлт хийхдээ бараг төрийн байгууллагууд бүхэлдээ авилгалд идэгдсэн гэсэн дүгнэлтийг хэвлэл мэдээлллээр ил тод цацаж байсан. Үүнээс харахад “авилгалын асуудал гарахгүй шүү” гэдэг нь худлаа болж таарлаа. Авилгад идэгдсэн төр бол ард түмний төр биш ээ. Харин ард түмний эсрэг төр байдаг. Учир нь авилгал өөрөө “эрүүгийн гэмт хэрэг” байдаг. Өнөөгийн Монголын төр авилгад идэгдсэн байна гэдгийг дотоод, гадаадын байгууллагууд болон улс төрчид ярьж байгаагаас харахад өнөөгийн авилгад идэгдсэн Монголын төр бол Монголын ард түмний төр биш гэсэн дүгнэлт бүхий логик гарч ирж байгаа юм. Даан ч 20 жил ардчилал гэж уриалан дуудаж сайн сайхан амьдрах эрмэлзэлтэй явсан төдий ч, амьдрал дээрдэж улс орон хөгжиж цэцэглээгүй нь авилгад идэгдсэн ард түмний бус төрийн асуудлаас улбаатай юм биш үү гэсэн дүгнэлтэнд хүрэхээс өөр аргагүй болно биз дээ.

Монголоос явна гэсэн бодолтой өчнөөн оюутан залуус сургууль багш нараа голж юм мэдэх хүсэлдээ хөтлөгдөн уйлагнан ярьцгаах юм. Оюутнууд сургууль багш нараасаа залхаж салахын түүс болдог гэнэ. Энэ чинь ямар их жигшилтэй хэрэг вэ. 2020 оны Монгол хүн чинь өнөөдөр гадаад ч дотоодод ч өөрийнхөө хүссэнээр ажиллаж амьдрах ямар ч боломжгүй болчихоод байхад үүнийг яагаад ярьж ёстой жинхэнэ улс төржүүлэхгүй дарцгаана вэ. Үндсэн хуулийн тухай ярих гээд байвал ёстой Монгол хүндээ зориулсан гадаадад ч бас дотоодод ч хамгаалдаг үндсэн хуулийг ярих ёстой биш үү.
УИХ-ын танхимд сүүлийн хоёр гурван жилд танилцсан Монгол улсын иргэд ээ Та бүхэнд хандаж би өнөөдөр энэ илтгэлийг зориуд тавихаар хүссэн хүсэлт маань энэ юм. Би Монгол улсын иргэд нийгмээ байгуулж, аж амьдралаа өөрсдөө шийдэн явах ёстой гэсэн ардчилалын зарчимыг хүндэтгэдэг. Энэ миний хүндэтгэдэг ардчилалын зарчим нэгэнт алдагдаж дэндүү бохир улс төр Монголын ард түмнийг доромжилж байгааг хараад зүгээр сууж чадахгүй ээ. Тиймээс би өнөөдрөөс эхлэж ард түмнийхээ төлөө Улсын Их хурлын танхимд биш харин Жанжин Сүхбаатарын талбай дээр улс төрийнхөө үйл ажиллагаагаа явуулна гэдгээ мэдэгдэж байна. Парламент дотроосоо өөрчлөгдөхгүй гэдгийг та бүхэн сайн мэднэ. Засгийн газарт хариуцлага тооцох чадваргүй болсныг бас мэдэж байгаа. Иймд Засгийн газрыг ажлыг нь хийлгүүлж, УИХ-ыг өөрчлөхөд  ард түмэндээ өөрийн нүдээр харсан, чихээр сонссон бодит үнэнийг хэлж ойлгуулахаас эхлэх нь зүйтэй гэж би үзэж байна. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл хаалттай нөхцөлд энэнээс өөр гарц харагдахгүй байна.

Би энэ шийдлээ ухамсарт хүний ёсоор бие дааж ганцаараа шийдсэн. Олон хүмүүс намайг урьд өмнө улс төрийн шийдэл гаргасаны дараа таалагдахгүй болохоор эхнэртэйгээ, том хүүтэйгээ ярилцсан уу гэж асууж бас зөвлөдөг. Би хэзээ ч улс төрийн шийдвэрээ эхнэртэйгээ, оюутан хүүхэдтэйгээ зөвлөлдөж яваагүй. Харин үр хүүхдийн хувь заяа орон гэрийнхээ асуудлуудыг заавал эхнэртэйгээ ярьж шийддэг. Тиймээс эхнэрээсээ асуудаг хүмүүс надад битгий зөвлөх гэж өөртэйгээ адилтган энэ хурлын дараа мессеж илгээгээрэй. Харин Сүхбаатарын талбай дээр ирж улс орон ард түмнийхээ төлөө зөвлөлдөнө гэвэл дуртайяа хүлээн авна шүү гэдгээ хэлье.
Анхаарал тавьсанд баярлалаа.


URL:

Сэтгэгдэл бичих