Энхийг сахиулагчидтай холбоо тасрав

Монгол Улсын Зэвсэгт хүчний 850 хүний бүрэлдэхүүнтэй баг өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 1-нээс Өмнөд Судан улс дахь энхийг дэмжих “UNMISS” ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа.

Гэхдээ өнгөрсөн онд тус багт үүрэг гүйцэтгэж байсан хоёр ч энхийг сахиулагч нас барсан харамсалтай хэрэг гарсан. Тодруулбал, 2012 оны арваннэгдүгээр сарын 13-ны өдөр тус багт үүрэг гүйцэтгэж байсан ахлагч Г.Мөнх-Эрдэнэ болон Лейкс мужийн Румбек хот дахь НҮБ-ын цэргийн баазад үүрэг гүйцэтгэж байсан, Өмнөд Судан улс дахь НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн багийн бүрэлдэхүүнд багтан үүрэг гүйцэтгэгч, дэд ахлагч Г.Амартүвшин нар зуурдаар нас барсан.

Энэ мэт таагүй мэдээлэл ар араасаа гарч байгаа энэ үед Өмнөд Суданд үүрэг гүйцэтгэж буй энхийг сахиулагчдын гар утсыг хурааж авсан гэх мэдээлэл гарч эхэллээ.

Уг мэдээллийн эх сурвалж нь энхийг сахиулагчдын ар гэрийнхэн аж. Тэдний хэлж буйгаар Суданд байгаа энхийг сахиулагчдын нөхцөл байдлын талаар ар гэрийнхэнд нь ямар нэгэн мэдээлэл өгүүлэхгүй байх үүднээс ийм шийдвэр гаргасан байна. Учир нь тус улсад алба хааж байсан хоёр энхийг сахиулагч амиа алдсантай холбоотойгоор эл шийдвэрийг гаргасан байж болзошгүй юм байна.

Э.Тогос


URL:

Сэтгэгдэл бичих