Ө.Доржпүрэв: Монгол хүн сансарт нисэхийг хараад өөрөөрөө бахархаж байлаа

1981 онд улсын баатар Ж.Гүррагчааг сансарт нисэхэд Монгол хүн бүр бахархаж байсныг бид мартаагүй. 39 жилийн өмнө Төв аймгийн Лүн сумын II багийн малчин Ө.Доржпүрэв Л.И.Брежневт захидал бичиж байсан гэдэг. Түүний илгээсэн захидал түүхэнд алтан үсгээр бичигдэнэ чинээ хэн ч санах билээ. Энэ тухай түүнээс цөөн асуултад хариу авлаа.

-Таныг одоогоос 40-өөд жилийн өмнө ЗХУ-ын намын төв хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Л.И.Брежневт захидал илгээсэн нутаг орны чинь хүмүүс ярьдаг юм билээ?
-Коммунист дэглэмийн үед их гүрний тэргүүнд захидал илгээхэд амаргүй байсан. Хянан шалгаж, мөрдөж мөшгөх гээд тухайн үед бэрхшээл тулгарч л байсан. Гэхдээ миний захианы хариу гурван долоо хоногийн дараа ирсэн. Тэгээд ГХЯ-ны Р.Буд дарга намайг өрөөндөө дууддаг юм байна. Учрыг тодруулахад тэрээр надад баяр хүргэн тэврээд авлаа.

Р.Буд дарга хэлэхдээ “Та Монгол, Зөвлөлтийн найрамдалт харилцаанд гарамгай гавьяа байгуулж, Монголын залуучуудыг төлөөлөн илгээсэн өргөдлийг тань Зөвлөлтийн ах нар зөвшөөрчээ” гэлээ.

Үд өнгөрөхийн алдад ГХЯ-ны жижүүрийн хаалгаар гарах гэтэл Зөвлөлт холбоот улсын Элчин сайдын яамнаас таныг дуудаж байна гэв. Бүр машин явуулсан байдаг шүү. Тэгээд Орос элчингийн гурван давхарт ирэхэд намайг идээ будаа зассан өрөө рүү дагуулан оров. Тэнд дарга байрын хүн, нэг хэлмэрч байсан юм. Тэд миний захианы хариунд талархаж байгаа бололтой хачин нөхөрсөг уулзсан. Би ч яахав тухайн үед нэг захиа юун ч их сүр бадруулдаг бол хэмээн гайхаж байлаа. Харин дараа нь Монгол хүн сансарт нисэхийг хараад өөрөөрөө бахархаж байсан шүү. Тэгээд Элчингийн жолооч намайг гэрт хүргэж өгөх болов. Гадны хүнтэй яаж хэл амаа ололцоно доо гээд гайхаж байтал тэр орос жолооч намайг яг гэрийн үүдэнд аваачаад өглөө. Манай гэрийн хаяг энэ тэр гээд бүх зүйлийг судалсан юм билээ.

-Тэгээд удалгүй Л.И.Брежнев даргын хариу ирсэн хэрэг үү?
-Миний илгээсэн захианы хариуг надад харуулаагүй. Тэд яахав дүрэм журмаа л дагасан биз. Гэхдээ тэд амаар уншиж танилцуулахад Оросын Элчин сайд, Р.Буд дарга нарын ярьж байгаа яг тав нийлж байсан шүү. Мөн тэр захианд Л.И.Брежнев дарга намайг Орост урьсан гэсэн. Мөн сансрын нисгэгчид сургуулилт яаж хийдгийг харуулна гэсэн юм билээ. Би Орос яваагүй ч миний хүссэнээр долоон жилийн дараа Ж.Гүррагчаа маань сансарт ниссэнд туйлын их баяртай явдаг.

-Та Орос руу яагаад яваагүй юм бэ. Тэр үед та хэдтэй байв?
-Галзуу барын аманд гараа хийхээс буцахааргүй залуу байж дээ. Тэр үед 29 настай Монголын Үйлдвэрчний эвлэлийн төв зөвлөлд амралт сувиллын газарт ажиллаж байлаа. Хожим нь захидал бичснээ эргэн бодоход сонин санагддаг. Тухайн үед нам, төрийн дээд хүмүүс тагнуулын ажилтнууд хөрөнгөтний үзэл гаргаж байна хэмээн зөндөө шалгасан. Ер нь миний захидал бичсэн нь Монгол хүний сониуч зан хөтөлсөн биз. Тэхдээ Монгол хүн нисэх ёстой гэсэн нэг бардамнал надад байсан.

-Захиагаа ямар бичгээр бичсэн бэ?
-Олон өдрийн турш хичээн байж “Уйгаржин” Монгол бичгээр бичиж явуулсан. Мөн захиан дээрээ хаягаа хүртэл бичиж билээ. Юу бодож хаягаа бичсэнээ одоо хэр нь гайхдаг юм. Бережнев даргад миний бичсэн захиаг манай Элчингийн ажилтан уншиж танилцуулсан гэсэн.

-Та Монгол төрийн тэргүүнд захиа бичиж байв уу?
-Ах нь энэ талаар ер бодож байгаагүй юм байна.

-Хэрэв танд боломж гарвал юу бичих байсан бол?
-Монгол Улсын хөгжил дэвшлийн төлөө их зүйл хийхийг хүснэ. Бидэнд дутагдаж байгаа юм ах захаа хүндлэх, Монголчуудын эв нэгдлийг бэхжүүлэхийг хүсэх болов уу. Монголчууд эвтэй бол хүчтэй гэдэг үгнийхээ эзэн байх хэрэгтэй.

Д.Жавхлан


URL:

Сэтгэгдэл бичих