Би юу хийчихэв ээ
“Дүлийдээ найдаад унгараг” гэгчээр ард түмний итгэлийг хүлээж, амь биеэ үл умартан төр, түмэн олныхоо төлөө зүтгэнэ гэсэн эрхэм нөхөд сүүлийн өдрүүдэд ажлаа хийхээ болилоо. Намрын чуулган хуралдаж эхэлсэн цагаасаа эхлэн чуулганы танхимд гишүүдээ цуглуулах томоохон ажлыг З.Энхболд дарга хийдэг болсон. Нэг ч хүнгүй шахам танхимд орж ирэн ганцаараа суучихаад л теле сүлжээ, твиттерээр УИХ дахь АН, МАН, “Шударга ёс” эвслийн гишүүдээ хуралдаанд орж ирэхийг гуйна.
Шууд цацагдаж байгаа Парламентын сувгаар УИХ-ын дарга З.Энхболд “Гишүүдээ өрөөндөө байгаа нь хуралдаа орж ирнэ үү” хэмээн аргадаж гуйх, учирлаж загнах шахуу үглэх нь байнга л давтагдаж, хэвийн үзэгдэл болчихсон. Тэднийг ажлаа тасалж, даргынхаа үгийг хүлээж авсангүй гээд хүлээлгэх хариуцлага байхгүй. Намрын чуулган хуралдаж эхэлснээс хойш гишүүдийн хэрүүл маргаан, зодоон цохионыг нь хангалттай үзсэнээс биш хийж хэрэгжүүлсэн ажлыг нь тун цөөхөн олж харлаа. Мөнгө хувааж авах, их хэмжээний мөнгө орж ирэх хуулийн төслийг бөөнөөрөө суугаад баталдаг эрхмүүд улс орны амьдрал, өрөөл бусдын эрх ашгийн төлөөх асуудал огтхон ч хамаагүй гэдгээ өнгөрсөн хугацаанд хангалттай харуулсан.
Бид чинь яасан үл бүтэх нөхдүүдийг өөрсдийн төлөөллөөрөө сонгочихсон юм бэ дээ. Нөгөө Богд “Би юу хийчихвээ” гэдэг шиг л юм болж байна. Хааяа нэг хуралдаа сууж, “махан” биеэ танхимд харуулдаг ч, ухаан санаа нь твиттер, гар утасны мессеж хавиар тэнэж, нэг нэгнийхээ хорыг малтаж, хов жив хөөцөлдөх зэрэг шалдир бульдир ажилд гаршиж байгааг нь хатуухан хэлчихмээр байна.
Төрийн болон хувийн хэвшлийн албан хаагч бид хоёр гурван цаг л шалтгаангүй ажлаа таслахад өдрийн цалингаа хураалгаж, дээр нь нэмээд цалингийнхаа хувиар торгуулах нь энүүхэнд. Харин “халдашгүй бүрэн эрх” гэх хачин бүрхээр өөрсдийгөө хамгаалсан гишүүд ажлаа шалтгаангүйгээр тасалж, өрөө дамжин шатар нүүж, конъяк шимж, хувийн ажлаа амжуулж, амарч зугаалж явахад хариуцлага тооцох газар, эрх мэдэлтэн алга байна. Дөрвөн жилд хамгийн идэвхтэй байсан, бас тасалсан гишүүдийн нэрсийг зарлах, өдөр болгон шалтгаангүйгээр ажлаа тасалсан, өвчтэй, чөлөөтэй гишүүдийн нэрсийг гаргахаас өөрөөр гишүүдэд хүлээлгэх хариуцлага, дагах ёстой үүргийн талаар УИХ-ын Тамгын газар нэг ч удаа ажил хийсэнгүй.
Шаварт унасан шарын эзэд болох АН-ын хэдэн гишүүд бэлгэдлийн чанартай парламентын танхимд ганц нэгээрээ харагддаг байсан бол сүүлдээ бусдыгаа даган баясаад УИХ-ын дарга, сонгогчдоо үл тоомсорлодог болж. МАН-ынхан “Олонхи ирцээ бүрдүүлчихвэл цөөнх болсон бид хуралдаа орно” хэмээн парламентын гишүүн байтугай тэнэг хүний амнаас гарамгүй хөгийн зүйл ярьж байна. 90 жилийн түүхтэй, зангарагтай гэх намынхаа нэр хүндийг шороотой хутгаж, өөрсдийгөө онигоонд оруулсан тэнэг мэдэгдэл хийчихээд маасайтал инээсээр их ажил амжуулчихсан аятай энд тэнд очиж хэвлэл, мэдээлэлд ярилцлага өгч, ам уралдуулан явж харагдлаа. Ер нь 1996-2000 он давтагдаж магадгүй. МАН цөөнх байхдаа АН-ын дөрвөн засгийг унагах ажил хийдэг байсан.
“Шударга ёс” эвслийн хэдэн нөхөд гэж хэдэн тийшээ харсан хүмүүс. Эвсэл ч гэж дээ. Намын даргынхаа далбаан дор албан тушаал авчихсандаа бантаж, түүний эрүүл мэндэд санаа тавьсан царайлж, намын байр, хорихын үүдээр эргэлдэж төр засгийн ажилд хуруугаа хөдөлгөхийг ч хүсэхгүй байгаа. Ер нь нэг нам, даргынхаа төлөө далдаганаж, амин хувийн ажлаар өдөр хоногийг өнгөрүүлэх бус улс орны ирээдүй, хөгжил дэвшлийн төлөө зүтгэх үндсэн үүрэгт ажлаа хийвэл яасан юм бол.
Тангараг өргөж бүрэн эрхээ баталгаажуулан, гишүүнийхээ тэмдгийг энгэртээ зүүчихээд намрын турш зүсээ ч харуулаагүй гишүүд цөөнгүй гэдгийг нэр дурьдсан ч болж байна. Төрийн ордонд байрлах өрөөндөө өдрийн од шиг ганц хоёр удаа харагддаг гишүүд МАН, АН аль алинд нь бий. Ер нь энд тэнд эрх хүүхэд ээждээ тунирхаж байгаа аятай тэнэг мэдэгдэл хийж суухаар, хуралдаа орж суучихаад ажлаа хийхгүй байгаа олонхийг зэмлэж суувал арай л жинтэй харагдах байлаа. Нарийн яривал УИХ бол намуудын сөргөлдөөний талбар биш иргэдийн төлөөлөл, хууль тогтоох дээд байгууллага. Гэтэл намын эрх ашиг, нөгөөд тал засах гэсэн хэдэн том толгойтнуудаас болж улсын ажил цалгардаж, ес эхэлж өвөлжилт хүндэрчихлээ.
Хүйтний эрч улам чангарч, хотын хэд нь утаандаа угаартаж, малчид нь малтайгаа туйлдаж байхад тэдний эрх ашгийг хамгаалах ариун үүрэг хүлээсэн эрхмүүд хувь, хувьсгалын ажлаа ялгаж чадахгүй шалтгаангүйгээр ажлаа тасалсаар… МАН-ынхан хаврын бэлтгэл, өвөлжилтийн нөхцөл байдлын талаархи Ерөнхий сайдын мэдэгдэлд суухгүй гэдгээ мэдэгдсэн. Юу гэсэн үг вэ. Магадгүй мөнгө орж ирэх, мөнгө авах, хэн нэгнийг томилох, албан тушаалд суулгах тухай байсан бол хамгийн түрүүнд кнопоо дарчихаад “гонгинож” суух байсан биз.
Ер нь УИХ-ын гишүүд албан ёсоор завсарлага авалгүйгээр чуулганы нэгдсэн хуралдаанд оролцохгүй байгаа нь ажлаа тасалж байгаа хэрэг учраас тэднийг бүрэн эрхийг нь түдгэлзүүлж, эргүүлэн татсан ч яадаг юм. Ирэх долоо хоног хүртэл хойшлуулсан чуулган дахиад хэдэн долоо хоног иймэрхүү байдлаар үргэлжлэх юм бол. Бид ийм л төртэй байна даа. Нэг нь тунирхаж, нөгөө нь хатуурхсан, бусад нь алийгаа мэдэхгүй яваа хэдэн хүн Монголын төрд байна. Бид юу хийчихэв ээ…
Б.Өнөртогтох
Эх сурвалж: “МОНГОЛЫН МЭДЭЭ” сонин
Өнгөрсөн баасан гарагийн чуулганы ирцээр бол 74 гишүүнээс 63 нь ажилдаа ирж, 85 хувийн ирцтэй хуралдах байлаа. Харин бодит байдал дээр бол:
Гишүүдийн нэр | Хаашаа явсан | Ирэх хугацаа | ||
Л.Энх-Амгалан /Гадаадад УИХ-аас томилолт олгосон/ | БНСУ |
|
||
М.Батчимэг /чөлөөтэй / | АНУ | XII/28-I/11 | ||
Ñ.Баярцогт /чөлөөтэй / | БНСУ |
|
||
Д.Эрдэнэбат /чөлөөтэй / |
|
|||
Сү.Батболд /өвчтэй / | I/06 | |||
З.Баянсэлэнгэ /өвчтэй/ |
|
|||
Л.Эрдэнэчимэг /өвчтэй / |
|
|||
Г.Уянга /өвчтэй / |
|
|||
Ч.Хүрэлбаатар /тасалсан / | БНХАУ |
|
||
Ж.Батзандан /тасалсан/ | БНСУ |
|
||
Д.Бат-Эрдэнэ /тасалсан / | Өмнөговь |
|
||
Б.Болор /ирэх бололцоогүй/ | Юу гэсэн үг юм бол | |||
Су.Батболд /тасалсан/ | Өрөөндөө | |||
Ж.Батсуурь /тасалсан/ | Өрөөндөө | |||
Б.Бат-Эрдэнэ /тасалсан/ | Өрөөндөө | |||
Ё.Отгонбаяр /тасалсан/ | Өрөөндөө | |||
С.Бямбацогт /тасалсан/ | Өрөөндөө | |||
Ц.Дашдорж /тасалсан/ | Өрөөндөө | |||
Д.Дэмбэрэл/тасалсан/ | Өрөөндөө | |||
Д.Лүндээжанцан/тасалсан/ | Өрөөндөө | |||
Н.Номтойбаяр /тасалсан/ | Өрөөндөө | |||
Ц.Нямдорж /тасалсан/ | Өрөөндөө | |||
Д.Оюунхорол /тасалсан/ | Өрөөндөө | |||
Ж.Эрдэнэбат /тасалсан/ | Өрөөндөө | |||
Д.Сарангэрэл /тасалсан/ | Өрөөндөө | |||
Я.Содбаатар/тасалсан/ | Өрөөндөө | |||
О.Содбилэг/тасалсан/ | Өрөөндөө | |||
Ө.Энхтүвшин/тасалсан/ | Өрөөндөө | |||
А.Тлейхан/тасалсан/ | Өрөөндөө | |||
Д.Хаянхярваа/тасалсан/ | Өрөөндөө | |||
Ж.Энхбаяр/тасалсан/ | Өрөөндөө | |||
М.Энхболд/тасалсан/ | Өрөөндөө | |||
Н.Энхболд/тасалсан/ | Өрөөндөө | |||
Д.Батцогт/тасалсан/ | Өрөөндөө |
URL: