Ерөнхий сайд ОБЕГ-т үүрэг өгөв

Ямар ч цагт цэрэг, цагдаагийнхнаас илүү бэлэн байдалд ажиллах учиртай Онцгой байдлын ерөнхий газарт Ерөнхий сайд Н.Алтанхуяг өчигдөр ажиллаж, тоног төхөөрөмж болоод өөрчлөлт шинэчлэлийн бодлоготой нь танилцлаа. Тус албанд 1993 оны зуднаас хойш ашиглагдаагүй, хэрэв хөдөлгөхөөр болоход 100 км-т 150 литр шатахуун зарцуулах том оврын машин техник хүртэл байх ажээ. Зарим нэг техник нь гацаж, ажиллахгүй байсан нь энэ албаны бэлэн байдал хангалтгүйг харуулж байв.

Усны гүнд ажиллах аврагчдыг усны даралт буюу хүйтнээс хамгаалах усны гүнийн хувцас нь тус газарт ганцхан байдаг ажээ. Ийм хувцас 12 мянган ам.долларын үнэтэй байдаг талаар аврагчид Ерөнхий сайдад танилцууллаа. Тоног төхөөрөмж, машин техник, аврагчдын хувцас хэрэгсэл болон тус газрын даргын ажлын танилцуулгыг сонссоны дараагаар Ерөнхий сайд Н.Алтанхуяг дараах үүрэг даалгаврыг өглөө.

Онцгой тохиолдол гарахад шаардлага хангаж чадахгүй төхөөрөмж, машин техник олон байна. Онцгой албанынхан хурд, ашиглалтын зардал багатай, орчин үеийн дэвшилтэд техник хэрэгсэл ашиглах учиртай. Агуулах саванд он удаан жил хадгалагдсан ийм техниктэй хол явахгүй гэж хэллээ.

Машин техникээс гадна усанд сайн сэлж, шумбадаг аврагч,  тэднийг хамгаалах сайн чанарын хувцас хэрэгсэл нэн тэргүүнд  шаардлагатайг Засгийн газрын тэргүүн онцлоод гүний хувцас нэмж авахыг зөвлөлөө. Мөн аврагчдыг иж бүрэн хувцсаар хангах тооцоо судалгааг ойрын хугацаанд гаргаж танилцуулахыг үүрэг болгосон юм.

Онцгой байдлын ерөнхий газрын өөрчлөлт шинэчлэлийн бодлоготой танилцсаны дараагаар тус газарт хэчнээн хэлтэс, алба шинээр байгуулагдах эсэх нь иргэдэд хамаагүй. Байгууллагын өөрчлөлт иргэнээс эхлэх учиртай. Гэнэтийн осол гарахад онцгой албаныхан хэдий хугацаанд иргэдийг аварч чадах вэ гэдэг шинэчлэлийн бодлогын цөм байх учиртай. Тиймээс бодлогоо дахин гаргаж танилцуулахыг ОБЕГ-ын даргад үүрэг болгоод тайван цагт бэлэн байдлыг дээд зэргээр хангаж, улам сайжруулахыг Ерөнхий сайд Н.Алтанхуяг нийт бие бүрэлдэхүүнд даалгалаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.


URL:

Сэтгэгдэл бичих