ОУХМ Д.Болдбаатар, Н.Лхамаа нар эхний гараандаа амжилттай уралдлаа
Авто спортын олон өдрийн хамгийн нэр хүндтэй уралдаан “Дакар ралли”-гийн анхны гараа бямба гаригт болж өнгөрлөө.
Перу улсын нийслэл Лима хотоос гараагаа хийсэн энэ жилийн “Дакар”-т анх удаа монгол тамирчин оролцож буй гэдгээрээ онцлог. Авто сонирхогчдын анхаарлын төвд байдаг, авто спортын олимп гэгдэх тус уралдаанд ОУХМ Д.Болдбаатар 175 дугаартай, Н.Лхамаа 174 дугаартай мотоциклийн ангилалд оролцож байгаа билээ.
Аргентин, Перу, Чили улсын нутгаар зохион байгуулагддаг “Дакар-2013″-ын эхний гараа 13 км зайд уралдсан бөгөөд нийт 183 мотоциклчид барианд орсноос тэргүүн байранд Чилийн Лопес Франциско долоон минут 51 секундын амжилтаар тэргүүлжээ.
Эх орноо төлөөлөн оролцож буй манай тамирчин Д.Болдбаатар есөн минут 16 секундын амжилтаар 53 дугаарт, Н.Лхамаа есөн минут 52 секундээр 79-д хурдалсан байна. Харин автомашины төрөлд дэлхийн раллигийн хошой аварга Карло Сайнз түрүүлжээ. Тэрбээр нийт 13 км замыг долоон минут 40 секундэд туулсан байна.
“Дакар ралли”-гийн оролцогчид суудлын тэрэг, ачааны машин, мотоцикл, дөрвөн дугуйт гэсэн дөрвөн ангилалд, Перу, Аргентин, Чилийн нутгаар нийт 8000 гаруй км замыг туулж, өрсөлдөх юм. Тэмцээний аваргууд энэ сарын 20-нд тодорно.
О.Жаргал
URL: