С.Оюун: Нөхөн сэргээлт хийгээгүй компаниудад ямар ч “найраа” байхгүй

Байгаль орчин, ногоон хөгжлийн яамнаас энэ оныг “Байгаль орчны боловсролыг дэмжих жил” болгон зарлалаа.

Энэ хүрээнд чухам нөхөн сэргээлт хийгдээгүй үлдсэн талбай, байгаль орчинд учирсан хор хөнөөлийг арилгах талаар Байгаль орчин, ногоон хөгжлийн яам хэрхэн ажиллах гэж байгаа талаар нь салбарын сайд, УИХ, Засгийн газрын гишүүн С.Оюунаас тодрууллаа.

-Уул уурхайн жижиг компаниуд болон, нинжа нарын олборлолт явуулж байгаад нөхөн сэргээлтгүй орхисон олон мянган га талбай бий. Эдгээр талбайн байршил, цэг зэргийг тогтоосон уу. Бас энэ онд хэчнээн га-д нь төрөөс мөнгө гаргаж нөхөн сэргээх вэ?

-Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн дагуу энэ онд нөхөн сэргээгдээгүй талбайг эрүүлжүүлэх талаар заалт бий. Энэ хүрээнд эзэнгүй тэдгээр талбайнуудын зураг, байршил, хэмжээг нь тогтоох ажил одоогоор үргэлжилж байна. Харин компаниуд нь нөхөн сэргээлт хийхгүй явсан бол ямар нэгэн “найраа” байхгүй шууд, тусгай зөвшөөрлийг нь цуцлана. Манайхан дэндүү буруу бодлоготой явж ирсэн. Юу гэхээр байгалиасаа хөрөнгө босгочихоод нөхөн сэргээх, цэвэрлэх бодлогыг байнга ардаа хаядаг. Тэгэхээр залуу үеийг л маш өөр сэтгэлгээтэй болгох хэрэгтэй. Тийм ч үүднээс манай яамнаас 2013 оныг “Байгаль орчны боловсролыг дэмжих жил” болгон зарлаж байна. Өөрөөр хэлбэл бид байгаль орчинд ээлтэй ажил хийх аж ахуй нэгж, иргэн мөн сэтгүүлчид та бүхэнд эд материал болон бага ч гэсэн санхүүгийн дэмжлэг үзүүлэхийг зорих болно.

-Тэгэхээр яг хэдэн аймгийн хэчнээн га талбай, цэг сүйдсэн талаар албан ёсны тоо тодорхой биш байдаг. Таны хувьд тодорхой тоо хэлэх боломж байна уу?

-15 аймгийн 4000 мянга орчим га талбай, 350 орчим цэг дээр нөхөн сэргээлт хийгээгүй байгаа. Гэхдээ компани нь одоо үйл ажиллагаа явуулж буйг нь олборлолт явуулсан газраа эрүүлжүүлэх ажил явагдаж байгаа. Мөн нинжа, цэргийн зориулалтаар ашиглаж байгаад эвдэрсэн талбайг эрүүлжүүлэхээр Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгасан. Үүнд хэрэгтэй мөнгийг бүх судалгаагаа хийж дууссаны дараа ирэх жилийн төсөвт суулгаж өгнө.

-Түүнчлэн Өвөрхангай аймгийн Уянга суманд олигтой нөхөн сэргээлт хийгээгүй өдийг хүрлээ. Өнгөрсөн намар ажлын хэсэг гарч ажиллах сураг дуулдсан энэ юу болсон бэ?
-Ажлын хэсэг гарч ажилласан. УИХ-ын Байгаль орчны байнгын хороо, МХЕГ-аас баг ажилласан. Энэ хүрээнд зарим талбайд актууд тогтоож, эрүүгийн хэрэг үүсгэсэн. Ер нь цаашдаа байгаль орчны хяналтыг манай яам өөр дээрээ авах чиглэлтэй байгаа. Учир нь бодлого, хяналт хоёр нь тус тусдаа явдаг. Тодруулбал, төрийн нэг байгууллага нь нэг рүүгээ ямар нэгэн бичиг шиддэг. Гэтэл очсон газраа уддаг зэрэг хүндрэлүүд гарсаар ирсэн. Тиймээс цаашид мэргэжлийн хяналтаас байгаль орчны хяналтаа бид яаман дээрээ татах нь зүйтэй гэж бодож байна.

Л.Баатархүү /www.ipost.mn/


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих