Ч.Хүрэлбаатар: Дөрөвдүгээр сарын 1-нээс хойш төрсөн иргэд давуу эрхийн хувьцаа эзэмшинэ

Засгийн газрын өнгөрсөн сарын 31-ний өдрийн хуралдааны шийдвэрээр “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг ард иргэдэд эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн. Хувьцааг энэ оны дөрөвдүгээр сарын 1-нээс өмнө төрсөн Монгол Улсын иргэн бүрт олгохоор болсон юм. Тиймээс яагаад зөвхөн гуравдугаар сарын 31-ний өдрөөр заагласан талаар Засгийн газрын ХЭГ-ын дарга Ч.Хүрэлбаатараас цөөн асуултад хариулт авсан юм.

-”Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг энэ оны гуравдугаар сарын 31-нээс өмнө төрсөн хүн бүрт олгохоор шийдвэрлэсэн. Тогтоол гарсан өдрөөс хойш төрсөн хүн яах вэ?

-УИХ-ын тогтоол гарсан байгаа. Тогтоолын дагуу ” Эрдэнэс Тавантолгой ” компаний хувьцааг ард иргэддээ энгийн хувьцааны хэлбэрээр тараахаар шийдсэн. Энгийн хувьцааг олгох ажлыг зохион байгуулах ажилдаа ороод явж байна. Тэгэхээр үүнийхээ дагуу Засгийн газрын гуравдугаар сарын 31-ний өдрийн хуралдаанаар баталсан. Хоёрдугаарт Монгол Улсын бүх иргэнд Монгол Улсын стратегийн ач холбогдол бүхий орд газраас хувьцаа эзэмшдэг “Эрдэнэс МГЛ”-ын давуу эрхийн хувьцааг олгоно. Тухайн иргэн төрснөөсөө эхлээд үхэх хүртлээ тус хувьцаагаа эзэмшээд явах ёстой. Хувьцааг иргэдэд олгох ажлуудыг энэ оны нэгдүгээр улиралд багтааж хийе гэсэн шийдэлд хүрсэн.

-Тэгэхээр энэ оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс хойш төрсөн хүн “Эрдэнэс Тавантолгойн” энгийн хувьцааг эзэмших боломжгүй гэсэн үг үү?
-Монгол Улсын иргэн бүр давуу эрхийн, энгийн гэсэн хоёр хувьцааг эзэмшихээр болж байгаа юм. Давуу эрхийн хувьцаа бол бүх иргэдэд нээлттэй. Шинээр төрсөн иргэд ч мөн адил эзэмших эрхтэй. Энгийн хувьцааны тухайд бол тийм ойлголт байхгүй.

-Энгийн хувьцаа эзэмшиж байгаа иргэн давуу эрхийн хувьцааг давхар эзэмшихдээ худалдаж авахгүй биз дээ?

-Ямар нэгэн үнэ төлбөр төлөхгүйгээр эзэмшинэ.

-Энгийн хувьцааг дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөр эсвэл хувьцааг олгож эхлэх өдөр болтол хугацааг нь сунгаж болоогүй юм уу. Яг ямар учраас заавал гуравдугаар сарын 31-нээр шийдэх болсон учир юу вэ?
-Ямартай ч тийм шийдвэр гараагүй. Харин дөрөвдүгээр сарын 1-нээс хойш төрсөн бүх иргэд давуу эрхийн хувьцаандаа л хамрагдана.

Б.Даваа

Монголын мэдээ


URL:

Сэтгэгдэл бичих