Халхын Түшээт ханы тамгад холбогдох нэгэн баримт
1911 онд монголчууд тусгаар тогтнолоо олж, тулгар төр байгуулсны дараагаар урд Халхын 4 аймгийн засаг ноёдуудад Манжийн эзэн хаанаас олгосон тамгыг Богд эзэн хааны зарлигаар хураан авч, шинээр тамга цутган үйлтгүүлж, эгүүлэн олгож байсан тухай архивын баримтуудад дурддаг.
Эдүгээ Үндэсний Төв Архивын сан хөмрөгт хадгалагдаж буй Түшээт ханы тамга болбоос Анхдугаар Богд Жибзундамба хутагт буюу Өндөр гэгээн Занабазарын цоолж шүншиглэсэн тамга ба уг тамгыг Халхын Түшээт хан нар үе улируулан шүтэж, төрийн хэргийг шийтгэхдээ хэрэглэж ирсэн Монголын засаг ноёдуудын тамгуудаас хамгийн эртнийх нь гэж үзэж болох юм. Дотоод Хэргийг Бүгд Захиран Шийтгэгч Яамнаас засаг ноёдын тамгыг хурааж авах мөчид Түшээт хан Доржсүрэнхоролжавын хошууны тамгыг хамаарагчдаас энэхүү тамгыг хураалгахгүй хэмээн Түшээт хан аймгийн чуулган даргаар дамжуулан Дотоод Хэргийг Бүгд Захиран Шийтгэгч Яамнаа мэдүүлсэн байдаг. Энэ тухай хэрхэхийг Дотоод яамнаас Богд эзэн хаанд айлтгасанд Богд бээр “Тамгыг хүргэж ирхүлэ шүншигийг эгүүлж өгнө” хэмээн зарлиг буулгажээ.
Чухам энэхүү Өндөр гэгээний шүншиглэсэн тамгыг Халхын Очир бат Түшээт хан Доржсүрэнхоролжав бээр Нийслэл хүрээ явуулсан, эсэхийг, мөн хэзээ хэрхэн, ямар замаар үрэгдэлгүй Үндэсний Төв Архивын сан хөмрөгт ирснийг тодруулах хэрэгтэй юм
Халхын Очир бат Түшээт ханы тамгыг Дотоод яамнаас хураах, эсэх талаар Богд эзэн хаанд айлтгасан айлтгал ба уг айлтгалд буулгасан Богд эзэн хааны зарлиг бүхий нэгэн баримт ба түүний хөрвүүлэгийг хавсаргав.
“Шавь боол Цэрэнчимэд, Гомбосүрэн,Цэдэнсоном сөгдөж хичээнгүйлэн
Айлтгах нь, Түшээт хан Доржсүрэнхоролжавын хошууны хуучин тамгыг хураах эсэхийг Зарлигийг гуйж хичээнгүйлэн нугалбар бичиж айлтгаад Богд эзэн гэгээнээр толилж заан сургахыг гуйх учир, Түшээт хан аймгийн чуулганы дарга, жанжин нарын газраас өргөн мэдүүлсэн бичигт мэдүүлэх учир, энэ жил хавар цаг Дотоод яамны газраас олон засгуудын хуучин тамгыг хураалгаж шинэ тамгыг хүлээн авч нээн хэрэглүүлэх зэрэг учир тушаасныг дагаж манай чуулганы дарга жанжин нарын газраас уг зааж тушаасан ёсоор гүйцэтгэн шийтгүүлэх явдлыг аймгийн хошуудад тушаагаад дагаж шийтгүүлэн буй бөлгөө.
Эдүгээ Халхын Очир бат Түшээт сайн хантны тамгыг хамаарсан туслагч тайж Дашдэндэв, туслагч түшмэдээс өргөн мэдүүлсэн бичигт тушаасныг дагаж туслагч түшмэд өчүүхэн хянаваас урьд Энх амгалангийн тавин есдүгээр онд Чин улсын хаанаа Өндөр Богдын айлтгасан нь, миний ач дүү Түшээт хан Ванжилдоржийн хан цолыг үе улиран батлахыг гуймой хэмээсэнд Зарлиг зөв бат болгоё, батын тэмдэг хааны тамга хайрлая хэмээгээд Энх амгалангийн зургадугаар онд олгосон тамганы үсгийн завсархи чөлөөнд бага дөрвөлжин цоолж Өндөр гэгээнтэн шүншиг хийж адислаад шүтээн болгон тахиулж, үүрд дагаж явуулахаар өршөөлт Лүндэн буулгасан нь уг тамганы үсгийн завсархи чөлөөнд цоолж тагласан үнэнд баримтлах тэмдэг бүхийг туслагч түшмэд хэмээсэн өчүүхнүүд үзэж мэдсээр Дээд лүндэнг дарагдуулж хуучин тамгыг дувдугай хураалгахад үл болох зүйл байх ахубай хэмээн эргэлзэх үүнд шинэ тамгыг даруй нээн хэрэглэж хуучин тамгыг Өндөр Богд гэгээнтний шүншиглэж үе улиран тахиулахаар Лүндэн буулгасан ёсоор Түшээт сайн хан Доржсүрэнхоролжавт сул тахиулах эсэх алин болохыг зохих газраа мэдүүлэн тогтоолгохыг эрж өргөн мэдүүлэн иржээ. Иймийн тул үүнийг учрыг гаргаж Дотоод Хэргийг Бүгд Захиран Шийтгэгч Яамнаа өргөн мэдүүлээд, олдвоос толилон тогтоож заан тушаахыг эрж мэдүүлжээ. Шавь боол Цэрэнчимэд нар мэхийж хянаваас Түшээт хан Доржсүрэнхоролжавын хошууны хуучин тамгыг урьд Өндөр Богд чингэж шүншиглэж үе улиран тахиулахаар лүндэн буулгасан хэмээсэн нь бус олон засаг хошуудын хуучин тамгагтай хараахан адил болгон шуул хураахад татгалзах зүйл байх тул, хэвээр тахиулах эсэх явдлыг Зарлигийг гуйн айлтгаж дагаж явуулбаас зохимой. Иймийн тул хичээнгүйлэн нугалбар бичиж айлтгаад гуйх нь Богд эзэн гэгээнээр толилж сурган заах ажааму. Үүний тул хичээнгүйлэн айлтгав Зарлигийг гуймой.
Олнаа өргөгдсөний хоёрдугаар он зуны сүүл сарын арван есөн
Тамгыг хүргэж ирхүлэ шүншигийг эгүүлж өгнө /Мутрын тэмдэгний дардас/ “
ҮТА-ын ЭША Г.Намнансүрэн
fact.mn
URL: