ЖЕРАР ДЕПАРДЬЕ ОРОСЫН ИРГЭН БОЛЛОО
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Францын жүжигчин Жерар Депардьег Оросын иргэн болгох тухай зарлигт гарын үсэг зурсан тухай Кремлийн цахим хуудсанд мэдээлжээ.
Депардье Францтай хил залгаа оршдог Бельгийн Нешен хэмээх жижигхэн тосгонд байшин худалдан авсан нь өнгөрсөн сарын сүүлээр тодорхой болсон юм.
Францын Ерөнхийлөгчийн сонгуульд Николя Саркозиг ил тодоор дэмжсэн тэрбээр шинэ Ерөнхийлөгч Франсуа Олландыг жилд сая гаруй еврогийн орлоготой иргэдэд 75 хувийн татвар ногдуулсны дараа оршин суух газраа өөрчлөхөөр шийджээ. Хожим нь Депардье Францын паспортоо өгч Бельги улсаас иргэний харьяалал олгохыг хүсэхээр төлөвлөж байгаагаа мэдэгдсэн.
Харин дараа нь хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд түүнийг ОХУ-ын иргэн болж магадгүй гэж мэдээлэх болсон юм. Депардье Оросын иргэний паспорт авахыг хүсч байгаа бөгөөд тэрбээр хүссэнээ авах болно гэж Оросын Ерөнхийлөгч Путин дээрх мэдээлэл гарсны дараахан мэдэгджээ. Гэхдээ ОХУ-ын цагаачлалын албанаас мэдээлж буйгаар, жүжигчнээс иргэний харьяалал олгох эсвэл оршин суух тухай хүсэлт хүлээж аваагүй байна.
Д.Жаргал
URL: