Гардуулсан нь

Бүсгүйг хөтлөн буудлын өрөөнд орж байхадаа би зүрх минь унагаад хагалсан халуун савны мөнгөн ус шиг үсчиж байхыг мэдэрнэ. Индүүний ул шиг төөнөн гар халуун оргиулах бүсгүй нөхөртэй. Нөхөртэй ч гэж дээ Сеүл рүү хугацаагүй цэргийн “албанд” яваад хэдэн жил болсон гэсэн…
Гэхэдээ би гэм нь урдаа гэмшил нь хойноо гэдэг шиг зүрх сэтгэлдээ хайрлан мөрөөдөж явдаг бүсгүйгээсээ уучлал эрж байлаа. Тэр бүсгүй намайг хүлээгээд хаана ч юм усгал зөөлөн харцаараа гудамж ширтээд цонхныхоо цаана сууж байгаа ч юмуу… Эсвэл над шиг эхнэр нь Токиод ажилладаг залуугийн “борц” болсон бие сэтгэлийг тайтгаруулахын тулд үүлэн борооны ужид цэнгэлд бүсгүй биеэ “тамлуулж” ч байгаа юмуу, яг одоогоор яруу тодоор дүрслэн хэлэх үг алга.

Тийм байсан ч би чамд буруу өгөхгүй. Сүүдэргүй хорвоо сүүлгүй амьдрал гэж байдаггүйгээс хойш хайрт чамайгаа эрж олоод, эдлэж жаргаагүй миний л алдаа… Чи мэдэхгүй л дээ. Чамайг би бишгүй л хайсан. Хүүхэд байхаасаа гэх нь ч хаашаа юм бэ, дуу хоолой бүдүүсээд дурлалын тухай дуу аялдаг болсоноосоо хойш л хайсан. Эмэгтэй хүн бүрийн духыг аждаг байсан. Яагаад гэвэл тэнд надад бичсэн чиний захидал байх ёстой учраас энэ хорвоод уулзсан учирсан, замд зөрсөн, гудамжинд тааралдсан, хоолны ширээний ард, автобусны сандал хаана бол хаана чамайг эрж явлаа.
Гэтэл чамтай адил тийм бүсгүйг би олж хараагүй. Чамтай жаахан төстэй нэгтэй нь учир ургуулж үзсэн ч чиний надад өгөх ёстой захидал духан дээр байдаггүй учир тэгсхийгээд харьцаагаа тасалчихна. Чиний захианы үгнээс ядаж дөрөв тавыг нь надад уншуулдаг бүсгүй байсан бол яах вэ. Надаас харамлаж байгаа мэт бүгдээрээ л “бичиг үсгийн соёлгүй” юмнууд тааралдана.

Уул нь тэр захиа хуудас дүүрэн бичигтэй биш л дээ. Сайндаа л бүтэн өгүүлбэр байгаа. “Өдөр шөнөгүй залхтлаа хайсан гэгээн хайрын чинь гэрэлтэж үзээгүй цолмон хайр чинь би байна” гэсэн бичиг байх ёстой. Хэрэв тийм бичээсийг хэн нэгэн бүсгүйн толиогүй духан дээрээс олж унших юм бол би хүн шиг амьдрах гэж  хүчээр өөрийгөө өөрчлөх хэрэгтэй болох юм.

Үүнд би бэлэн байна. Үгээр хэлшгүй тэр их хайрын усан далайд шумбан орохдоо “живж” үхэхгүйн тулд би зөндөө олон удаа сургууль хийсэн. Тийм болохоор сэтгэлийн болоод биеийн хат, сэтгэл зүйн бэлтгэлээ хэдийн жин тан болгочихсон байгаа. Жаахан ч гэсэн сэтгэлийг минь тоншоод үзээрэй. Хөндий хоосон биш түүн дотор хүний амьдралын баяр баясгалан, аз жаргалд хүрэх, түүнийгээ хайрлаж хамгаалж, тэсч үлдэх итгэл найдвараар цэнэглэгдсэн буй.

Амьдралын утга учир гэж юу юм бэ? Аз жаргал гэж тоглоом мөн үү? гээд зөндөө зөндөө асуултыг цэгцлээд тавьчихсан хүлээж байна. Одоо ганцхан надаас өөр ч хэн ч уншиж эс чадах зүүдний бичээсийг духандаа тэрлэсэн миний хайрын бурхан л дутуу байна. Чи надаас олон жил зугатсан. Чамайг хайж би залуу насаа гунигийн тоосонд гундаалгаад явна. Чамайгаа эрсэн эцэс төгсгөлгүй эрлийн замд алжааж аяншсан намайг хайрын нууц үгээ хэлж, амьдралд хөтөлсөн духны бичээсээ үзүүлж, дөрөө мултлуулаач дээ. Үнэнийг хэлэхэд ядарлаа. Бусдын эхнэрийн царай харж ханалаа…
Сеүлд хараар ажиллагч залуугийн эхнэртэй амрагийн явдлаа бужигнуулчихаад гарч иртэл хажуу өрөөнд нэг залуу бүсгүй хоёр орж байхтай халз тулгарав. Гэтэл… бүсгүйгийнх нь духан дээр миний хайж явсан “бичээс” харагдлаа. Нүд харанхуйлаад явчихав… Чих шуугиад… Хөл гуйваад… Саа тусчихсан юм шиг юу болох нь энэ вэ?… Хамт явсан бүсгүй намайг халамжлан тулж, шатаар уруудлаа. Зөрж өнгөрөх хооронд гудамжны гэрэлт самбар шиг гэрэлтэн ассан тэр үгсийг би андуурсангүй. Зөвхөн надад гэрэлтэж харагдсан болохоос бурхан гуйсан ч түүнийг уншуулахгүй. Тэр бол надад зориулсан миний хайрын шидэт тарний үгс…

-Яасан бэ? Юу болсон бэ? гэж бүсгүй асууна…

Бид хоёр буудлын дор байрлах бааранд орлоо. Ганц нэг шар айраг уув. Хэдийгээр санаа зовж байсан боловч тэр бүсгүйг танимхайран хараад байсан “ну А”-гаасаа түүнийг таних уу гэж асуувал,
- Танина. Нөхөр нь бас Сеүлд удаж байгаа гэсэн. Сүүлийн хоёр гурван жил холбоо тасарсан гэдэг юм гэж “ну А”-гүй тайлбарлав…
Буудалд өрөө авч хамт амрагласан бүсгүйгийн минь гар гэнэтхэн мөс шиг хүйтэн болохыг гэнэт би мэдэрлээ. Хүний бүсгүй үрд гар чинь хүйтэн байна гэж хэлэлтэй биш. Худлаа нялагнаж, таксинд суулгаж өгөв. Тэгэхэдээ энэ бүсгүй сайн бүсгүй л дээ. Халамжтай, энхрийхэн, бас дээр нь халуун янаг. Ганцхан духан дээр нь миний хайж явдаг бичиг байдаггүй болохоос… Би түүнд гомдох юм байхгүй. Зүрхний “эзнээ” олсон надад энэ бүсгүйтэй дахиж уулзах “хугацаа” дууссан ч хацар дээр нь үнсээд явуулах нь хүний ёс.

Одоо би өөр бүсгүйг хүлээх ёстойгоо мэдэж байлаа. Тэр намайг анзаараагүй бол сайн л биз. Анхаарлыг нь татсан бол тэр л биз. Үнэнээ хэлнэ дээ. Чамайг хайгаад “төөрч будилж” явахадаа хайр нь гээд… Би түүнтэй “бүтэхгүй” байсан ч уулзах л ёстой. Духан дээрхи бичгийг олж харсанаас хойш хайр гэрэлтэх харц, ханьсан жаргах зүрх бүгд л надад ирнэ. Үнэхээр тэр бүсгүй нөхөртэй байсан ч, үнэхээр нөхөр нь Сеүлээс ирсэн ч тэр бол “миний бүсгүй” гэж би сэтгэл зүрхэндээ хэлж зогсов. “Оллоо. Оллоо” гэж оройгүй сэтгэл минь оволзоно…
2012 он

Ар гөрөөчний Эрка


URL: http://www.fact.mn/87962.html

Сэтгэгдэл бичих