Согтуу эрийн өчил \эмгэнэлт явдал\

Л. Эрдэнэмөнх (Женев)

…Өчигдөр би намын хурлаар донгодуулсан юм. Ажил дээр архи үнэртүүлсэн гэж… Тэгээд дараа нь намайг Ерөөгийн архины албадан эмчилгээнд явуул луу яалаа… Өнгөрсөнөө бодохоор ой санаанд юу ч орж ирэхээ байжээ. Зүүд зэрэглээ шиг юм эрээлжилнэ… Байз байз тэндээс ирээд ажилдаа орсон юм байна. Нэг сарын цалингаараа торгуулаад тэр уурандаа намайг матлаа гэж эвлэлийн үүрийн даргыг алгадсан хэргээр “ хаяг тогтоох”-од очсон шүү дээ. Гурван сарын албадан хөдөлмөрөөр шийтгэл авч, “гурван зуун нэг” гэдэг зүйлтэй, буутай цагдаад цагдуулан хотын гудамжинд хог цэвэрлэсэн. Тэгээд яалаа… тэгээд гарсан юм байна. Гараад хуулийн дагуу ажилдаа ортол засаг төр гэнэт солигдоод ардчилсан хувьсгал гээч нь ялсан. Ардчилсан хувьсгалын нэг ололт бол архичдыг нийгмийн нэг давхарга болгож, олны нүдэн дээр ил гаргаж ирсэн явдал юм. Далд асуудлыг ил болгож, давхарга болгон “мандуулсан”-аараа ардчилсан нийгэм монголын олон гэр бүлд ” ач тус”-аа үзүүлсэн билээ.

 

Өглөө бүр ажилдаа яаж явна гэж шартсан амьтан арайхийн өндийж, хөлөө олж ядан тэнтэр тунтар гишгисээр ажилдаа очдог байсан бол ардчилсан хувьсгалын буянаар “зовлонгийн далай”-гаас салж, ажилгүй болж “башийдаг” байгаа. Ёстой “бөөн бөөн баяр” болсон шүү. Архи уухад мөнгө хэрэгтэй. Ажилгүй хүн “сэтгэх”-ээс өөр яах билээ. Өвөөгийн алтан бурхныг эхлээд ломбардлаа. Дараа нь эмээгийн үсний цагаан сувдан даруулгыг хэн нэгэнд “бэлэглэсэн” дээ. Мянган төгрөгний юмыг зуугаар өгсөн хүнийг бэлэглэсэн л гэж хэлнэ биз дээ. Олон хүнд “бэлэг” өгсөөн. Хуримынхаа манийдан бөгжийг, эхнэрийнхээ шүрэн самыг, аавын цуглуулсан том том пянзнууд, бас манан хөөргийг нь…

Гэр орондоо байсан хамаг үнэтэй сайтай, өнгөтэй өөдтэйг өөрийн гараар алга хийсэн хүн би. Манай долоон үед над шиг ийм “архичин” байгаагүй юм гэдэг. Тэр долоон үеийн уугаагүй архийг би өөрийнхөө үед ганцаараа хэд нугалаад уусан гэвэл давстай нуур хүртэл надад гомдох вий. Намын дарга, эвлэлийн дарга нар жижиг зөрчил дээр намайг “гох дэгээ” болгосоор байгаад, угийн зөрүүд гөжүүд хүн яах вэ дээ амьдралын ангал руу дахиж эргэхгүйгээр өнхөрчээ. Хүн өгсөж явдаг байхад би уруудаж явсанаараа хүний нийгмийн зүй тогтлыг эвдсэн юм.

Социализмын үед би ууж эхэлсэн нь үнэн. Шалихгүй шүү дээ. Хааяа уулзахаараа найз нөхөлтэйгээ ганц нэг юм цохичихдог байсан. Амьдрал минь дөнгөж халуунаараа бургилж, аз жаргал бялхсан гэр бүлийн баяр хөөрөөр миний зүрх цохилдог сон. Айлын эрх ганц хүү болоод ч тэрүү амьтан хүнд тунихаараа зуу татах гээд байдаг новшийн зантай л даа. Тэрнээс бус архинд толгойгоо мэдүүлэн ажил амьдралаа алдсан нь үгүй. Тэр үед хууль дүрэм чанга байж. Архийг жигшүүлж, хамт олноороо архичидтай тэмцдэг байсан. Ялихгүй юмнаас ямааны гарз гэдэг шиг надтай дарга нар маань наанатай цаанатай харьцсан бол би ч бухын хүзүү гаргаж зөрүүдлэхгүй, тэд ч миний мууг үзэх гэхгүй байж болох байлаа. Захиргаадалтын үеийн “дарга цэргийн” буруу ойлголцол, тэгэх тусам чинь би тэгнэ дээ гэдэг зөрүүд зангаас минь болж, хүн болгоны явдаг замаар явах ёстой энхийн амьдралын минь  хувь заяа буруу дэвэнд бузартаж, сэтгэл минь хиртчихсэн буйзаа.

Нам, эвлэлд халгайтай хүн чинь сархадын халуунд ардчилсан холбооныхныг дагаж баахан самбагнасан. Авдар цагаан архиар “өлсгөлөн”-гийн бригадад хүртэл хүчин зүтгэж явлаа. Өдөр болгон “өлсгөлөн” зарлахгүй болохоор яах вэ дээ, байдагийнхаа баруун хаяанд мөлхөж очно. Ажилгүй төрөлгүй ангайгаад хэвтэж байтал “өвгөнт” гэдэг янзтай хөөрхөн зөөлөн булцагнасан савтай юм гарч ирээд “зад авсан” байна лээ. Гэр орныхоо зарж болох бүх эд хогшлыг хулгайлж зах дээр зараад “өвөө “-д тушаачихсан. Дараа нь тэгээд яасан хэрэг вэ? Хойноос “рояль” гэдэг спирт литр литрээрээ орж ирээд спиртэн далайд умбасан юм байна шүү дээ. Тэгээд ам хамаргүй цутгаж эхлээгүй юү… Хамгийн сүүлд би хэзээ гэрээсээ гарсан бэ?… Мянга есөн зуун ерэн хоёр онд байх аа. Байрныхаа ордерыг гэрээсээ хулгайлж хүнд зараад алга болж өгсөн… Ичих нүүр хүн чанараа гээж элийрч балайрсан даа…

Нэг “сэрсэн” ерээд оны сүүл болчихсон байсан. Халаасанд шүд чигчлэх шүдэнзний модны хугархай ч алга. Өмссөн зүүсэн хувцас хунар дамартахаараа нэг болжээ. Нүүр гараа угаагаагүй хэдэн жил болсон юм бэ бүү мэд. Салгалж яваад нэг машинд шүргүүллээ. Тэгэхэд л тэр гялалзсан хар машины шилэнд нүүрээ харж амжсан юм. Дугааргүй орос гурил шиг цагаан залуу нүүрсний шуудай шиг хар юм болсон харагдсан. Муу хүний заяа их гэж мөнгөтэй хүн таарч, хэдэн цаас хаяхаар нь амьд гарсаны баяраа тэмдэглэсэн санагддаг. Сайн дураар “осолдох” болгондоо “амьд” гарсаны баяр тэмдэглэнэ. Уул нь амьдралаа “хулгайлчихсан”, амьдралаа “сөнөөчихсөн”, амьдралаас “оргож зугатсан” надад амьд явахын “баяр” тэмдэглэх шалтгаан үгүй билээ. Даварсан архичин “амьд” байх, өмхий усаа уух шалтаг хайж байхгүй юү дээ… Аав ээж, амраг хань, алаг үрсээсээ “урвасан” надад хүний нүүр харж чадахгүй гөлөлзөж, хорвоогийн сүүдэр бараадсан нохойн амьдрал нь илүү таалагдсан байвал яах вэ. Амьдрал намайг үзэн ядаагүй байхад би өөрөө “шид”-ийг олж, шидлийн замыг сонгосоноороо амьдралд “ад үзэгдсэн” новш. Амьдралаас зугатсан он жилүүд минь ёроолгүй хар нүх рүү л “нисээд” байжээ…

Над шиг гудамжны гул Аранжин битгий хэл эзэн нь ч хайрлаад гар хүрч чадахгүй шил толь болсон   машинд хүчтэй мөргүүлж,  тархины ногоон усаа нэг сайн сэгсрүүлж аваад дахиад “ухаанаа” уучихсан. Хэдэн жилийг яаж өнгөрөөсөнөө мэддэггүй юм. Уугаад, тасраад, унаад, мөлхөөд л яваад байж л дээ. Хэзээ нар мандаж, хэдийд сар шингэдэгийг ч анзаарахгүй явлаа. Би гэдэг “ухаан”-аа алдсан амьтан хүний арьс нөмөрсөн “зомби” болчихжээ. Сүүжээ амраах траншейны булан олдвол шөнөдөө л нэг хэдэн цаг амрах бөлгөө. Бусад үед нь бол яаж уух вэ, дахиад яаж зуу нэмж татах вэ гэж тархиа гашилган явсаар өдрийг дуусгана. Ухаан санаа орж гарах нь их болов. Согтуу солиорч яваад нэг юм мөргөчихнө. Тэгээд дүйнгэтэж явсаар дахиад нэг юм хүчтэй мөргөхөд ухаан орж ирэх шиг болно. Тэгсэн худлаа байхгүй юү. Үгүй бол согтуучуудын маань нэг архиа булаацалдаад тоосгоор юм уу трубагаар тархин дундуур татна. Эрүүлжихийн цагдаа нар ч хүний тооноос хасагдсан намайг хүн хазсан гудамжны золбин нохойг хашраах мэт “яргална”. Захын хүүхэд ч намайг гөлөг шиг “жов” гэж хөөнө.

Тархиндаа гэмтэл авсан уу мэдэх юм ч алга. Осолтгүй хоёр хөл дээрээ салгалаад яваагаа муухан мэдэрдэг. Ёр нь нэг тийм мөнхийн мансуурлын байдалд яваад сурчихаж. Заримдаа замын гарцаар явна уу машин замаар машинтай холилдоод алхаж яваагаа ч үл мэддэг. Дан гээд л духаараа нэг хатуу юм мөргөнө. Тэгэхэд ухаан орж ирээд гардаг юм шиг санагдана. Нэг харахад тэнгэр цэнхэр ч юм шиг нэг бол цагаан ч юм шиг. Харанхуй болохоор нүд анилдаад өөрийн эрхгүй нойр хүрнэ. Хүний арьс нөмөрсөн юм болохоор өдөржин гудамжинд лонхны амсар долоогоод ядардаг ажээ. Нойр хүрнэ гэдэг шөнө болсоны шинж. Нүдэн дээр гэрэл тусах нь өдөр. Зуны цагт голын эргийн бургас төгөлд “эр хүний жаргал эзгүй хээр ээ” гэдэг зантай авна шүү дээ. Бие засахад ч амар. Өмдөндөө “авчихдагууд” бол бүр амар. Өглөө нь босоод өмдөө голын усанд нэг дүрээд сэгсрээд хатаачихна.

Намар сэрүүсэхээр өндөр байшингийн нөмөр бараадаад цонхны тагтан доогуур шургаж унтана. Хүйтрэхээр траншейгээ бараадана. Тэнэж яваад зарим шөнө аль олдсон дулаан худагт хононо. Нэг удаа тасраад бохир усны худагт унаж хариугүй явчих шахаагүй. Хүйтэн усанд пүлхийгээд унахаар сэрж байгаа юм чинь. Ам хамраар нойтон зөөлөн юм ороход сая сэхээ авч нохой самардан, амьд гарч билээ. Бас нэг удаа үл мэдэх траншейнд тасарч ороод унтсан чинь өглөө сэрэхэд үхсэн хүн тэврээд унтсанаа мэдсэн. Ийм л зүүд шиг амьдрал дунд амьдарна. Хөлөөс минь нэг үл мэдэгдэх далдын хүч шүүрч аваад сэгсрэх мэт хааяа надад санагддаг. Тийн сэгсрэхэд нь тархины минь ус савагдаад орон гаран өвчин нь нааш цааш болдог юм шиг байгаа. Их бага тархины “ус”-ны төвшин байнга хэлбэлзэхийн тоолон миний “өвчин” хөдөлж элийрч балайрна.

Хүний биеийн ерэн хувьд ус байдаг бол минийх далан хувь нь метилийн спирт байгаа. Чанарын шаардлага хангаагүй “сэтгээний найрка” уусанаас болж хордлогонд орох явдал олон тохиолддог. Зах зээлийн эдийн засаг бол хэнийг ч хайрладаггүй хатуу харгис хуультай. Уксус савалчихаад “архи” гэж зарсан явдал хэд ч гарсан. Харин бурхны өршөөлд багтсан миний бие бусдыг бодоход янз бүрийн хортой найрка ууж, цааш харах гэсэн нь цөөн. Долоон үедээ ганц “догшин хутагт” болохоор тэнгэрийн таалалд багтаж явсан хэрэг. Нарийн яривал миний хойноос залбирч суудаг гэр орныхны минь буян заяа байсан ч биз дээ. Анхандаа гэрээсээ хоногоор “явдаг” байсан бол аажмаар алхам алхмаар гэрээсээ “төөрч” гадуур хонодог болсон. Долоо хононо. Хоёр долоо хоногоор хар усаа гударна. Сүүлдээ ухаан мэдрэлгүй болчихоод хэд хоног гадуур “гулиа” дарж байгаагаа мэдэхээ больсон.

Байрныхаа ордерыг авч зугатаах санаатай гэртээ салгалж ирэхэд гэргий минь яаж гуйж гувшсаныг муухан санаж байна. “… минь чи даанч дээ. Хичнээн сайхан сэтгэлтэй, хүнд тусархаг хүн байлаа. Үр хүүхэд гэр орондоо гэрэл гэгээ болсон түшигтэй сайн эр хүн байсан. Тэгэхэд одоо… Зүс царайгаа хар. Хүн танихын аргагүй болж. Нүүрээрээ дүүрэн сорви шарх. Аав ээж чинь чамд гар хүрч үзээгүй гэдэг. Айлын ганц хүү гээд чамайг толгой дээрээ гаргачихсан. Өвөө эмээ чинь ч чамд нэг удаа ширүүн үг хэлээгүй. Хань минь чамайгаа би нэг удаа ч харааж загнаж яваагүй дээ. Гадуур тэнэж үхсэн амьд нь мэдэгдэхгүй алга болж, амьтны сэтгэлийг зовоож явахаар гэртээ уугаад хэвтэж бай л даа” гэж гуйсан юм. Хөөрхий минь намайг нэрээр минь дуудсан байх л даа. Би харин нэрээ мартчихсан болохоор нэрээ санахгүй байна.

Гудамжны гарууд намайг “Талийгаач” гэж дууддаг юм. Нэг удаа би тасраад уначихаж л дээ. Өглөө нь сэрдэггүй. Манай траншейны хэд амь нэгтэй болохоор судсыг минь барьж, зүрхийг минь чагнаа л даа… Зүрх нь таг, судас нь лугшихгүй намайг өнгөрчээ гэж боджээ. Тэгээд ажил явдлыг минь зохицуулахаар болж, бүх хүн тэр өдөр архи уухгүйгээр цуглуулсан шил, лааз, төмөр, ширэмнийхээ мөнгөөр надад зориулан арц хүж, улаан, хар даавуу, бие бүтээх торго, толгой ороох хадаг зэргийг авч. Газар ухаад булах тул надад авсны ч хэрэг байсангүй. Зуун литрийн хоёр том хогийн хар гялгар уут байхад боллоо.

Манайханд төрөл бүрийн мэргэжлийн хүмүүс байдаг болохоор цагтаа нэртэй зураач явсан “Урлагын гавъяат” миний хөргийг харандаагаар яг зурчихсан байлаа. Миний нэг онцлог нь муу нэртэй луу данстай ч “өвгөнтийнхний” сайнтай нь таараад байдаг байлаа. Хэрэв нөгөө “шилийн сайн эрчүүд”-тэй таарсан бол нэг өдөр хоолойгоо багалзуурдуулсан байгаа шүү дээ… Газар авч оршуулахаар очтол заавал нас барсаныг тогтоох эмнэлгийн бичиг, цагдаагийн тодорхойлолт шаардлагатай болжээ. Намайг ямар тэд цааш нь харуулчихсан биш цагдаа дуудаж, эмч ч ирэв. Эмч траншейны аман дээр шуудай дэвсэн хэвтүүлсэн намайг сэжиглэнгүй харсанаа судсыг минь барьж үзээд “ Энэ хүн амьд байна. Та нар амьдаар нь оршуулахыг хүсээ юү?” гэж загнажээ. Манай “бригад”-ад нэг бага эмч байсан юм. Түүнд намайг даатгаад орхижээ. Яасан бэ гэвэл би түр зуур клиник үхэлд орсон ажээ.

Нойр хоолгүй архидсаар байгаад ядаргааны туйлд хүрсэн гэнэ. Спиртний доз нь ихдээд бараг хагас үхэлд хүрсэн юм бишүү. Биенд минь спиртний найрлага үгүй нэг цаг нэг минут ч байгаагүй юм. Юм хэтрэхээрээ ийм л гайтай байгаа юм даа… Долоо хоног балга архи амсахгүй шар юмаар бөөлжиж хэвтсэний эцэст би хөл дээрээ бослоо… Чингэж би “Талийгаач” нэртэй болов. Түүнээс хойш хүн бүхэн ингэж дуудсаар жинхэнэ нэрээ мартсан билээ. Монгол улсын харъяат гэдгээ бүүр түүр мэдээд байгаа юм. Улсынхаа нийслэл Улаанбаатар хотынхоо нэг траншейны архичин гэдгээ бага сага төсөөлнө. Ухаанаа “уучихсан” надад эцэг эхээс өгсөн нэр хэрэгтэй гэжүү?… Сайхан аав ээжийнхээ нэрийг хөөдсөн би энэ чигээрээ эрлэгт очиход гомдохгүй. Эхнэр хүүхдэдээ ч гай болохгүй гэж бодоод тэднээсээ зугатсаар байгаад оготно шиг харанхуй нүх бараадах дуртай болжээ.

Эхнэр минь миний хойноос бишгүй л хөөцөлдсөн. Хүнсний захын хогийн савнуудын дэргэд хэдэн муу архичидтайгаа “найрлаж” суутал намайг олоод ирсэн юм. “… минь ээ, аав чинь өнгөрчихлөө. Очиж ажил явдалд нь оролцохгүй бол ээж чинь унаад хагас ухаантай бие нь муу байна” гэлээ. Үүнийг сонсоод би том дуугаар цурхиран уйлсан хирнээ түүнийг дагаж явсангүй. Ийм муухай зүс царайтай, өмхий хамхай ханхлуулсан би гэрэлт ертөнцийн хүмүүстэй очиж уулзана гэж байж болох уу?… Би чинь газар дор амьдардаг харх. Миний ертөнц бол харанхуй. Харанхуйд би хорвоогийн сайхнаас, хорвоогийн гэрэл гэгээнээс нуугдаж амьдардаг өчүүхэн амьтан. Ямар нүүрээрээ би аавыгаа очиж эцсийн замд нь үдэх вэ? Би түүнийг сүүлчийн удаа үдэн гаргах зүрх зориг хүрсэнгүй. Оршуулганд ирэх олон хүмүүсээс ичсэн юм. Талийгаач ааваасаа, аавынхаа ах дүүгээс, төрсөн эхээсээ, эхнэр хүүхдүүдээсээ ичжээ. Яагаад гэвэл би тэднээс хэдийн нүүр буруулсан, элэг буруу харь “гаригийн” хүн болжээ. Аав минь эцсийн амьсгалаа хураатал миний төлөө сэтгэл өвдсөнийг, бие нь муу эмнэлэгт хэвтэж байхадаа намайг хүрээд ирнэ гэж өдөр болгон хүлээдэг байсаныг би мэдсэн ч мэдэхийг хүсээгүй.

Би өөрийгөө л боддог, өөрийнхөө хэнд ч хэрэггүй утсан чинээ улаан амины төлөө архи ууж, гудамжинд лааз өшиглөсөн хөсрийн шаар. Хүний нийгмээс өөрийгөө сайн дураар тусгаарлаж, үл бүтэх хүмүүстэй нийлэн, хонгил подваль, орц, хогийн бункер, газар доогуурхи шугам хоолойны нүхэнд амьдардаг адгийн амьтан шүү дээ. Ийшээ намайг яв гэж хэн ч хэлээгүй. Би өөрөө явсан. Энэ бүхнийг өөрөө сонгож, өөрөө энэ лалар амьдралд уусаж мөхсөн. Надад маргааш гэж байхгүй. Ирээдүй гэж бүр ч байхгүй. Миний энэ үхмэл сөнөмөл амьдралд үхлээс өөр гарц байхгүй… Эхнэрээ би хөөж явууллаа. Хорвоогийн гашуун үнэнийг ирж хэлсэн эхнэрээ үзэн ядаж “ Зайл. Эндээс яв. Дахиж битгий ир. Өөрсдөө учраа ол” гэж хүн байтугай жоом айгаад дүрвэмээр хүн бусын муухай дуугаар чарласан… Дараахан нь ээж минь өнгөрсөн гэдэг юм. Тийм сайхан хүмүүсийг амьдад нь баярлуулж, арчилж өргөөгүй би үхсэн хойно нь очиж, амьтанд муу хэлүүлэн, ясыг нь өндөлзүүлээд яах сан.

Нүд халтирам гудамжны тэнүүлч амьдралтайгаа би эвлэрлэчихсэн хүн. Шийдчихсэн хүн. Надад гашуун хар ундаанаас өөр итгэл үнэмшил, өнөөдөр маргаашийн зорилго байхгүй болсон. Харанхуй нүхнээсээ гарахыг ч хүсэхээ больсон, хүний хайр дааж чадахгүй үхээрийн бузар болсон хог. Үхсэн амьд нь мэдэгдэхгүй өдөр хоног өнгөрөөж яваа би хоёр мянган он аль хэдийн улиран одсоныг мэдэхгүй л явлаа. Тэр нэг өдөр машинд шүргүүлсэнээсээ хойш машинд “шүргүүлж” мөнгө олох аргыг сэдсэн би өдөржин явж цуглуулсан хэдэн лаазаа гартаа бүлтэй нэгэнд дээрэмдүүлээд үхэх ихдэж, уйлах багадаж явахдаа амьсгал давхцан нулимсаа бөмбөрүүлсээр гурван зуу дахь машиныхаа өмнүүр гүйв.

Энэ удаа аз таарсангүй. Согтуу галзуу нэгний барьсан хурдтай тэрэг намайг нөгөө ертөнц рүү авч явсан юм. Хорин жил гудамжинд амьдарсан би сүүлдээ амьтны сүг болсон тул ингэсэн нь ч дээр байжээ. Ходоод ажилгүй болсон. Хоол ундаа ч тогтоохоо байсан. Шартахаараа улаан цусаар бөөлжинө. Гар хөл компрессор шиг салгална. Манай эгнээнд шинээр орж ирсэн залуучуудын гарын аясыг даахаа больсон. Ширүүхэн гараа далайхад нь салхинд нь хийсдэг болсон билээ. Бидний энэ амьдрал боевик кино шиг адал явдалтай болохоор хүний гарын ая даахгүй болсон над мэт нь бол зайгаа тавьж өгөх нь зөв. Зуун милийн хурдтай явсан гоё ганган тэргэнд мөргүүлж, арван метр хол шидүүлсэн би тооцоогоо алдсан нь тархины сааталтай болсонтой минь холбоотой ч байж мэднэ. Манай траншейны “цэцэнгүүд” биднийг сэтгэцийн гаж өөрчлөлттэй, нийгмийн эмзэг давхрын хүмүүс гэж тодорхойлдог.

Ингээд нэг архины солиоролд гүн автсан цагаан солиотон машинд мөргүүлж амь тавилаа. Агаарт шидэгдэн циркийн акработчин шиг хэд эргэлдэх хооронд сүнс минь биенээс минь гараад замын хажуугийн модны мөчир дээр үсрээд суучихсан шүү. Ажиллахаа больсон усан толгойноос олон жижиг бөөрөнхий юм газраар нэг цацсан байлаа. Тархи нь цувжээ. Олгой нь хагарчээ. Бөгсөн биенээсээ доошоо бөөн хар цус. Балга архины төлөө өдөр бүрийн халз тулаанд ширхэг шүд үлдээгүй болохоор зам дээр нэг ч шүд харагдсангүй. Намайг үхэхийг мэдэж байсан уу тэр дороо түргэний машин дохиогоо чарлуулан ирлээ…

Морг гэдэг чинь зайлуул нөгөө төрлийг олсон хүний биеийг түр амрааж байгаад явуулдаг эрүүлжих шиг газар байхгүй юү. Намайг тэнд долоо хоноход олон хүн над дээр ирсэн. Тавь орчим насны нэг авгай сүртэй нь аргагүй цурхирч уйлахаар нь гайхаад хартал нэг л таньдаг царай. Юу билээ хэн билээ, хэдэн оны хэдэн сарын хэдэн билээ, хэдэн цаг хэдэн минут хичнээн доль вэ гээд хичээгээд бодсон чинь надтай хурим хийж байсан намхан шар хүүхэн зүсээрээ байлаа. Нэрий нь хэлэх гэтэл санаанд ер орж ирдэггүй. Цэцэг жимсны нэртэй гэдгийг санаж байна аа. Хэлэх гэхээр нэр нь яг хэн билээ, толгойд огт орж ирдэггүй. Цэцгээ… Цэцгээ нь ч Цэцгээ л дээ. Мөнгөнцэцэг билүү Шүрэнцэцэг билүү… Сүүдэрцэцэг ч билүү… Ёстой чөтгөр бүү мэд. Цэцгээ нь ямар ч гэсэн Цэцгээ л юм даг.

Тэр авгай биеэ барьж чадахгүй орилон чарлаж байхыг хараад сүнс маань золтой л айгаад зугтсангүй. Дэргэд нь гуч л лав хүрээгүй, тэгэхдээ дөхөж яваа бол уу гэмээр хоёр залуу, мөн ид хорин тав орчим насны өндөр гоолиг нуруутай, хэнзгэр охин зогсох нь тэр авгайн хүүхдүүд бололтой. Ээ тэнэг ээ, энэ авгай чинь миний эхнэр. Энэ залуучууд миний хүүхдүүд байх нь ээ. Хоёр залуугийн надтай адилханыг ээ… Өвччихсөн юм шиг… Монхордуу хамар, өргөн шанаа… хөмсөг нүд… Хүүе таминь ээ миний зүүн хацар дээр байдаг мэнгийг хүртэл хуулсан байх даа яана вэ?…

Намайг гэрээсээ гарахад том нь арав, дундах нь долоо, бага нь тавтай байсан юм. Машинд шүргүүлэх “мэргэжилтэй” болсоны минь дараахандаа би том хүүтэйгээ таарсан юм. Тэгэхэд энэ золиг арван тав зургаатай байсан даа. Зах дээр надтай дандаа тааралдана. Эр хүн гэсэндээ их догь хийлдэг дугуйтай тэрэг түрчихсэн хүн амьтны бараа зөөгөөд, хамрын хөлс нь бурзайчихсан юм гүйж явдаг сан. Тамхины утаа шиг үүл манант амьдралд орчихсон би хүүгээ бүүр түүрхэн саналаа. Тэгэнгүүт би хүүгээ нэрээр нь дуудав. Хүү над руу гайхан харсанаа хойшоо ухарч “Та миний аав мөн үү?” гэж айсан дуугаар хоолой нь зангирсан юм. Унхиагүй архичин гэнэт зогтуссан хүүгээ ичиж зовсоныг нь ч ухаарахгүй “ Миний хүү… миний хүү… ямар том болоо вэ? ” гээд тэмээний хоргол шиг томоос том нулимс дуслуулан түгдчихийг харсан хүү надад ойртож ч чадахгүй, бас орхиод явж ч чадахгүй нүүр нь час улайн зогссоныг муухан сананам.

Миний нүд бүрэлзээд, тэртэй тэргүй орчлонг харж чадахгүй “сохорсон” болохоор газар тэнгэр дайвалзах мэт гуйвсанаа толгойгоороо газар шаагаад уналаа. Нүүрээрээ газар харуулдан унахадаа духаа арзгар цардмал талбайд хага цохижээ. Сохорсон сохроогүй билгийн “хараагүй” болсон хүн нүд рүүгээ урсах цусанд будагдан бүр ч юм харахгүй боллоо. Тэр мөчид хүү надаас цээрлэлгүй гүйн ирээд халааснаасаа бяцхан алчуур гарган булгийн ус шиг бургилан урсах цусыг минь гараа бохирдуулан арчиж байсаныг би там тум санана. Тэрүүхэн хооронд бурхан надад илгээсэн үү бүү мэд нэг л халуун амьсгал нүүрийг минь шүргэж, хамрын самсаа шархираад явчихсан. Би ийм том хүүтэй шүү дээ гэж бодохоор цуснаас дутахгүй нулимс минь урсаж, сүүлийн хэдэн жил царцсан болов уу гэмээр байсан судасны минь цус халуун оргин, заяагүй хог ичиж үхээч гэдэг мэдрэмж өөрийн эрхгүй төрлөө.

Хүү хаанаас ч юм шархны боолт олж ирээд цоорсон духыг минь дангинатал боож өгөв. Захын талбайд хэвтэж байсан намайг өргөж босгоод, тэргэн дээрээ суулган, захын хашааны буланд хүнгүй хэсэг чөлөөнд авчирсанаа “Та эндээ сууж байгаарай” гээд хэсэг алга болсоны эцэст халуун савтай цай, бууз барьсан нэг өвгөнийг дагуулан ирж, надад хоол цай авч өгсөн билээ. Халуун цай, халуун бууз идээгүй хичнээн удаа вэ. Аягатай цайны талыг оочиход л хамаг биений минь хөлс гарч, бие сулбайгаад явчихав. Хоёр бууз үмхээд ходоод минь цүлхийгээд ирлээ. Тамир алдарч дээрээс нь хүүгийнхээ нүүрийг харж чадахгүй дэмий л халаасаа онгичлоо. Өглөө хамтрагч хүүхэнтэйгээ машинд “мөргүүлж” олсон орлогыг минь намайг цусаа гоожуулаад хагас ухаантай хэвтэж байхад муу өлөгчин туучихжээ. Овоо хэдэн цаас байсан юм. Гэвч уржигдрын орлогоосоо хэдэн цаас гутлынхаа түрийнд сожсон байсан тул би түрийтэйгээ ноцолдож байж түүнийгээ олоод хүүдээ өгөхөд тэр авсангүй. “Аав аа надад мөнгө хэрэггүй. Аав аа… та… та… надтай хамт гэртээ хариач. Ээж баярлана даа” гэлээ.

Гэртээ харих ий… Юун гэр… ээж гэж юугаа дэмийрээд байгаа юм бэ?… Би засрахгүй архичин. Гудамжны муу тэнүүлч. Хорвоод хэнд ч хэрэггүй болсон хогийн тантан байна. Намайг зүгээр орхи хүү минь. Та нарыг очиж зовоогоод яах вэ. Нийгмийн хар сүүдрийг гэмгүй та нарт хүчээр тулгаж, гай удахын нэмэр. Намайг март. Би хүн биш. Хүний сүг. Та нар дээр би очвол амьдралыг чинь таг харанхуй болгоно. Надад гэрэл гэгээ байхгүй. Илч дулаан минь дууссан. Би хугацаа нь дуусаж, балгас болсон нэгдүгээр цахилгаан станц. Дахиж зүрх минь амьдралын төлөө цохилохоосоо өнгөрсөн. Надад гэр орон байсан. Сайхан хань, цэврүү шиг хөөрхөн хүүхдүүд байсан. Би тэднийг орхиж, тэднээс урвасан. Би амьдралаас уйдсан арчаагүй новш. Үхвэл таарсан хорвоогийн шаар. Малнаас дор болсон “өвөө”-чин…

Хүүгээсээ эмээгээд, хүүгээсээ бэргээд, хүүгээсээ сүрдээд миний байж байгааг. Би амьдралаас хулчийдаг болжээ. Амьдралыг там гэж бодож, өмхий архиар өөрийгөө “шатааж” хүн чанар, хүн сэтгэл дутсан адгийн муу архичин өөрийгөө л бодож, өөрийгөө л бөөцийлж, өдөр хоногийг өнгөрөөж байна. Надад үхлээс өөр хүлээх зүйлгүй. Үхэл ч намайг тоохгүй үйлийн үргүй тэнгэр нь хаясан мал адгуус байна. Малтай зүйрлэчихжээ, муу эргүү чинь. Миний дэргэд монголын мал хийморьтой. Адуу нь гэхэд л хүчит дөрвөн туурайгаараа ханшийн ногоон халиурсан торгон хөрсийг бөмбөрдөн давхиж, газар тэнгэрийн савслаганд тоос татуулан жирийх цог жавхаатай амьтан. Намайг моринд морьдуулвал тэр морины хийморь цог унаж, илжиг болж хувирах бус уу…

Би дахиад уйллаа. Гашуун нулимсаа сорж, уруулаараа шилэмдэн долоож байгаад уйлав. Нус нулимсаа зэрэг залгиж уйлсан. Тэгсэн ч гашуун ус амталсаар мэдээгүй болсон хэл ам минь нулимсны шорвогыг үл мэдэрнэ. Амьдралын амтыг мэдэхээ байсан би орчлонтой дуугаа авалцаж, хүртэлцэж чадахгүй, мэдэрч чадахгүй, сонсож чадахгүй, харж чадахгүй, сэтгэж чадахгүй нэгэн болжээ. Уйлаад л байлаа. Уйлаад л байлаа. Юундаа тэгтэл “уйлж” жүжиглэсэнээ эс мэднэ. Нэгэнт ухаарахгүйгээс хойш бяруу шиг “мөөрөөд” ч яах сан…

Хүү миний биенд хүрч чадахгүй ч гэсэн нулимс мэлтэлзэн өрөвдөн харах харц нь юутай ариухан. Жаахан сэтгэл онгойхоор нь хүүтэйгээ хамт сууж ярилцлаа. Хүү яриад л байсан яриад л байсан… Хаа нэгтээ мартагдсан дурсамж тархи толгойд минь зүү шиг шигдээд, гашилсан оюун ухааныг хатгаж сэрээгээд байх шиг… Нэгэн цагт миний амьдрал байсан, миний гэр бүл байсан тэр хүмүүс миний шавар балчигт хутгалдсан солиотой амьдралд минь нар мэт гэрэлтэж, түнэр харанхуйд дасаж, түнэр харанхуйгаар орчлонг төсөөлж сурсан уураг тархины минь эд эсийг гэрлийн туяагаар сэрээх мэт сэтгэгдэл төрнө.

Байраа хураалгасан гэрийнхэн маань аавынд очиж түр амьдарчээ. Аав ээж ч дөчин мянгатын гурван өрөөгөө хүүхдүүдэд минь өгөхгүй бол өөр хэнд өгөх билээ. Архинд амьдралаа өгсөн би байрныхаа ордерыг “туух”-аар гэмшсэн хүний дүрээр гэртээ очиж байхадаа ингэнэ ч гэж бат итгэлтэй байсан юм. Согтуу хүн сохор ухаантай гэж энэ дээ… Хамаг өөдтэйгээ надад хумслуулж, хүүхдийнхээ хувцсыг индүүдэх индүү ч үгүй болсон эхнэр минь хур хөрөнгөтэй өвөөгөөс минь хэдэн төгрөг зээлээд “наймаанд” явсан ажээ. Олон жил Москва-Улаанбаатар-Бээжин гэсэн галт тэргэнд “амьдарч” үр хүүхдүүдээ хэнээс ч дутаахгүй явж. Тэгэхэд би нэг траншейнээс нөгөө траншейны хооронд “нисэж” явсан байгаа юм. Газар дээрхи ганц ач маань гээд надад амиа тавьдаг өвөө эмээ минь гэмт этгээдүүдийн гарт амиа алдаж, зуурдаар хорвоог орхижээ…

Нэгэн  удаа би согтуу элийрч бүлээрч явахадаа хэдэн үл бүтэх гудамжны амьтад дагуулан өвөөгийнд очиж өдөр шөнөгүй “дайлуулсанаа” саналаа. Өвөө зах дээрээс бүтэн хонины мах авчирч чанаж өгөөд шартаж үхэх гэж явсан биднийг авдар архиар дайлсан даа. Өнжин хонон өвөөгийнд дайлуулсан. Өвөө” Хүү минь чи ингэж явах хүн биш шүү дээ. Аав ээжийнхээ нэрийг бодооч. Аав чинь насаараа дарга хийсэн хүн. Чамайг гэртээ очоод ажил хийхгүй хэвтсэн ч аав чинь ч, өвөө чинь ч чамайг хэдэн хүүхэдтэй чинь өлсгөж цангаахгүй байлгаад байж чадна” гэж хичнээн хэлсэн боловч за гэж толгой дохиод өгсөн хэдэн төгрөгийг нь өвөртлөөд тэднийхээс гарахадаа би мөнгөн хэт хутгы нь зөрүүлээд гарсан байсаныг яана. Түүнээс хойш удалгүй хөөрхий тэд маань гэмт хэрэгтнүүдийн гарт үрэгдсэн ажээ. Эмээ миний хөлсийг байн байн арчаад “ Хүү минь хүү минь, ийм хүү байгаагүй юм даа. Ямар юмных нь дэв нөхцдөг байнаа” гэж уйлж байсаныг санаад байгаа юм…

Гудамжныхан бидэн дотор сайн муу санаатай олон хүн байдаг. Хулгайч дээрэмчин, халаасны хулгайч, шоронгоос гарсан архаг гэмт хэрэгтнүүд гээд… Бие биенийхээ юмыг булаах, дээрэмдэх бол өдөр тутмын явдал. Муусайн “жингэрүүд”-ээ хүртэл булаацалдаж хутга шөвгөндөө хүрэх бол энүүхэнд. Би гэхэд хутганы үзүүрээр хэд сийчүүлсэн хүн. Гэрээсээ яваагүй байхад биед минь хатигны сорви ч байгаагүй сэн. Хувцсаа солихгүй, олон өдөр сараар усанд орохгүй явахаар арьсны өвчтэй болно. Сайн дураа хүрэхээр архичид бие биетэйгээ хувцсаа сольж өмсөнө. Тас шаасан үед нь нэгнийхээ хувцсыг мултлаад өмсөх бол байдаг асуудал. Нэг мэдэхэд хамаг бие загатнадаг, маажуур өвчтэй болчихсон шүү. Бурхан надад нэг юмыг өгөөгүй юм. Тэр бол бөөс. Яаж ч хирэндээ баригдсан би огт бөөс хуурсанд бариулдаггүй юм. Нөхдүүд бөөсөө уралдуулж байхад азгүй би шүүгч болно. Аав ээж, гэр орон, амраг ханийн халамж хайр их байсан болохоор хирнээсээ аль болохоор “зугатдаг” гайгүй цэвэрхэн архичинд  тооцогдоно. Манайхан намайг өглөө бүр үсээ шүлсдэн самнахыг хараад “Талийгаач ер нь цэмцгэр хүн шүү. Бидэнтэй нийлээгүй бол хамартаа баас түрхсэн юм шиг ярвайсан юм явж байгаа даа ” гэж цаашлуулдаг. Бид ер нь буян арилчихна гэдэг ардын уламжлалдаа дэндүү үнэнч хүмүүс л дээ. Зун л нэг Дунд гол, Туулын усанд орохчээ болно. Үнэр танар бол дийлдэхээ байсан. Угаагаад угаагаад угийн хар гэдэг шиг нэг л сонин хамуутай нохой шиг өмхий үнэртэй болчихдог…

Аавыг нас барсаны дараа ээж минь удаагүй гэнэ. Намайг ярьсаар суугаад өнгөрсөн гэдэг. Эхнэр үргэлж галт тэргээр наймаа хийж явах тул хоёр дүүгээ харж үлдсэн том хүү хичээлийнхээ хажуугаар зах дээр тэрэг түрж хэдэн төгрөг олдог юм байна. Хүү минь намайг гэртээ хариач ээ бид таныг санаад байна уйлан хэлсэн ч би зөвшөөрсөнгүй. “Намайг та нар мартацгаа. Надгүйгээр та нар амьдраад болоод байгаа биз дээ. Би өнгөрсөн хүн. Намайг та нар юу гэж бодвол бод. Хараацгаа. Аль муухайгаар хэл. Миний амьдрал дууссан. Ингэж яваад нэг өдөр үхэх биз” гэж надаас холдож явах дургүй хүүгээ арай хэмээн хөөж явуулсан сан. Түүний маргааш би хүүгийнхээ ажилладаг захаар нэг ч очоогүй юм. Хүүдээ лай болохоос төвөгшөөсөн. Бага охин минь аавыг нь архичин гэж ярихад уйлан өмөөрч “ Миний аав архичин биш. Та нар өөрсдөө муухай хүмүүс “ гэж хамгаалдаг гэдгийг хүүгээсээ сонсоод бөглөрч үхэх шахсан. Үхээрийн архичин хэдэн өдөр тасралтгүй архиа уугаад өнөөх “сэтгэлийн зовлон”-гоо мартчихсан шүү.

Дунд хүү минь харин надаас ичээд гадуур гардаггүй сурагтай. Ангийнх нь хүүхдүүд танай аав тэнд согтуу явж байна энд агсам тавьж байна гэж хэлэх тул сургуулиа сольсон гэдэг юм… Архичид цуглардаг газар олон болохоор байршлаа солиход ядах юм байсангүй. Хүүтэйгээ тааралдаад байхгүй нэг газар олчихлоо. Цагийн аясаар нүүр царай минь онгож харлаад яваандаа тас хар юм болсон доо. Тийм хүн байсан гэж хэлэхээргүй төрөл арилжсан. Өвөл нь үсээ ургуулаад зун болохоор хусуулчихна. Архиа уугаад, хэрүүлээ хийгээд, зодоон цохион хийсээр явтал өөрийн эрхгүй бие хаа ч үгүй боллоо. Дийлдэг ч хүн байхгүй болов. Машинд “шүргүүлж” мөнгө олдог арга минь ч хуучрав. Гэхэдээ сурсан юмыг сураар боохгүй гэгчээр арга ядарсан үед өнгөлөг машин харж байгаад мөнгөлөг хүнд мөргүүлэхээс буцахгүй.

Сүүлийн үед надаас салахаа байсан Сүрчмаа гэдэг хүүхэн машинд “мөргүүлэх” ажлыг минь их дэмжинэ. Шуналтай муу банзал намайг согтож унахаар олсон хамаг мөнгийг минь сэгсэрнэ. Гээд одоо яах вэ дээ. Манай траншейны хамгийн хөөрхөн хүүхэн юм чинь хэрүүл хийлтэй биш. Ойр хавийн хөршүүд траншейны “мисс” шалгаруулахад хол түрүүлсэн юм шүү дээ. Олон жил архи уусан эр хүн чинь эмэгтэй хүн сонирхохоо больдог юм билээ. Тэгсэн ч гэсэн нэг давгүй хүүхэн дагуулаад явах нь нэр төрд ч хэрэгтэй. Эрчүүд бол эрчүүд шүү дээ. Сүрчмааг хараад шүлсээ залгихыг нь би “мэдээд” байна гэдэг нэр төрийн хэрэг шүү дээ. Сүрчмаа бол цагаа болохоор хэнтэй ч “унтаж” чадна. Нөхрийнхөө найзтай “унтаж” байгаад нөхөртөө баригдаад гэрээсээ хөөгдсөн хүүхэн. Дараа нь нэг залуутай сууж. Гудамжинд биеэ үнэлж яваад түүндээ баригдан бяц нүдүүлжээ. Түүнээс хойш гудамжинд гарч, хэнтэй ч “үсрэх”-ээсээ буцахгүй нэгэн шалиг хүүхнээр архичдын армийн эгнээг нэмсэн юм.

Сүрчмаа миний амьдрал биш дээ, түүний тухай ярих паян олон ч болъё. Харин миний уруудсан амьдралын эцсийн цэг моргт эхнэр хүүхдүүд минь цагдаагийн мэдээллээр сарын дараа олж ирсэнийг үргэлжлүүлье. Нэр хаяггүй үхэдлийг цагдаагийн газраас зургыг нь тараадаг байлгүй дээ, тэгээд тэд ямар ч байсан намайг таниад хүрээд ирчээ. Хүрэлцэн ирсэнд чинь баярлалаа гэж хэлэх хэрэг үү. Үгүй үгүй баярласан юм алга. Та нар миний шарилыг оршуулах гэжүү? Яагаад та нар тэнэгтээд байгаа юм бэ? Би та нарт огт хамаагүй хүн шүү дээ. Та нарын итгэлийг гээж, амьдралыг чинь утга учиргүй болгосон эргүү мал аж ахуй… Өвөө аав хоёр намайг архины эмчилгээнд албадан хэвтүүлэх гэж их зовсон. Эмээ ээж хоёр архинаас гаргадаг гэдэг Хонхорын төлөгч авгай дээр очоод ч намайг архинаас гаргаж дийлээгүй шүү дээ.

Эхнэр минь гахайн сүү архитай өгөөд бараагүй. Ийм үл бүтэх амьтны төлөө нулимсаа гоожуулж, царай алдах хэрэг байгаа юм уу? Би та нарыг юугаар гийгүүлсэн гэж? Хэл дээ. Юугаар ч гийгүүлээгүй. Би хэзээний хүн үг сонсдоггүй, зөрүүд годил. Өглөө нь хүний оршуулганд явж ажилдаа ирэхэдээ ёсыг бодоод гурав татаад ирэхэд эвлэлийн үүрийн дарга олон юм ярьж шалчигнаад байхаар нь түүнтэй маргалдсан. Маргаан цааш нь дэврээд намын үүрийн даргад очиж “улс төржсөн”. Байгууллагын үүдэнд миний зургыг томоор тавьж, ажил дээр архи ууж ирсэн гэж олонд жигшүүлсэн тэр цагаас хойш би архины асуудалд байнга орох болсон. Хаврын хавсарганд гадаа субботник хийж байгаад даарсан хүмүүсийг сэргээхийн тулд би дэлгүүрээс нэг лонх архи авчирч хүмүүст амсуулаад коммунист субботникыг архидалт болгосон шүүмжлэлд өртөж, Ерөөгийн архины албадан эмчилгээнд явж билээ. Хэргийг хэрэг гэж тоохоо больсон өнөө үед бол ердийн нэгэн “маргаан” байж мэдэх “хэргээр” хэлмэгдэж явсан би “эсэргүүний дүрд” тоглож яваад өөрийгөө хөөдсөн.

Найзынхаа аавын оршуулганд яваад ирж, даарсан хүмүүст архи жаахан амсуулжээ гэж намайг уучилж орхисон бол би дарга нартайгаа далдуур тэмцэлдэж, архины асуудал гаргахгүй байх байсан. Хүнийг нэг муу гээд унахаараа улам доош нь чихдэг үзэл суртлын зөрчлөөс болж, гөжүүд амьтан улам хэрэг “тарьж” явсаар сүүлдээ дүрдээ итгэн, байгууллагын ганц “архичин”-аар тодорсон юм бишүү. Тэгээд мансуурлын ертөнцөд тавтай морилж, дахиж буцаж ирэхгүйгээр хүний ертөнцөөс салсан. Хувь хүний өөрийнх нь сахилга бат, хүмүүжил нөлөөлсөн ч гэсэн тэр хүнийг замаа алдахад гол үүрэг гүйцэтгэсэн нийгмийн хүчин зүйлүүд байсаныг хэлээд хэрэг байна уу. Боловсорсон жимс шиг сайхан амьдралын амтыг тэр өөрөө эхүүн үнэртэй гашуун нясуун ундаагаар сольж, өөрөө өрийгөө “булшилсан” шүү дээ… Харин ч надад өөрийгөө өмөөрөх хүсэл төрдөггүй. Ичсэн хүн хүн ална гэдэг шиг өөрсөө “ичиж” амьдраад тэр чигээрээ дууссан дүнхүү. Олхиогүй үхдэл…

Гэнэт гаднаас орж ирсэн нэг бүсгүй эхнэрийг минь түшсэнээ “Ээжээ тайвшир л даа. Гадаа танай компаний ажилчид ирчихсэн таныг сураад байна. Чандарлах юм уу газар авах уу гэж асууж байна” гэв. Манай гурав ээжтэйгээ зогсож байна. Тэгэхээр энэ охин миний бэр болж таарах нь ээ. Дунд хүү дурамжхан “Чандарлавал яасан юм бэ?” гэж ээжийгээ ятгана. Энэ ч багын надад дургүй гайхал л даа. Ер нь байна шүү дээ, ийм муухай зүс царайтай хүнийг “шатаачихсан” нь дээр биз дээ. Дунд хүү бол бүр ч дуртай байгаа нь илт… Уг нь би ингэж “хүндэтгүүлэх” гавъяагүй амьтан сан. Өмхий архинд ногоорсон хүүр минь эх нутгийнхаа шороог бузарлаж орхино…

Эхнэр маань өнгөтэй өөдтэй явна. Гоймонгийн үйлдвэртэй гэнэ. Том хүү барилгын инженер мэргэжилтэй. Дүүтэйгээ нийлж барилгын компани байгуулжээ. Болж дээ болж. Харин бага охин юу хийж манаргадаг юм бол доо?… Миний чандрыг мөнгөн бумбанд хийж хадгалжээ. Гашуудлын ёслолоо тэд нэг том ресторанд хийх нь мөнгөтэй бийлэгжүү болсоноо надад харуулав. Тэнд цугларсан хүмүүс миний тухай хоорондоо сэмхэн ярилцахыг сонсвол би бол “нэг аюултай юмны хорлол болсон хүн” гэнэ. Гэр орондоо ирэх бүх муу муухай гай тотгорыг өөртөө шингээгээд гэр бүлээ аварсан ухааны юм ярих нь хэвийн яриа гэжүү?. Гэхэдээ ингэж ярьж байгаа авгайчуулд баярлалаа…

Хоёр хүү маань огт архи амсдаггүй лут хүмүүжилтэй юм байх. Эцгээ жигшээд хөвгүүд минь архи гэдэг гашуун хар усыг үзэн яддаг болжээ. Ганц охин маань топ модель ч гэнүү, усны гүнж ч гэнүү, мисс жүжигчин ч гэнүү аймаар олон нэр алдартай нэгэн байх юм. Харин энэ золиг хааяа найз нөхөдтэйгээ баарддаг гэнэ. Эмэгтэй хүүхэд “архичин” болох нь ч бараг үгүй биз, гэхэдээ юмыг яаж мэдэх вэ, эцгийнхээ муу юмыг авч үлдсэн ч юм билүү гээд надтай салах ёслолд ирсэн авгай хүүхнүүд ам мэдэн бурах нь жигтэй.

Ингэхэд би их “гавъяатан” болж таарлаа. Жирийн нэг сувилагч эхнэр минь зах зээлийн овсгоо самбаа “гарган” компаний захирал болж. Хоёр хүү минь огт архи амсддаггүй гэдэг чинь би өмнөөс нь бүх архий нь уучихсан хэрэг. Миний муу үлгэр жишээ гэр орныхныгоо хурцалж, өнгөтэй өөдтэй явахад нь тусалсан мэт… Зочдын ширээн дээр шарсан гахайн тоорой, цурхай загас, тахианы цурвагаас аваад байхгүй юм алга. Миний амьдралдаа ууж үзэх нь битгий хэл нэрий нь ч сонсоогүй гоёмсог шилтэй гадаад архинууд өнгө өнгөөрөө алаглана. Хэрэв би гэртээ буцаж очсон бол энэ ширээнүүд ийм тансаг байх байсан бол уу?… Амьдрал гэж дэндүү оньсого шиг юм даа… Намайг хогийн архичин болно гэж хэн ч өмнө нь төсөөлж байгаагүйтэй адил.

Арилсан сонгино шиг цэвэрхэн хүү аав ээжийхээ авч өгсөн гурван дугуйтай дугуйны хонхыг жингэнүүлэн дөчин мянгатын шар байшингуудын дундах элс хайрцагласан тоглоомын талбай дээр хацартаа хонхорхой гарган инээмсэглэж, нүүрэн дээр тусах нарны туяанаас нүд нь гялбахдаа тэр үед ховорхон байсан эрээн саравчтай малгайгаа дух руугаа дарж, ихэд өөртөө итгэлтэй дугуйгаа унан давхидаг сан. Одоо тэр дугуйны минь их бие аавын байшингийн тагтан дээр шороо тоосонд дарагдан хэвтэж байгаа. Түүнийг би засаж сэлбээд хөвгүүддээ унуулж чадаагүй ч хоёр хүүгийн минь нэг үр хүүхдэдээ унуулахгүй ч гэсэн өвөөгийн чинь дугуй байсан юм гэж хэлэх биз ээ. Хадаг нөмөрсөн зул асаасан зургийн эзнийг миний өвөө гэж ач нар минь ярих болно доо…

Бие минь чандар болсоны дараа сүнс минь гашуудлын ёслолын тансаг ширээн дээгүүр санаа алдан хэд ниссэнээ тэнгэр рүү явав. Дараагийн удаа эсрэг дүрд бус эерэг дүрд хувираарай гэж гуйя. Хүний үг сонсдог, зөөлөн чихтэй сайн хүүд очоорой гэж хүснэм. Энэ бэр чинь удахгүй нярайлах нь дээ. Тэнгэрт очиж цэвэршээд, бурхан болооч аав ээж, өвөө эмээдээ мөргөөд, сайн хутгыг олж дахин төрөөрэй. Урьдын амьдрал шигээ таг сохор, таг дүлий хэнд ч хэрэггүй хүн болохыг чинь зохиогч би ч зөвшөөрөхгүй шүү. Гөжиж, цанхаалж том толгой гарган бүх амьдралаа төгсгөсөн шиг, эцэг эхээс заяасан нэрээ орь мартсан шиг, эр хүний эрхэм чанарыг уландаа дэвтсэлсэн энэ нийгмийн бусармаг муу муухай бүхнийг биедээ шингээн одсон шигээ дахиж ирэхийг хүсэхгүй шүү. Хүүхдүүдийн чинь сэтгэлээ өргөн босгох чулуун суварга дээр чинь чиний нэрийг алтаар бичихийг уламжилъя. Чиний нэр ердөө нэг “ Мөнхбаатар ” шүү…

2012 он


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих