БАГАНУУРЫН ИРГЭД ШУДАРГА ЁСНЫ ТӨЛӨӨ ЖАГСЛАА

     Орон нутгийн сонгуулиар хийсэн сонголтоо баталгаажуулахын тулд Багануур дүүргийн 300 гаруй иргэн баасан гарагт төв талбайдаа “Шударга ёсны төлөө нэгдэе” гэсэн уриан дор цуглаан зохион байгууллаа.

Тэд дүүргийн АН-ынхны байгуулсан хууль бус Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, хурлаас томилогдсон Засаг даргыг  батламжилсан хотын дарга Э.Бат-Үүлийн шийдвэрийг эсэргүүцсээр сар гаруй болоод байна.

Цуглаанд оролцогсод “Ерөнхийлөгчөө шударга ёс хаана байна?”, “Иргэдийн сонголт хаан сонголт гэсэн нь хаачив?”, “Ардчиллын нэр барьсан луйварчид эрх мэдлийн төлөө улайран тэмцэхээ зогсоо”, “Монгол төрийг урвагчид үймүүлж байсныг саная”, “Иргэдийг талцуулсан хотын дарга Э.Бат-Үүл ирж уулз” зэрэг уриа, лоозон барьжээ.

Сонгуулиас хойш төр, засаг захиргаагүй 45 хоночихоод байгаа Багануурынхан  иргэдийг талцуулсан шийдвэрээ өөрчлөхийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлээс шаардлаа.

Мөн иргэдийн сонголтыг баталгаажуулахыг хотын дарга, дүүргийн Сонгуулийн хороо, Ардчилсан нам, тус намын дарга, Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нараас шаардсан бичиг хүргүүлэхээр болжээ. Хэрвээ шаардлагын хариуг энэ сарын 8-ны дотор өгөхгүй бол тэмцлийн дараагийн хэлбэрт шилжих юм байна.

Орон нутгийн сонгуулиар Багануур дүүрэгт МАН 13, Ардчилсан нам 12 суудал авсан. Олонхи болсон МАН хурлаа хийн төлөөлөгчдийнхөө бүрэн эрхийг баталгаажуулж, Засаг даргад Ц.Сандаг-Очирыг томилохоор болж нэрийг нь хотын даргад уламжилсан юм.

Гэтэл  дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд сонгогдсон гэх АН-ын гишүүд хууль зөрчин төрийн өмчит компанийн буюу Холбооны газрын байранд нууцаар хуралдан даргаа сонгож, Засаг даргад М.Гончигжавыг дэвшүүлснийг хотын дарга тэр дор нь батламжилснаас асуудал үүсээд байна.

АН-ын хүмүүс төлөөлөгчийн түр үнэмлэхээ аваагүй, бүрэн эрхээ баталгаажуулаагүй учир хууль бус гэж дүүргийн МАН үзэж байна.

.

 

Тэд ирцээ бүрдүүлэхийн тулд МАН-аас жагсаалтаар нэр дэвшиж сонгогдсон, мэс заслын эмч Г.Намширыг урвуулсанд иргэд бухимдаж байгаагаа цуглааны үеэр илэрхийлж, Г.Намширыг уучлал гуйхыг шаардаж байлаа.

Дүүргийн АН ялагдлаа хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа учир дахин санал хураалт явуулахыг МАН уриалж, иргэдийн гарын үсгийг цуглуулж эхэлсэн байна.


URL:

Сэтгэгдэл бичих