”МИГ даатгал” компаниас хариуцлага нэхье
Жолоочийн хариуцлагын даатгалын хууль батлагдан мөрдөгдөж байгаатай холбогдуулан замын хөдөлгөөнд оролцож буй жолооч бусдын өмнө хариуцлага хүлээх буюу өөрийн санамсар болгоомжгүйгээс бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учруулж болзошгүй эрсдэлээ заавал даатгуулан хөдөлгөөнд оролцохыг хуульчилсан.
Энэ арга хэмжээ манайд хүчин төгөлдөр үйлчилж эхэлснээр маш олон даатгалын компаниудын үйл ажиллагаа эрчимжсэн. Хэвлэл мэдээллийн хэрэгслэл, олон нийтийн цахим сүлжээ, зам дагуу самбараас “эрсдэлээ бидэнд даатгаад айх аюулгүй бай” гэх мэтийн утга бүхий рекламыг ханатлаа үзэж, сонсов. Бараг л “хүчиндсэн” шахуу үйл ажиллагаа болохоор жолооч нар дуртай, дургүй даатгасан болсон. Харин энэ нь хэнд ашигтай байсан бэ. Мэдээж ашиггүй шахуу ажиллаж байсан Монголын даатгалын хэдэн компаниудад л ашигаа үзүүлсэн байх. Нийслэлийн хөдөлгөөнд орж байгаа 150.000 автомашин нэг нь 30 орчим мянган төгрөгөөр даатгуулахад овоо хэдэн орон тоо гарч байгаа биз дээ.
Харин энэ их хөрөнгийн санхүүжилт авсан даатгалын компаниуд эрсдэл буюу бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учирбал нөхөн төлбөрийг хэрхэн шийдвэрлэдэг вэ гэдэг нь тун сонирхолтой.
Ер нь даатгалын компаниуд доорх загварын дагуу нөхөн төлбөрийг буюу хохирлыг барагдуулдаг аж. Үүнд жолооч бусдын амь насанд хохирол учруулах, бусдын эрүүл мэндэд хохирол учруулах, бусдын эд хөрөнгөнд хохирол учруулах гэсэн тохиолдолд даатгалын компаниас нөхөн төлбөрийг нь буюу хохиролыг нь барагдуулж өгөх боломжтой гэнэ. Харин сэтгэл санааны хохирол, хүрээлэн байгаа орчныг бохирдуулснаас үүссэн хохирол, даатгуулагчийн автотээврийн хэрэгсэл, ачаанд учирсан хохирол, жолоочийн даатгалын хууль болон даатгалын гэрээнд заасан хэмжээнээс илүү гарсан хохирол зэргийг даатгалын компаниуд хариуцахгүй хэмээн гэрээнд заажээ.
Мөн жолоочид дараах тохиолдлуудад даатгалын компаниас нөхөн төлбөр олгохгүй гэж заасан байна. Үүнд:
• Даатгуулагч, түүний ашиг сонирхлыг хамгаалагчийн санаатайгаар хохирол учруулсан болон хохирол гарах орчин, нөхцөлийг бүрдүүлсэн
• Даатгалын зүйлийн ердийн элэгдэл, эвдрэл, гэмтэл / ашиглалтын явцад гардаг урсгал болон сэргээх зардал зэрэг тодорхой эд ангийн элэгдэл гэмтэл/
• Даатгал хийхийн өмнө оршиж байсан дутагдал, согогийн улмаас гарсан хохирол гэмтэл
• Даатгуулагч даатгалын зүйлийн талаар Даатгагчид худал мэдээлсэн, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн
• Даатгалын гэрээнд тусгагдаагүй шалтгаан, эрсдэлийн улмаас гарсан хохирол болон давагдашгүй хүчин зүйлийн улмаас үүссэн хохирол
• Согтуугаар болон мансууруулах бодис хэрэглэсэнээс үүдэн учирсан хохирол
• Даатгалын тохиолдол мөн эсэх нь нотлогдоогүй буюу нотолж чадаагүй гэж заасан байна.
Тэгвэл даатгалын гэрээ хийгдсэн компаниас нөхөн төлбөр авах гээд, нэмж хохирон хэрхэн хүндрэл учирсан талаар нэгэн жишээг дурьдъя. /дор дурьдаж буй жишээ, үйл явдал үнэн, бодит учраас жолоочийн нэрийг нууцлав/
Иргэн “А” халтиргааны улмаас уулзвар дээр зогсож байсан иргэн “Б”-ийн автомашины араас мөргөж, замын цагдаа хэргийн газар хэмжилт, шалгалт хийсний дараа иргэн “А”-ын буруу болох нь нотлогдов. Энэ тохиолдолд иргэн “А” , бусдын эд хөрөнгөнд хохирол учруулжээ. Тиймээс даатгагч компани нь буюу “МИГ даатгал” иргэн “Б”-ийн хохиролыг барагдуулж, нөхөн төлбөр олгох ёстой болж байна. Энэ дагуу осол гаргагч хоёр жолооч “МИГ даатгал”-ын төв дээр очин, өргөдөл бөглөлөө. Харин тус даатгалын компанийн нөхөн төлбөрийн ажилтан н.Пүрэвхүү “Манайх засварын газартай тэнд очиод автомашиныхаа гэмтэлтэй хэсгийг засуулчих” гэсэн байна. Иргэн “Б” даатгалын компанийн ажилтны зааж өгсөн вьетнам засварын газарт очин, автомашинаа хүлээлгэн өгөөд маргааш нь хүлээн авахаар болж тохиролцсон байна.
Ингээд маргааш нь автомашинаа авахаар ирлээ. Арын хэсэг/гупер/-ийг нь засварласан байна. Гэхдээ өнгө нь зөрж, дахин өнгөлгөө хийлгэсэн нь нэг л сайн болсонгүй. Жолооч сэтгэл дундуурхан автомашинаа хүлээн авах гэтэл зүүн талын хоёр хаалгыг нь цөмлөж, будгийг нь ховхолсон байжээ. Учрыг нь асуутал “оруулж, гаргаж байгаа санамсаргүй байдлаас болоод таны автомашиныг гэмтээчихлээ. Хүсвэл засвар хийгээд өгье” гэж хариулсан байна.
Харин жолооч найдваргүй, хариуцлагагүй авто завсарын газраар дахин автомашинаа эвдүүлэхийг хүссэнгүй, өөр хариуцлагатай, найдвартай засварын газар очиж автомашинаа засуулахыг хүсэн “МИГ даатгал”-ийн н.Пүрэвхүүтэй дахин холбогдсон байна. Харин даатгалын ажилтан учир шалтгааныг сонсон засварын газраасаа лавласаны дараа “та үнэлгээгээ хийлгээд ир” гэжээ.
Үнэлгээний газар хоёр хаалганы сэв гаргаад будахад 214,000 төгрөг болно гэсэн үнэлгээ гаргаж өгөв. Энэ бүгдийг цуглуулсан жолооч даатгалын ажилтантай уулзтал “Би үнэлгээ хийлгэ гэж хэлээгүй, тэгээд ч засварын газар манайхаас тусдаа байгууллага тэндээ очиж учраа ол” гээд хохирлыг барагдуулахгүй маягийн юм ярьсан байна. Жолооч “танайхаас тус засварын газар луу явуулсан шүү дээ. Тэгтэл тус засварын газар тун хариуцлагагүй засвар хийн нэмээд зүгээр байсан 2 хаалга гэмтээсэн. Тийм учраас хохирлын төлбөрөө авч өөр засварын газар очиж, автомашиныхаа 2 хаалгыг засуулмаар байна” гэж учир байдлаа тайлбарлажээ.
Мэдээж зүгээр байсан автомашинаа хэмхлүүлчихээд засуулах гэхээр оромдоод байхад хэн л дуртай байв гэж дээ. Харин даатгалын ажилтан болоод жолооч хоёрын хооронд хувийн шинжтэй буюу маргааны шинжтэй яриа өрнөх болсон гэнэ. Улмаар даатгалын ажилтан жолоочийг доромжилж эхэлсэн бөгөөд “хоёр хаалганы сэв гаргаад будуулахад 80-90 мянган төгрөг л болдог яасан шуналтай юм бэ, хүний унадаггүй юм унасан биш сүртэй шдээ” гэх мэтээр үнэлгээний газрын гаргасан үнийн дүнг эсэргүүцсэн байна.
Энэ маргаан нэлээд үргэлжилсний эцэст даатгалын ажилтан хоёр хаалга цөмлөж, будгийг нь халцалсан засварын газар дээрээ дахин очиод хаалгаа янзлуулчих,тэгээд бүр болохгүй бол дахиад хүрээд ир тэр үед нь шийдэж өгье” гэжээ. Хэрэв та тус жишээг анхааралтай уншиж байгаа бол ямар их цаг хугацааг алдаж байгаа ойлгож байгаа байх аа.
Харин жолооч цаг заваа барж дахин дахин ирж, очихгүйн тул шууд л “МИГ даатгал”-ын мененжертэй уулзаж учир байдлаа тайлбарлажээ. Менежер нь “манай байгууллагын буруу байна. Таны нөхөн төлбөрийг гаргаж өгөөд дараа нь засварын газартай манайх өөрсдөө учраа олъё” гэсэн байна.
Уг нь дээрх асуудал аль эрт ингээд шийдвэрлэгдсэн бол хэн хэндээ явдал, чирэгдэл учрахгүй байх боломжтой байж. Гэхдээ даатгалын компанийн зүгээс шууд хохирлын төлбөрийг гаргаж өгсөнгүй 7-9 хоногийн дараа гаргаж өгнө гэсэн байна. Ингээд хохирогч болсон жолооч даатгалын компаниас хохирлоо барагдуулж авах гэсэн биш ихээхэн хугацаа алдаж, дээрээс нь доромжлуулж, эцэст нь цөмөрч, халцарсан хоёр хаалгатай автомашинтайгаа дахин хэд хоног хөдөлгөөнд оролцохоор болж байна.
МИГ даатгалын хувьд олон жил даатгалын үйл ажиллагаагаа явуулж байгаа, янз бүрийн цол гуншин, шагнал авч байсан даатгалын компанийн нэг. Гэтэл хариуцлагагүй, харилцагчидтайгаа хувийн үзэл бодлоор ханддаг, харилцааны соёлгүй энэ мэт ажилчдынхаа буянаар нэр хүндээ ихээхэн унагаж байна даа. Жишээнд дурьдагдсан жолооч мөн МИГ даатгалд даатгуулсан байсан бөгөөд энэ хэргийн дараа гэрээгээ цуцлуулахаар болсон байна.
Ами
Оллоо.мн
URL: