Машинтай болох хүсэл минь баяртай
Нэгэн цагт Nokia 3310 барьсан хүн аймаар баян харагддаг байлаа. Монголын тэргүүн баячууд жижигхэн утас барьчихаад, хүнтэй яриад л. Хүмүүс түүнийг харж гайхаад л. Гэтэл одоо Samsung Galaxy S III, Note, IPhone 5 барихгүй л бол онигоо болохдоо тулчихаад байна. Энэ бол хэрэглээ.
Түүнтэй адил 1990 оны дундуур нэг УИХ-ын нэг гишүүн “Намайг Excel унаж байна гэж сониноор бичсэн. Би тийм баян хүн биш” гэж ярилцлага өгч байсан түүх цагаан дээр хараар бичигдсэн байна. Тэр үед оросын хөнгөн тэрэг унадаг хүмүүс баянд тооцогддог байсан үе. Ихэнх нь УАЗ 469 хөлөглөдөг байсан биз. Гэтэл одоо цагт Ланд Круйзер, Range Rover, Prado, Lexus 570 унахгүй л бол хүн биш болчихоод байна. Энэ ч бас хэрэглээ.
Нэгэн цагт гангараа байсан бүхэн хэсэг хугацааны дараа ердөө л хэрэглээ болж эхэлдэг гэсэн гаргалгаа гарч ирж байгаа юм.
Тэр ч утгаараа өнөөдөр машин бол ердөө л хэрэглээ болсон. Ажил төрлөө хурдан амжуулахад зориулагдсан гэж дүгнэхэд болох байх. Хэрэглээ ихсэхийн хэрээр эрэлт нэмэгдсэн. Тиймдээ ч хүмүүс Япон, Солонгос, Америк, Герман, Орос гээд аль ч орноос машин оруулж ирж унаж байна. Тэр дунд нь арай л хоёр суудлынхаа голд жолооны хүрдтэй машин орж ирэхгүй юм.
Уг нь манайх баруун гарын дүрэмтэй улс. Зүүн талдаа жолооны хүрдтэй машин баруун гарын дүрмээр замын хөдөлгөөнд оролцож байсан гэсэн үг. Гэтэл сүүлийн жилүүдэд баруун гар талдаа жолооны хүрдтэй машины илт нэмэгдсэн. Гэхдээ тийм машинтай нөхдүүд ч бас баруун гарын дүрмээр замын хөдөлгөөнд оролцож байгаа юм. Ерөөс баруун гар талдаа буюу бидний хэлж заншсанаар буруу талдаа жолооны хүрдтэй машин манайд орж ирж байх үед дээрх дүрэм журам байсан. Тийм үед нь хориглоогүй хэр нь одоо л шахаж гаргах талаар ярьж байна.
Шалтгаан нь буруу талдаа жолооны хүрдтэй машины гаргаж байгаа осол аваарын тоо зөв талдаа хүрдтэйгээс их байгаа юм байх аа. Тэгэхээр буруу талдаа жолооны хүрдтэй машиныг шахаад гаргачихаар ослын тоо буурч, “нар мандах” юм байх аа. Үнэхээр үнэн бол сайхан л байна. Мөн түгжрэл илт буурна гээд байгаа. Мэдээж Монголд явж байгаа машины 50 хувь нь гэнэт алга болбол түгжрэл буурах нь битгий хэл өргөс авсан юм шиг алга болдог юм байгаа биз дээ.
Гэхдээ үүний цаана хэн гэгчийнх нь хүсэл сонирхол, эрх ашиг нуугдаж байгаа нь сонирхолтой байна. Буруу талдаа жолооны хүрдтэй гэгдэж байгаа машинууд нь ихэвчлэн Япон улсынх байдаг. Тохилог, тавлаг, шатахуун бага зарцуулдаг. Эдэлгээ сайтай, Монголын эвдэрхий зам, хүйтэн уур амьсгалд шалгарсан байдаг. Гэтэл зөв талдаа буюу зүүн гар талдаа жолооны хүрдтэй машинууд нь хуучин, муу. Тэгсэн хэр нь илүү үнэтэй ч байх жишээтэй. Нөгөө л Эксел, Аксент, микро автобус гэх мэтийн машинууд тунаж үлдэнэ гэсэн үг. Дээрээс нь зарим нэг үнэтэй машинууд үлдэнэ биз.
Хэрвээ ийм шийдвэр гарвал залуусын машинтай болох хүсэл хөөрхий болох нь. Мэдээж буруу талдаа жолооны хүрдтэй машиныг хориглохоор зөв талдаа хүрдтэй машины үнэ тэнгэрт хадна. Ёстой нөгөө баян нь машинтай, ядуу таваргаастай л болох дээрээ тулна биз дээ. Одоо иргэд байр авах гэж яс махаа зулгаагаад ч чадахгүй байгаа. Тэгвэл цаашид машин авах нь ердөө л мөрөөдөл болж магадгүй нь.
Эрх мэдэлтнүүд үнэхээр ийм шийдвэр гаргах гэж байгаа бол ядаж зөв талдаа жолооны хүрдтэй машины онцгой албан татварыг буулгах, эх орондоо машин үйлдвэр байгуулах ч юм уу, ямар нэг арга хэмжээ авах байлгүй дээ.
Ер нь эрх баригчдын харалган бодлогын горыг ард түмэн амсах учиргүй шүү дээ. Жишээ нь, Орост буруу талдаа жолооны хүрдтэй машиныг шахаж гаргаж, өөрийн орны машины үйлдвэрийг хөгжүүлэх оролдлого хийх гэж хичээж байсан юм даг. Гэхдээ ард түмэн ялсан байна билээ. Эрх баригчид ямар нэг зөв бодлого баримталж, нийтийг хэтэрхий хохироохгүйгээр асуудлыг шийдэхгүй бол энэ ч явахгүй шийдвэр байх аа даа. Гэхдээ л машинтай болох хүслээ жаахан хойшуулахаас өөр арга алга.
Н.Пунцагболд /www.mminfo.mn /
URL: