Шинэ жилээр үзэх зүйл байсангүй
2012 он монголчуудад ээл ивээлээ хайрласан жил байлаа. Тиймдээ ч манайхан 2012 оноо үдэх, 2013 оноо угтах шинэ жилийн баяраа өргөн дэлгэр, нижгэр тэмдэглэлээ. Ер нь манайх шиг олон өдөр амарсан улс орон ч байхгүй байсан байх. Зарим хэнээтэй улсууд 31-ний өдөр бүх нийтээрээ ажиллаж байх жишээний. Гэтэл манайд бол бүх зүйл өөр. Засаг төрөөс шийдвэр гаргаад 31-ний өдөр амарч байгаа юм. Ямар ч байсан хүмүүс сайхан амарлаа, шинэ жилээ ч сайхан гаргасан байх. Харамсалтай нь шинэ жилийн баярын өдрүүдээр амраад гэртээ хэвтэж байхдаа телевизээр аятайхан нэвтрүүлэг үзэх гээд чадсангүй.
Бүх телевизийн сувгийг ээлжилж солиод өөдтэй нэвтрүүлэг нэгийг ч үзээгүй гэхэд болно. Юуны өмнө телевизүүд үзэгчдийг хөгжөөх үүргээ мартчихсан бололтой. Аягүй бол рекламны цагаас нь хумслах гээд байсан юм байлгүй, ганц нэвтрүүлэг хийгээд гаргачихаар. Зарим нь бүр өнгөрсөн баларсан нэвтрүүлгүүдээр бөмбөгдөж өгч байна билээ. Тэгтлээ залхуу болчих гэж баймааргүй юм. Эсвэл манай урлагийнхан хэтэрхий үнэд ороод, ганц нэг нэвтрүүлэг хийх, эсвэл нэвтрүүлэгт оролцох завгүй болсон хэрэг. Ер нь эцсийн дүндээ тийм л гаргалгаа хийж болохоор байна. Мэдээж шинэ жилээр урлагийнхан халтуур хийж, албан байгууллагын баяр дээр очиж, дуулж хуурдаж, хөтөлж, алиалж, хошин шог тоглож хэдэн төгрөг олдог. Ёстой нөгөө мөнгө олдог цаг үе нь, улирал нь мөн. Гэхдээ л урлагийн хүмүүс ард түмэндээ ганц аятайхан нэвтрүүлэг хийгээд хөгжөөчихөд яах вэ дээ. Нэг их том гарз болчихгүй шүү дээ. Манай том том хамтлаг, продакшнууд ч энэ жил сайн залхуурсан нь анзаарагдсан. Бүр нэг аятайхан нэвтрүүлэг зориуд хийгээд, ард түмэндээ бэлэг барьсан хамтлаг цөөн. “Мөрөөдлийн театр”-ынхан арай нэг залуу, эрч хүчтэй болохоороо аятайхан хошин нэвтрүүлэг хийчихсэн байсан. Монголын “Үнсгэлжингийн үлгэр”-ийг эвтэйхэн хийсэн харагдсан.
Мөн “Шилдэг өнгө”-ийнхөн болон “Х-Түц” хамтлагийнхан шинэ нэвтрүүлэг хийж гаргасан. Нээрээ “Захиалгат инээд”-ийн зарим нэг жүжигчин хөөрхөн нэвтрүүлэг хийчихсэн байсныг дурьдалгүй өнгөрч болохгүй байх. Харин бусад томчууд нь ёстой нэг залхуурсан байна билээ дээ. “Маск” гэхэд нэг нэвтрүүлгийн хавчуурганд ганц дуу дуулаад байсан. Гэх мэтээр шинэ, аятайхан нэвтрүүлэг хийсэн урлагийнхан алга. Түрүү жилүүдэд “Цэнхэр дэлгэц”-ээс эхлээд хүн бүрийн үзэхийг хүлээдэг нэвтрүүлгүүд байхгүй болчихож. “Баярын мишээл”-ээр хэдэн дуучин нь залхтал нэг дуугаа давтан давтан дуулсаар. Азаар дуучин Б.Сарантуяа шинэ жилийн тухай шинэ дуу гаргасан байсан. Түүнийгээ дуулсан нь шинэхэн сонихон байсан юм. Өөрөөр бол авах зүйл үнэндээ байсангүй.
Тийм байж маргаашнаас эхлээд хошин урлагийнхан цоо шинэ шоу тоглолтоо хийх гээд сурталчлаад байж байна. Хүн юугаа хийж, яаж мөнгө олох нь мань мэтэд, бидэнд хамаагүй л дээ. Гэхдээ тэднийг үргэлж дэмжиж, тоглолтыг нь үзэж, шагнуулахад нь давхар баярлаж явдаг ард түмэндээ шинэ жилээрээ ганцхан нэвтрүүлэг хийж өгөөд, сэтгэлийг нь сэргээчихэд юу л унаа аж, тэднээс.
Н.Пунцагболд
URL: