Улаанбаатар хотын арилжааны телевизүүдийн өнөөгийн байдал
Мэдээллийн хүчирхэг сүлжээ тив дэлхийг торлож байгаа орчин үеийн хүний амьдралыг телевизгүйгээр төсөөлөхийн аргагүй юм. Учир нь телевиз ОНМХ-үүдээс нөлөөлөх, даган дуурайх, үйлдэл хийхэд хүргэдэг мэдээллийн хамгийн хүчирхэг хэрэгслийнхээ хувьд нийгмийн сэтгэл зүй, олны санаа бодлыг төлөвшүүлж, нийгмийн хөгжилд чухал үүрэгтэй нь үнэн.
Өнөөдөр манай улсын жижигхэн зах зээлд хэтэрхий олон хэвлэл мэдээллийн хэрэгслэл, түүний дотор телевиз үйл ажиллагаа явуулж байна. Улсын хэмжээнд 149 телевиз эфирээ цацаж байгаа нь энэ салбарын өрсөлдөөн ямар их ширүүссэнийг харуулж байгаа юм. Хоорондоо ялгаагүй, харилцан бие биенээ орлох мэдээ мэдээлэл цацаж байгаа энэ олон телевизүүдийн хооронд хүссэн хүсээгүй өрсөлдөөн бий боллоо. Гэхдээ энэ өрсөлдөөнд аль аль нь хэтэрхий унтамхай байдалтай оролцож байгаа нь өнөөдөр нууц биш. Аливаа бизнест шалгарал явагддаг жамаар энэ салбарт ч шалгарал явагдах нь тодорхой. Мэдээж энэ шалгаралд маш бага хугацаа үлдээд байгааг өнөөдрийн телевизүүдийн тооноос харж болно.
Улаанбаатар хот нь хэвлэл мэдээллийн хэрэгсэл түүний дотор телевизийн хамгийн том зах зээл бөгөөд 2011 оны байдлаар Улаанбаатарт кабелийн 36 суваг, арилжааны, өргөн нэвтрүүлгийн 16 телевиз, мөн олон нийтийн 1 телевиз, нийт 53 телевиз нийслэлд төвлөрөн үйл ажиллагаа явуулж байна. Энэ тоо 2009 онд 33 байснаас харахад телевизийн салбар манай улсад маш хурдацтай хөгжиж буй мэдээллийн хэрэгслийн нэг гэдэг нь тодорхой. Нөгөө талаас дээрх тооны өсөлтөөс харахад Монгол улсын хэмжээнд 2005-2011 оны хооронд жилд дунджаар 19 телевиз, харин Улаанбаатар хотын хувьд 2009-2011 оны хооронд жилд дунджаар 14 телевиз шинээр нэвтэрч, үйл ажиллагаа явуулж эхэлжээ. Эндээс дүгнэж үзэхэд тухайн зах зээлд өрсөлдөөний орчин нэгэнт бүрэлдэж, энэ нь тухайн салбарт үзэгчдийн төлөөх болон зар сурталчилгааны төлөөх өрсөлдөөн ширүүсэхэд нөлөөлж байна. Нөгөө талаас техник технологийн дэвшлээс үүдэлтэй цахим болон бусад хэвлэл мэдээллийн хэрэгслийн өсөлт нь үзэгчдэд бага зардлаар хялбархан сольж болох олон тооны медиа хэрэгслийн сонголтыг бий болгож, үүнээс үүдэн үзэгчид жижиг жижиг сегмент болон задарч, тэдний нөлөөлөх чадвар улам хүчирхэгжиж байгаа билээ. Өөрөөр хэлбэл телевизүүдийн уламжлалт нийтэд хандсан нэвтрүүлгийн бодлого, хөтөлбөр боловсруулалт нь орчны өөрчлөлтөд дасан зохицох, хариу үйлдэл үзүүлэх чадваргүй болж байгаа бөгөөд орчны энэхүү өөрчлөлт нь телевизүүдийг төрөлжсөн сувгуудыг байгуулах, илүү хувь хүний хэрэгцээ шаардлагыг хангах чиглэлд ажиллах шаардлагыг бий болгож байна. Иймээс арилжааны телевизүүдийн өмнө зах зээлд эзлэх байр сууриа хадгалах, үзэгчидээ өрсөлдөгчиддөө алдахгүй байх, цаашид олох ашиг орлогын хэмжээг хэрхэн нэмэгдүүлэх тухай асуудал тулгарч байгаа бөгөөд өрсөлдөх чадвар сайтай байж өрсөлдөөний стратегиа зөв сонгон, өрсөлдөөнд давуу талыг бий болгож чадсан тохиолдолд энэхүү асуудлыг шийдвэрлэх боломжтой юм.
Өндөр хөгжилтэй орнуудын туршлагаас харахад телевизүүд нь дижитал технологийг нэвтрүүлэх, босоо болон хэвтээ интерацид орох, төрөлжсөн сувгуудыг ажиллуулах, бусад хэвлэл мэдээллийн секторт нэвтэрч үйл ажиллагаа явуулах зэргээр орчны өөрчлөлтийн эсрэг өөрсдийн байр суурийг бэхжүүлж байна. Манай орны тухайд ч энэ байдал ажиглагдаж эхлээд байгаа бөгөөд тухайлбал, телевизүүд өөрсдийн 2 болон 3-р сувгийг байгуулан хөгжим, спорт, кино, танин мэдэхүйн чиглэлээр төрөлжиж байна. Нэлээн хэдэн жилийн өмнөөс л хуучны телевизүүд болох UBS, МН-25, ТВ-9, ТВ-5 үндсэн сувгаасаа гадна хоёр гуравдугаар суваг нээсэн. Ийгл, Шууд болон Боловсрол телевиз нэгдэж Монгол Масс Медиа группэд харьяалагдах болсон зэргээс ч харж болно.
Улаанбаатар хотын арилжааны телевизүүдийн өнөөгийн байдал, өрсөлдөөний байршил, цаашдын чиг хандлагад хийсэн судалгааны үр дүнд дараах зүйлс дээр анхаарах шаардлагатай гэж үзлээ.
Бүтээгдэхүүний ялгарлыг бий болгох тал дээр анхаарч ажиллах шаардлагатай. Салбарт 16 телевиз үйл ажиллагаа явуулж байгаа, үндэсний телевиз болон сүүлийн үед эрчимтэйгээр өсөж буй орлуулах бүтээгдэхүүн үйлчилгээ болох кабелийн сувгуудыг оролцуулбал өрсөлдөөн ширүүн байгаа гэж үзэж болно. Нөгөө талаас цахим хэвлэл мэдээллийн хэрэгсэл, түүний хэрэглээ өсөж байна. Эдгээр нь үзэгчдийн тоог хувааж, тэдэнд бага зардлаар хялбархан сольж болох сонголтуудыг бий болгож байгаа тул үзэгчдээ хадгалах, тэднийг өөртөө татахын тулд үзэгчдэд үнэ цэнийг өгч чадахуйц, орлуулашгүй бүтээгдэхүүн үйлчилгээг санал болгох нь чухал юм. Тухайлбал, Монгол телевиз нь 2009 оны 9 сард албан ёсоор эфирээ цацаж эхэлснээс хойш 2 хүрэхгүй жилийн хугацаанд тэргүүлэгчдийн байршилд нэгдэн орсон бөгөөд энэ нь тэдний баялаг агуулгатай нэвтрүүлгийн бодлого, шинэлэг дүр төрх, мэргэжлийн байдал, дуу дүрсний HD гаралт зэрэг бусдаасаа ялгарч чадсан олон давуу талтай нь холбоотой юм.
Арилжааны шинж чанартай нэвтрүүлэгт бодлоготой хандах хэрэгтэй байна. Судалгаанаас харахад салбарын телевизүүдийн эфирийн цагт мюзик зар, ажлын зар, бизнес мэдээ, ТВ дэлгүүр, өглөө болон өдрийн зочин нэрийн дор явагдаж буй арилжааны шинж чанартай нэвтрүүлгүүд багагүй хувийг эзэлж байгаа бөгөөд энэ байдал нь тэдний үзэгчдээ алдах, цаашлаад нэр хүнд байр сууриа алдахад нөлөөлж байна. Тухайлбал энд TV8, TV5, C1 телевизүүдийг нэрлэж болох бөгөөд гэтэл тэд 3 гаруй жилийн өмнө хамгийн олон үзэгчидтэй эхний 5 телевизийн эгнээнд багтдаг байсан бол одоо TV5 телевиз тэмцэгчийн байршилд, TV8 болон C1 телевизүүдийн хувьд дагалдагч болон хувирсан байна.
Мэдээллийн хөтөлбөрөө сайжруулахад анхаарч ажиллах нь зүйтэй гэж үзэж байна. Учир нь дэлхийд тэргүүлэгч орнуудын жишээнээс харахад мэдээллийн хөтөлбөрөөр брэнд бүтээх нь түгээмэл байдаг бөгөөд энэ нь тэдэнд өндөр рейтинг, орлогыг бий болгоод зогсохгүй үзэгчдийн тухайн телевизийг хүлээн авах боломжийг дээшлүүлдэг гэж судлаачид үздэг. Хэвлэлийн хүрээлэнгийн судалгааны үр дүнгээс харахад хамгийн өндөр рейтингтэй мэдээ, мэдээллийн хөтөлбөрөөр тогтмол МҮОНТ тэргүүлдэг. Тэргүүлэгчдийн байршилд буй TV9 болон UBS телевизүүдийн мэдээ, мэдээллийн хөтөлбөр нь рейтинг өндөртэй байдаг тул тэд энэ талаа сайжруулан хөгжүүлэх бүрэн боломж бололцоотой гэж үзэж байна. Түүнчлэн бусад телевизүүдийн хувьд ч бүгд мэдээллийн хөтөлбөр бэлтгэн үзэгчдэд хүргэж буй, тиймээс энэ чиглэлийн туршлага боломж ч бас байгаа юм.
Одоо манай телевизүүд техник технологийн сайжруулалт, тоон систем, HD технологид шилжихэд анхаарах хэрэгтэй. Засгийн Газраас 2021 он гэхэд бүрэн тоон системд шилжсэн байхаар төлөвлөн, үндэсний хөтөлбөр боловсруулан ажиллаж эхлээд байгаа бөгөөд үр дүнд нь хэрэглэгчдийн хүлээн авах хүчин чадал сайжирна. Түүнчлэн энэ нь телевизүүдэд өөрсдийн нэвтрүүлгийг дуу, дүрсний чанарын өндөр түвшинд хүргэх боломжийг олгож буй тул техник технологийн хөгжлөөс хоцрохгүй байж өөрсдийгөө илэрхийлэх болон эдийн засгийн хувьд хэмнэлттэй байх боломжийг алдаж болохгүй юм.
МХХ
URL: