Эерэг өөрчлөлтөд манлайлъя

2013 он гарлаа. Шинэ он бидэнд, Монголчуудад маань шинэ эрч хүч, тэмүүлэл, өнгө төрх бас өсөн дэвжихүйн хийморь даллан ирлээ. 2013 онд Монголын тулгар төрийн 2222 жилийн тэгш дүүрэн ой тохиож байна. “Аугаа их түүхтэй ард түмэн аугаа их ирээдүйтэй байдаг” хэмээх мэргэн үг бий. Тэгш дүүрэн ой тохиож, үндэстний наран гийсэн шинэ жилдээ Монгол хүн бүрийн зорилго, хүсэл мөрөөдөл тэгш дүүрэн биелж ололт амжилтаар өрнүүн байх болтугай.

JCI Монгол байгууллага. Бид дэлхийн 120 гаруй орны 200 мянга гаруй залуусыг эгнээндээ нэгтгэсэн тэргүүлэгч залуусын олон улсын байгууллагын Монгол дахь салбар. Монголын хагас мянга илүү бизнес эрхлэгч, нийгмийн идэвхитэй, салбар салбартаа тэргүүлэгч залуус JCI Монгол байгууллагын гишүүд билээ. Тэртээ 21 жилийн өмнө Монгол Улсад салбараа нээсэн JCI буюу Junior Chamber International (Дэлхийн залуу үе тэнхим) байгууллага нийгэмдээ эерэг өөрчлөлтийг бий болгогч, түүнийг манлайлагч залуусыг төлөвшүүлэх зорилготой байгууллага юм.

Бид 2013 онд нийгэмдээ “Эерэг өөрчлөлтөд манайлъя”  (Lead to positive change) уриан дор хийх ажлынхаа зорилго, зорилтуудыг дэвшүүлээд байна. Мөн 2013 онд манай байгууллагын үзэл санааг дэмжигч, эерэг өөрчлөлтөд эрмэлзэгч мянга мянган залуусыг манай байгууллага хүндэтгэл дүүрэн урьж байна.

Дэлхий дахины эдийн засгийн хүчирхэг дэвжээнээ Монгол Улс байгалийн баялгаараа гайхагдан өндийж байна. Харин энэ баялгийг ард түмнийхээ аз жаргал, хөгжил дэвшлийн тулгуур болгох бодит эрдэм нь монгол хүн бүрийн тархи зүрхэнд бий гэдэгт бид итгэдэг. Тэр тусмаа Монгол залуу хүн бүрийн бодол сэтгэл, зорилго тэмүүлэлд эх орноо улам гэгээлэг болгох гайхамшигт чадвар бий гэдэгт бид бат итгэдэг.

Байгаагаасаа илүү байж чаддаг, энгийн биш энтэй амьдардаг, хүсэл мөрөөдөл дүүрэн Монголын залуус Монгол бахархлыг хамтдаа бүтээж эх орныхоо идэвхтэй иргэн нь байж эерэг өөрчлөлтөд манлайлагч нь байх болтугай!

 

 


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих