“Зууны мэдээ” сонины шилдгүүд тодорлоо
“Зууны мэдээ” сонин 2012 оны шилдэг бичлэгийн эздээ тодрууллаа. Хэн хэн энэхүү эрхэм хүндтэй шагналын эзэн болсныг уншигчиддаа хүргэж байна.
Тоймчдын албаны дарга Ч.Үл-Олдох
Сэтгүүлч хүнд байх бүх чанар түүнд цогцолсон гэхэд болно. Аливааг өөр өнцгөөс харж, тэр бүр хүний санаанд оромгүй зүйлийг олж гарган, бичлэгийн өнгө аясаараа Монголын сэтгүүл зүйд өөрийн гэсэн имижийг хэдийнэ тогтоосон нийтлэлчдийн нэг яах аргагүй мөн.
Тэр хөшигний цаадах улс төрийн тохиролцоог ил гаргахаас гадна хөрөг нийтлэл, ярилцлагуудаараа бид бүхэнд сэтгэлийн цэнгэлийг эдлүүлж, амьдралын сайхан хийгээд, цаг хугацааны үнэ цэнийг мэдрүүлдэг билээ.
Бичиж буй, ярилцаж буй эрхмийнхээ дотоод ертөнцөд нэвт шувт нэвтэрч, хүмүүсийн тэр бүр мэддэггүй дурсамж дурдатгалыг нь олонд дэлгэн, уншигчдаа өөрийн эрхгүй байлдан дагуулдгаараа онцлогтой. Миний мэдэхэд тэрээр “Зууны мэдээ”-гийн шилдгээр дөрвөн удаа тодорч байна.
Энэ удаа “Мантуушийн маапаан”, “Ноён уулын мөхөл” эрэн сурвалжлах цуврал нийтлэл үүдээрээ шилдгийн шилдэг хэмээх эрхэм шагналын эзэн боллоо.
Фото сурвалжлагч Б.Мөнхбат
Фото сурвалжлагч Б.Мөнхбат бол энэ салбартаа удаагүй эрхэм. Өмнө нь дизайнер байсан залуу өдгөө зургийн аппарат үүрч яваа. Гэхдээ түүний торгон мэдрэмж, өнгө дүрсийн зохицол ялгах чадамж зэрэг нь оны онцлох сэтгүүлч болоход хүч болов.
Түүний зургийг уншигчид харах дуртай. Үйл явдлын халуун цэгийг нийтлэл сурвалжлагагүйгээр нэг л агшин болгон амьдруулах чадвартай учраас би ч бас зургийг нь харах дуртай. Эрхэм андаа жил, жилд улам өсч сэтгүүл зүйн түүхэнд нэрээ үлдээх нэгэн гэдэгт итгэл төгс байна.
Улс төрийн мэдээллийн албаны дарга Б.Нямсүрэн
Сэтгүүлчийн мэргэжилдээ дэндүү хайртай бүсгүй. Дэлхий дээрх хамгийн хүнд хөдөлмөр уурхайчны мэргэжил. Дараа нь сэтгүүлчийн мэргэжил ордог юм билээ. Ийм хатуу хүнд мэргэжлийг сонголоо ч хүссэн бүхэн хийж чаддаггүй.
Б.Нямсүрэн бол оюутны ширээнээс энэ хатуу хүчир, эр зориг, ухаан, авьяас шаардсан мэргэжлийг сонгож манай сонины өндөр босгыг давж орж ирсэн. Үзэг барьж, сэтгүүлчдийн хатуу хөдөлмөрт хөл тавихдаа тэр өвдөг нугараагүй, ханцуй шамлаж “аварга”-уудтай эн зэрэгцэж орж ирсэн. Одоо ч тэрээр аваргуудын эгнээнд жагсаж яваа. Энэ удаа тэрээр “Х.Баттулга VS Н.Алтанхуяг” нийтлэл, “Г.Батхүү: Намаа шүүмжилсэн болгоныг дарга болох нь гэж хардах хэрэггүй” ярилцлага, “Байлдан хамгаалахын сайд Ж.Энхбаяр” нийтлэлээрээ шилдэг бичлэгийн эзэн байлаа.
Улс төрийн мэдээллийн албаны сурвалжлагч Д.Болормаа
“Зууны мэдээ”-д бол хүн болгоны хайрладаг хүн, нөхдөдөө хүндтэй найз нь, уншигчдын хувьд хүсэн хүлээж уншихыг хүсдэг сэтгүүлч нь байж чаддаг. Эршүүд, гүндүүгүй хэрнээ сэтгүүл зүйн торгон мэдрэмжтэй нэгэн.
Тэрээр энэ удаа “АН-ынхан засаг авлаа. Одоо С.Зоригийн хэрэг илрэх үү” нийтлэл, “Х.Тэмүүжин: Эрх мэдэл, мөнгөтэй нь хуулиас дээгүүр байх цаг дууссан” ярилцлага, “Монголын малчин Канад эрийнд зочиллоо” сурвалжлагаараа шилдэг бичлэгийн эзэн боллоо.
Эдгээр эрхмээс гадна сонины арын фронтод зүтгэдэг залуус маань шилдэг ажилтан, шилдэг менежер, шилдэг дизайнер гэсэн хүндтэй шагналыг хүртсэн. Тухайлбал, сонины маань өнгө зүсийг хариуцаж өдий хэмжээнд өнгөтэй авч яваа дизайнер Ш.Цогт, сонины санхүүгийн эх үүсвэрийг олдог рекламны “мангас” Л.Цэцэгжаргал, эрхэлсэн ажилдаа хариуцлагатай ханддагаараа бусдаас ялгарах Н.Мягмардаш, П.Болдбаатар нар “Зууны мэдээ”-гийн шилдэг нь байлаа.
Түүнээс гадна дурьдахгүй өнгөрч болохгүй өөр нэг зүйл гэвэл манай сонин орон нутаг бүрт өөрийн гэсэн “Элчин сайд”-тай. Өөрөөр хэлбэл, аймаг бүрт сэтгүүлчтэй гэсэн үг. Тэд маань орон нутагт болж байгаа үйл явдлыг уншигчиддаа хором бүр мэдээлж байна.
Энэ удаагийн орон нутгийн шилдэг сэтгүүлчээр Дархан-Уул аймаг дахь сэтгүүлч Ө.Рагчаасүрэн ах маань тодорсон. Тэр харахад “туяхан” ч бичсэн бүхэн нь хатуу. Хатуу гэдэг нь үнэнийг хэлж чаддаг учраас тэр. Тэр ч утгаараа өнөөдөр сэтгүүл зүйн салбарт ихийг хийж дөрөв дэх засаглалын ноён нурууг гаргахаар тэмцэж яваа ахмад сэтгүүлч. Түүний хурц тод нийтлэлд улстөрчид шүүмжлэгдвэл асуудал болдог.
Харин тусгай шагналыг Эдийн засгийн албаны албаны дарга Б.Солонго, Нийслэлийн мэдээллийн албаны дарга Д.Мягмар, Урлаг соёл, спортын мэдээллийн албаны дарга Х.Мөнхжаргал, Улс төрийн албаны сурвалжлагч М.Ганцэцэг, Иргэний нийгэм, нийгмийн мэдээллийн албаны дарга Б.Энхтуул нарт Ерөнхий эрхлэгч Д.Отгонбаяр, орлогч эрхлэгч Б.Төмөртогоо нар шагналыг нь гардуулан өгсөн юм.
zuunii medee
URL: