2013 онд Монголчуудыг гэрэлт ирээдүй угтаж байна

2013 он хэдийнэ гарч, хүн бүр шинэ ондоо хийж бүтээх ажлаа төлөвлөж байгаа. Зарим нь ч бүр аль хэдий нь төлөвлөчихсөн биз. Тэгвэл та бидний гэрэл гэгээтэй  ирээдүйдээ тэмүүлэх чин эрмэлзлэлийг тань улам батжуулах сайхан мэдээ дуулгая.

Энэ он Монголчууд бидний хувьд хөгжил дэвшил, бүтээн байгуулалтаар дүүрэн байх нь тодорхой болж, бид хөгжил дэвшилд нэг биш нэлээн хэдэн алхмаар ургашлах нь тодорхой боллоо. Учир юунд вэ гэхээр “шинэ төмөр зам, газрын тос боловсруулах үйлдвэр, олон улсын нисэх онгоцны буудал, зургаан аймгийн төвийг холбосон хатуу хучилттай зам, дулаан цахилгааны шинэ станц болон цементийн үйлдвэр” барих ажлууд эхлэж, зарим нь бүрэн эхээрээ ашиглалтанд орох юм.

Тодруулбал, нийт 1800 км орчим төмөр замыг “Таван толгой- Сайншанд-Баруун урт-Хөөт-Чойбалсан-Хөөт нөмрөг”, “Таван толгой-Гашуун сухайт” гэсэн чиглэлд Монголын болон гадаадын хөрөнгө оруулагчдийн тусламжтайгаар энэ ондоо ажлаа эхлүүлж 2016 он гэхэд бүрэн ашиглалтанд оруулахаар ажиллана.

  • Жилд хоёр сая тонн, долоон төрлийн бүтээгдэхүүн гаргах “Дархан газрын тос боловсруулах үйлдвэр” болон “Чойрын газрын тос боловсруулах үйлдвэр”-ийн бүтээн байгуулалтын ажлыг энэ жил Чингис бондоос босгосон 1,5 тэрбум төгрөгөөс эхлүүлэх яриа засгийн газарт яригдаж байгаа. Ер нь бол барих ажил эхлэх нь дамжиггүй гэдгийг Н.Алтанхуяг сайд амласан гэхэд хэлсдэхгүй. Мөн л 2016 онд бүрэн эхээрээ ажиллаж эхэлнэ.
  • Монголчууд анх удаагаа олон улсын стандартад нийцсэн цоо шинэ олон улсын нисэх буудлын шавыг  Хөшигтийн хөндийд  ирэх дөрөвдүгээр сард тавих гэж байна. Хөшигтийн хөндийн нисэх онгоцны будлын барилгын ажлыг Японы Мицубиши Чиёодо компани гүйцэтгэн 2016 онд ашиглалтанд оруулах юм. Харин энэ оны 12-р сард бараг л олон улсын гэж хэлж болохоор “Хамбумбат” хэмээх 1462,5 км талбайг эзлэх нисэх онгоцны буудал Өмнөговь аймгийн Ханбогд суманд нээлтээ хийнэ.
  • Зам дагаж хөгжил ирдэг гэдэг. Тэгэхээр хөгжлийг хурдавчилах зорилгоор энэ ондоо багтан “Дорнод, Дундговь, Дорноговь, Өмнөговь, Баянхонгор, Хөвсгөл” аймгуудыг хатуу хучилттай замаар бүрэн холбож дуусгах юм.
  • Нийслэлчүүд маань хотдоо багтахаа больж, анх 500 мянган хүн амьдрахаар төлөвлөсөн дулаан цахилгааны  станцийн даац хэтэрчихсэн. Үүнээс болоод Улаанбаатарчууд өвөлдөө хагас хөлдөлтийн байдалтай амьдрах болж, үе үехэн цахилгаан, ус тасрах нь хэвийн үзэгдэл болсон. Тэгвэл энэ бүх үзэгдэл тун удахгүй алга болох нь. Төв аймгийн Сэргэлэн сумын Салхит ууланд 50 мвт-ын хүчин чадалтай 100 мянган айлыг эрчим хүчээр хангах хамгийн анхны хувийн хэвшлийн салхин цахилгаан станци 85 хувьтай баригдаж байна. Мөн Амгаланд байрлах “УС-15”-ын дулааны станцын техник, эдийн засгийн урьдчилсан үнэлгээ хийгдэж, хөрөнгө нь төсөвлөгдөөд байна. Дөрөвдүгээр цахилгаан станцийн өргөтгөл энэ ондоо багтан баригдаж дуусах бөгөөд ингэснээр стнацын хүчин чадал 100 мвт-аар нэмэгдэж дахин 200 мянган айлыг цахилгаанаар төвөггүйхэн хангах юм.
  • Орон сууцны үнэ тэнгэрт хадаж, залуу хосууд насаараа төлөх өрөнд унан байж голомтоо бадраах болсоор удаж байна. Жил бүр үнэ нь нэмэгдэх орон сууцны үнийн хөөрөгдөл нь барилгын материалын үнэтэй шууд холбоотой, ихэнхийг нь гаднаас татдаг учираас гадаад зах зээлд барилгын материалын үнэ өсвөл орон сууцны кв/м үнэ дагаад өсөх нь гарцаагүй хэмээн тайлбарладаг. Тэгвэл энэ жилээс эхлэн барилга барих гол цөм материалуудын нэг болсон цементийг эх орондоо хямд үнээр авах боломж нэмэгдэх ажээ. Учир нь 2013 онд багтан Хөтлийн цементийн үйлдвэр нэг сая тонн, долоон төрлийн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай болж өргөжих гэж байна. Мөн МАК компани “Хөх цав”-ын цементийн үйлдвэр барих ажлаа эхлүүлж 2014 оны эхээр бүрэн ашиглалтанд оруулна.
  • Оюу толгойн баяжуулах үйлдвэр оны өмнөхөн нээлтээ хийж, үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.
  • Нэгдүгээр төрөхийн шинэ өргөтгөл болон Яармагт баригдсан эмнэлгийн дулааны шугамыг шийдвэрлэнэ. Ингэснээр эмнэлгүүдийн ачаалал багасаж, иргэд ая тухтай үйлчлүүлэх боломжтой болно. Мөн иргэдийн эрүүл мэндийн даатгалын санг бие даалгах асуудлыг шийдвэрлэж, эмч нарын орон тоог нэмэгдүүлэн, иргэдэд даатгалаараа үнэ төлбөргүй чанартай эмнэлгийн үйлчилгээ авдаг системд шилжинэ.

Дээрхи бүх бүтээн байгуулалтыг дагаад ажлын байр нэмэгдэж, ажилгүйдэл ядуурлын түвшин тодорхой хэдэн хувиар буурах нь тодорхой юм. Тиймээс энэ ондоо бүгд амжилт бүтээлээр дүүрэн байгаарай.

Т.Нарантунгалаг.ugluu.mn


URL:

Сэтгэгдэл бичих