“МТ”-ийнхан шатахууны үнээ 100 төгрөгөөр нэмсэн нь хэл ам дагуулсаар байна

Оны өмнө шатахууны үнэ 50 төгрөгөөр нэмэгдсэн тухай Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас мэдэгдсэн. Гэхдээ литр тутамд нэмэгдэх болсон 50 төгрөг нь шатахуун импортлогчдын “дураараа аашилсан” зүйл биш харин төрөөс явуулж буй бодлого гэдгийг ч мэдэгдэж байсан.

Угтаа шатахууны үнэ төрийн бодлогын ачаар литр тутамдаа 200 төгрөгөөр нэмэгдэх байснаас 50 төгрөг болж буурсан тухай ШӨХТГ-ын дарга О.Магнай иргэдэд хангалттай ойлгуулсан байгаа.

Түүнчлэн өнгөрсөн долдугаар сараас хойш нэмэгдээгүй шатахууны үнэ шинэ оны босгон дээр литр тутамдаа 50 төгрөгөөр нэмэгдэж буй нь бодитой тооцоо, судалгаанд үндэслэсэн үнэ юм гэдгийг жолооч нар ч хүлээн зөвшөөрсөн гэж хэлж болно.

Гэтэл шинэ оны босгон дээр хамгийн их үйлчлүүлэгчтэй гэх “МТ” буюу “Магнай трейд” 100 төгрөгөөр нэмэгдэлтэй үйлчилж байсан нь жолооч нарын эгдүүцлийг хүргээд авав. Жолооч нарын гомдлын дагуу хэд хэдэн нэр бүхий ШТС-ын самбар дахь үнэтэй танилцахад дизель шатахуун 1750, А-95 шатахуун 1750, А-92 шатахуун 1620 төгрөг, А-80 1530 төгрөгийн ханштай байна. Харин литр тутамдаа 100 төгрөгөөр нэмэгдсэн гэх “МТ”-ийн X хорооллын салбарын түгээгч залуугаас үнийн нэмэгдлийн талаар тодруулах гэсэн боловч “Бид зөвхөн шатахуун түгээх үүрэгтэй, Үнийн нэмэгдэл, бууралтын талаар ямар нэг хариулт өгөх эрхгүй гэсэн юм.

“Оны өмнө 50 төгрөгөөр, он гарсаар дахин 50 төгрөгийн нэмэгдэлтэйгээр борлуулах болсон. Гэхдээ нарийн учрыг мэдэхгүй, Мэдээж бусдаасаа 50 төгрөгөөр нэмсэн байхыг жолооч нар хараад хэл ам хийгээд гомдолтой л байна билээ” гэсэн тайлбарыг өгч байв. Ингээд “МТ”-ийн шатахууны үнийн самбар дахь үнийг танилцуулъя. А-80 шатахуун 1630, А-92 шатахууны үнэ 1720, А-95 шатахуун 1820, дизель 1750 гэсэн үнэтэй байсан юм. Ингээд шатахууны үнэ ийн нэмэгдсэнтэй холбоотойгоор өргөн хэрэглээний бүтээгдэхүүний үнийн өсөлтөд ШӨХТГ-аас хяналт тавьж ажиллах тухай О.Магнай хэлж байсны дагуу өргөн хэрэглээний үнэ ханштай танилцахаар “Хүчит шонхор” зах руу очив.

Үнэндээ “Хүчит шонхор” захын бараа бүтээгдэхүүний үнэ хотын төвийн дэлгүүр, худалдааны төвийг бодвол харьцангуй хямд хэмээн тэнд үйлчлүүлж явсан хүмүүс хэлж байсан. Гэхдээ оны өмнөх шатахууны үнэ 50 төгрөгөөр нэмэгдсэн нь энэ худалдааны төвийн түрээслэгчдэд болон өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэд нэг их нөлөөлөөгүй бололтой. Тиймээс ч тус зах бусад худалдааны төвийг бодвол үйлчлүүлэгч ихтэй байна гэлцэх нь сонсдов. Өчигдөр 12 цагийн үед тус захаар ороход нэлээд хөл хөдөлгөөнтэй байсан юм. Гаднах автомашины зогсоол нь пиг дүүрчихсэн. Хаа сайгүй тортой хүнс ногоогоо цуглуулсан хүмүүс харагдав.

Ингээд тус зах доторхи өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг сонирхоход барааны үнэ хэвийн байв. Харин Хүнсний бөөний худалдааны төв гэх “Барс худалдааны төвийн өргөн хэрэглээний үнэ ханшийг сурвалжлахаар зорилоо. Тэнд өргөн хэрэглээний барааны үнэ багадаа 100-300 төгрөгөөр нэмэгдээд авсныг үйлчлүүлж байсан иргэд хэлэв. Тухайлбал, 1000 төгрөгөөр худалдаалж байсан “PS” шүдний оо, “Safeguard” хүүхдийн гарын саван тус бүр 100 төгрөгөөр нэмэгдсэн байх юм. Мөн 420-450 төгрөгөөр зарж байсан барааны саван 500 төгрөг болсон гэх нь тэр. Яаж дутах вэ гэсэн шиг хүнсний бүтээгдэхүүний үнэ ч өсчихөж.

Тухайлбал, “Өгөөж” компанийн еэвэн килограмм нь 2600 байсан бол 2800 төгрөг болж. Ер нь, боов, боорцог гурилан бүтээгдэхүүнүүд мөн үнээ нэмсэн байх юм.

Харин бараа бүтээгдэхүүний үнэ яагаад нэмэгдсэн талаар худалдагч нараас тодруулахад өнөөх л амны уншлага болсон “Цаанаасаа л нэмэгдэж ирж байгаа шүү дээ” гэсэн үгийг хэлж байлаа. Хэдийгээр 100 төгрөг гэж сонсохоор бага мэт сонсогдож байгаа ч таны авах бараа болгон дээрх хэмжээний мөнгөөр нэмэгдсэн гэхээр хүнс, бараагаа цуглуулж байгаа хүн хэтэвчээ хоослоод гарах нь. Жишээ нь, та долоо хоногийнхоо хүнсийг 100 мянган төгрөгт багтаан авдаг байсан бол дор хаяж 20-30 мянга нэмэгдэх нь гэсэн үг.

Валютын ханш өссөн болохоор…

Яагаад барааны саван 500 төгрөг болсон юм бэ хэмээн худалдагчаас лавлахад “Одоо барааны үнэ нэмэгдэж байна. Цаанаа байгаа архи тамхины үнийг хар. Барааны саван 50-60 төгрөг нэмэгдсэн нь харин ч гайгүй. Саван чинь импортын бараа. Валют ханш нэмэгдсэн л нөлөөлсөн. Хэд гурван төгрөгийн ашиг харж байгаа бид үнээ тодорхой хэмжээгээр нэмсэн” хэмээн ярив. Ямартай ч, гадаадаас авдаг импортын бараанаас хараат манай улсын хувьд байж болох тайлбар.

“Ургамлын тосоо авч чадалгүй буцаж байна”

Харин иргэн Л. Бадамгэрэлтэй уулзаж өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн нь иргэдийн амьдралд хэрхэн тусч буй талаар лавлахад “Монголд бараа, бүтээгдэхүүний үнэ сургаар өсөх юм. Хэд хоногийн өмнө кг хиам 6200-6500-аар авдаг байсан бол 7000 төгрөг болчихож. Үнэ нь нэмэгдсэнийг худалдагч нар ийм ч барааны үнэ өссөн, тийм ч бүтээгдэхүүний ханш нэмэгдсэн гэж тайлбарладаг. Эдийн засгийн хаана нь ийм гаж тогтолцоо нуугдсаныг олж, ард иргэдийнхээ нуруун дээрх ачааг хөнгөлмөөр байна. Цалин нэмэгдэхгүй хэрнээ бараа бүтээгдэхүүний үнэ өсөөд байх юм. Би 50 мянган төгрөгт ойр зуурын хүнсээ хангалттай цуглуулдаг байсан бол одоо хүрэхгүй байна гэсэн юм.

Гадуур үнэ ханш ийм байна

Барааны нэр Үнэ ханш
Сүү /л/ 900
Тараг /л/ 1500
Ургамлын тос 3200
Өндөг/ ш/ 240-260
Төмс /кг/ 1000
Байцаа /кг/ 1500
Лууван /кг/ 1000
Атар талх 650
Зууван чех талх 1000
Чинжүү /кг/ 2650
Өргөст хэмх /кг/ 2800
Цөцгий /кг/ 3000
“Миф” угаалгын нунтаг/800 гр/ 3000
“Визо” угаалгын нунтаг 1/кг / 2800
“Соlgаtе”шүдний оо 1400-3000
“Люкс” нүүр гарын саван 550
“Камэя” нүүр гарын саван 1100
Болор архи 17500
Экспорт 0.75 л 13500
0.5 л 9000
Чингис UFC 0.75 л 13500
0.5 л 12000

Х.Баяр-Угтах

Нийсэлэл таймс


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих