Леди Гага: Үнэ цэнээ алддаггүй од гэж Майкл Жексоныг хэлнэ

Өнгөрсөн онд хамгийн их дуулиан, шуугиан тарьсан Холливудын оддын нэг бол яах аргагүй Леди Гага. Түүний гадаад төрх байдал, хэл яриа нь үргэлж л олны дургүйцлийг хүргэж байдаг. Харин Леди Гагагийн дуулсан дуу болгон нь хит болж, тэр ч байтугай “Биллбоард”-ын 2012 оны шилдэг 10 дууны жагсаалтад хоёр ч дуу нь багтжээ. Түүнтэй шинэ оны босгон дээр “Америкийн хөгжим” сэтгүүлийн сэтгүүлч Лита Миллер ярилцсаныг бүрэн эхээр нь хүргэе.

-Өнөөдөр 2012 оны арванхоёрдугаар сарын 22-ны өдөр. Танд юу бодогдож байна?

-Өглөө босоод амьд байгаадаа баярласан /инээв/. Дэлхий нийтээрээ л өчигдрийн тухай /арванхоёрдугаар сарын 21-ний тухай/ ам уралдан ярьж байсан шүү дээ. Яг үнэнийг хэлэхэд худал үгийг мянга давтахаар үнэн болдог гэдэг. Үүнтэй адил сэтгэлд жаахан айдас байсныг нуухгүй. Гэхдээ өнөөдөр бид амьд байна. Энэ бол том аз шүү /инээв/.

-Тэгэхээр Та дэлхий сөнөнө гэдэгт итгэж байсан хэрэг үү?

-Хүн болгон яриад байхад яаж итгэхгүй байх билээ. Би менежертэйгээ 2013 оны ажлын төлөвлөгөө гаргая гэхэд 21-нийг өнгөрөөгөөд болъё гэх жишээтэй. Миний ойр дотнын хүмүүс бүгд л эргэлзэж байсан. Зарим нь бүр айж байсан гэсэн.

-Шинэ онд ямар ажил хийх төлөвлөгөөтэй байна. Амьд үлдсэний баяраа тэмдэглэнэ биз?

-Он гаргаад АНУ-ын томоохон хотуудаар аялан тоглолт хийнэ. Мэдээж үүнээс өмнө амьд үлдсэний баяраа тэмдэглэлгүй яахав. Дараа нь Европын орнуудаар аялан тоглолт хийх байх. Тэгээд Азийн орнуудаар үргэлжлэнэ дээ.

-Таны тухай таагүй мэдээлэл цацагдах болжээ. Дуучин Адельтай жаахан таагүй харилцаатай байдаг бололтой?

-Бид хоёр уг нь дажгүй найзууд. Даанч хүмүүс бид хоёрын дунд яс хаяад байх юм. Намайг “Аделиас тарган”, “Адель надаас илүү дуучин” гэх мэтээр бичиж байгаа нь үнэндээ таалагдахгүй байна. Адель бид хоёрын дуулдаг хэв маяг өөр. Хэн нь хэнээсээ илүү вэ гэдгийг цаг хугацаа харуулна. Түүнээс биш ямар нэгэн шар хэвлэлийн сэтгүүлч бидний чанартай чанаргүйг шүүдэг юм биш.

-Адель Таны хувцаслалтын хэв маягийг шүүмжилсэн байсан. Үүнийг яаж хүлээж авсан бэ?

-Би нэг ч удаа түүнийг “Чи ийм байна. Тиймээс чи ингэх ёстой” гэж зааж зөвлөж байгаагүй. Түүний дуунууд хит болдог нь үнэн. Гэхдээ миний хэв маяг дахин давтагдашгүй болохоор л тэр атаархаж байгаа хэрэг /инээв/.

-Мөн дуулахаас илүү гадна байдалдаа анхаардаг гэж байсан?

-Дуучин хүнд дотоод мөн чанар чухал уу гэвэл чухал. Гэхдээ “Би дотоод мөн чанараараа гангардаг” гээд гадна байдалдаа анхаарахгүй бол жинхэнэ Адель шиг болно. Тэр үргэлж л жин нэмж байдаг. Урлагийн хүн, тэр дундаа дуучин хүн илүүдэл жинтэй байна гэдэг гутамшиг. Сүүлийн үед би жин нэмж байгаа нь үнэн. Энэ дутагдлаа цаг ямагт мэдэрдэг болохоор өөрийгөө дайчилж байгаа. Харин Адель зөвхөн дуулалтдаа анхаарч биеэ гаргуунд нь хаясан хүн.

-Таны этгээд, сонин хувцаслалтын талаар асуухгүй өнгөрч чадахгүй нь. Энэ Таны дотоод мөн чанар уу?

-Үгүй.

-Тэгвэл олны анхаарлыг татах гэж албаар этгээд хувцасладаг хэрэг үү?

-Тийм. Зарим нэг хүн миний энэ байдалд хурдан дасч байхад зарим нь бүр дургүйцдэг. Ямар ч хэв маяггүйгээр од болно гэдэг хэцүү. Од боллоо гэж бодоход хүмүүс хурдан уйддаг юм. Хэрэв Холливудад, дэлхийн урлагийн тавцанд гаръя л гэж бодож байгаа бол эхлээд өөрийгөө эвдэж сурах хэрэгтэй.

-Таныг “Мадоннагийн хуулбар” гэсэн байсан?

-Би хэзээ ч түүнийг дууриаж байгаагүй гэж худлаа ярихгүй. “Муу зураачид хуулбарладаг. Харин аугаа зураачид хулгайлдаг” гэж Пабло Пикассо хэлсэн юм. Үүгээр жишээлэх юм бол би хэзээ ч түүнээс хуулбарлаж байгаагүй. Харин хулгайлж байсан гэвэл нэлээд дөхнө шүү.

-Таны дургүйг хамгийн их хүргэдэг Холливудын од?

-Парис Хилтон.

-Яагаад?

-Тэр бол байдаг л баян айлын бандгар охин. Би түүнийг хэзээ ч урлагийн хүн гэж бодож байгаагүй. Холливудын одонцоруудын нэг байхгүй юу. Өөрийгөө үүлэн дээр хөвж байна гээд бодчихсон. “Одоо болно, Парис. Тэнгэрээс бууж ирэхдээ зөөлөн газардаарай” гэж андын хувиар зөвлөмөөр байна.

-Тэгвэл Таны хамгийн их хайрладаг Холливудын од хэн бэ?

-Мэдээж Майкл Жексон.

-Яагаад?

-Тэр бол байгалиас заяасан авьяастай жинхэнэ од. Одонцоруудын бүдэгхэн гэрлийг арчдаг томоос том од. Түүний орон зай өнөөдөр ч дэлхийн рок поп урлагийн ертөнцөд байсаар байна. Би бага байхдаа ч түүний шүтэн бишрэгч байсан. Одоо ч гэсэн шүтэн бишрэгч нь байсаар л байна. Цаг хугацааны уртад үнэ цэнээ алддаггүй од гэж л түүнийг хэлэх байх.

-Ийм учраас л Та түүний эдэлж хэрэглэж явсан эд зүйлийг цуглуулдаг байх нь?

-Намайг анх Холливудад хөл тавихад тэр уриалгахан хүлээж авсан. Тэгээд надад өөрийн гарын үсэгтэй цомгоо дурсгасан юм. Тэр цагаас хойш түүний алмазан шигтгээтэй бээлий, хүрэм гээд эдэлж хэрэглэж явсан зүйлийг цуглуулж эхэлсэн. Одоо бол жижигхэн музей нээчихээр хэмжээний цуглуулгатай болсон шүү.

-Танд хэлж байсан үнэтэй сургаалаас нь сонирхуулбал?

-“Хэт өндөрт хурдан гарвал амархан унана. Аажим аажмаар гарвал удаан оршин тогтноно” гэж хэлдэг байсан. Тэр өөрөө дэлхийн рок попын урлагаас хаан хэмээх өргөмжлөлийг авах хүртлээ амар хялбар зам туулаагүй. Тийм болохоор л тэр өнөөдрийг хүртэл оршин тогтнож чадаж байна. Хэрэв гэрлийн хурдаар оргилд хүрсэн бол өнөөдөр түүнийг хэн ч санан дурсахгүй байх байлаа.

-Леди Гага хар тамхины тухай ямар бодолтой явдаг вэ?

-Шал дэмий зүйл. Нэг алхам ч ойртоод хэрэггүй. Холхон байсан дээр. Тэр чамайг хэзээ ч сайн зүйлд хөтлөхгүй.

-Мөнгөнд ач холбогдол өгдөггүй хүн гэж байхгүй. Мөнгөний талаар ямар бодолтой явдаг бол?

-Олсныхоо хэрээр үрдэг. Үрснийхээ хэрээр л олдог хүн / инээв/. Гэхдээ ашгийнхаа 70 гаруй хувийг уран бүтээл, хөгжимд зарцуулдаг. Мөн буяны үйлсэд багагүй хөрөнгө гаргадаг шүү. Хүн нэг л удаа амьдрах учраас хүслээ гүйцээгээд буцдаг байх ёстой. Хэрэв тэгж чадахгүй бол эртхэн амьдралаас явсан дээр.

-Тэгвэл Та хүссэнээрээ амьдарч чадаж байна уу?

-Тиймээ, би хүссэнээрээ амьдарч байна. Аз жаргалыг хүн өөрөө бүтээдэг болохоос биш аз жаргал өөрөө ирдэггүй юм. Өнөөдөр болно доо гээд суугаад байгаа хүмүүсийг би ерөөсөө ойлгодоггүй. Харин болохгүйг болгох гэж, чадахгүйгээ чадах гэж хичээж байгаа хүмүүсийг хараад баярладаг. Хүн хүссэнээрээ амьдрахын тулд хөдөлмөрлөдөг, бүтээдэг, хичээдэг байх ёстой.

Р.ОЮУНГОО


URL:

Сэтгэгдэл бичих