С.Ганбаатар: Энэ онд эдийн засгийн өсөлт өндөр байна
Шинэ он гарлаа. Та 2013 онд улсынхаа нийгэм, эдийн засгийг хэрхэн төсөөлж байна вэ?
-Төсвийн тоо баримт ярьж суухаас илүү шинэ он гарч байгаа мөч бүхэнд “Энэ онд Монгол орон сайхан болно. Одоо л нэг зон олны нуруу тэнийнэ” гэж бүгдээрээ бодож байгаа. Жил бүр л ингэж боддог. 2013 онд эдийн засгийн өсөлт өндөр байна гэдэгт итгэлтэй байна.
Яагаад гэвэл монголчууд бид ухаалаг, эв нэгдэлтэй байж, намчирхаж, улстөржиж, хувь хүн талаас нь хандалгүй асуудлынхаа цөм рүү хандвал бид босно. Бидэнд бүрэн боломж бий. Нэгдүгээрт, монголчууд бид маш том төмөрлөгийн цогцолбор үйлдвэртэй болбол улс орны тусгаар тогтнол, эдийн засгийн баталгаа болно.
Төмөр үйлдвэрлэсний дараа л анжис үйлдвэрлэх, зэс хайлуулах үйлдвэр баригдсаны дараа зэсээр турба, янз бүрийн эд анги хийх тухай, жижиг дунд үйлдвэрлэлийн тухай ярьж эхэлнэ. Олон хүнийг ажилтай, орлоготой болгоно. Төмрийн үйлдвэр баригдсанаар барилга байгууламжийн төмөр хийцүүд хийгдэж эхэлнэ.
Эдгээрийг гадаадаас авахгүй байна гэдэг арьс шир, түүхий эд, газрын баялгаар орж ирсэн валют, ам.доллар гадагшаа хамжааргатай гарна гэсэн үг. Манай төмөрлөгийн үйлдвэр ажилд орно гэдэг том зорилт тавьснаар том ажлын эхлэл болно гэж найдаж байгаа. Засгийн газар 1.5 тэрбум ам.долларын бонд босгосон. Үүнийг экспортын чиглэлд оруулж чадвал 2013 оны эдийн засаг сайжирч эхэлнэ.
Экспортын чиглэлийн үйлдвэрлэлд оруулбал ажлын байр бий болж, хүмүүс ажилтай болно. 1.5 тэрбум ам.долларыг хэрэглээ рүү, янз бүрийн тав, зургаа, 10 жилийн дараа үр дүн нь гарахуйц хөөсөрсөн томоохон төслүүдэд оруулж болохгүй. Харин гадаадаас валют, ам.доллар оруулж ирэх хэмжээний экспортын бараа, бүтээгдэхүүнийг дэмжсэн үйлдвэрлэлд оруулж чадвал эдийн засаг өснө.
-Бондыг төмөр зам, дэд бүтцийн чиглэлд зарцуулах тухай яригдаж байгаа. Энэ нь хэр оновчтой юм бол. Эргээд бондын хүүгээ төлөх хэмжээний хөрөнгийг олж чадахгүй юм биш үү?
-Төмөр зам, цахилгаан станц уруу бондын зарцуулалтыг чиглүүлж болохгүй гэж шууд хэлэхгүй. Гагцхүү харьцаа нь зөв байх ёстой. Төмөр зам барилаа гэхэд маргааш нь ам.доллар ороод ирэхгүй. Хоёр, гурав, 5-10 жилдээ ам.доллар орж ирэхгүй. Төмөр зам барих шаардлага бий. Гэхдээ одоо байгаа төмөр замаа сайн ашиглах ёстой. Бид 1.5 тэрбум ам.долларыг доллараар л төлнө.
Цахилгаан станц барих шаардлага бий. Гэхдээ цахилгаан станциа барилаа гээд маргааш нь цахилгаанаа зарж ам.доллар оруулж ирэхгүй шүү дээ. Үүний оронд маргааш ам.доллар олохуйц үйлдвэрлэлд хөрөнгө оруулалт хийж, одоогийн төмөр зам, эрчим хүчээ зөв зүйтэй ашиглаж жил бүр 500 саяас доошгүй ашиг олдог болчихвол дараа нь энэхүү ашгаараа төмөр зам, цахилгаан станц барьж болно.
Энэ харьцааг сайн барих хэрэгтэй. Экспортын чиглэлийн үйлдвэрлэл рүү энэ 1.5 тэрбум ам.долларын 60 хувийг зарцуулж, үлдэж байгаа 40 хувийн 30-аас доошгүй хувийг цахилгаан станц, төмөр замд зарцуулаад 10 хувийг нь өнөө маргаашгүй нурж унах гээд байгаа цэцэрлэг, сургуулийн барилгад зарцуулах хэрэгтэй. Энэ бол ирээдүйд хөрөнгө оруулалт хийж байгаа хэрэг. Ийм гурван зүйлд хувааж зарцуулах ёстой. Энэ харьцааг зөв баривал 2013 оны эдийн засаг сайн байна.
-Экспортын чиглэлийн үйлдвэрлэл гэдгээ тодруулахгүй юу?
-Тухайлбал, арьс ширний бараа, бүтээгдэхүүн байна. Арьс шир бол маргааш валют оруулж ирэх боломжтой. Шууд түүхийгээр нь гаргах бус боловсруулж эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж экспортолбол ажлын байр бий болгоно, доллар олж ирнэ. Мөн төмөрлөгийн үйлдвэр байна. Шороотой хүдрийг шууд гаргахад тонн нь 100 ам.доллар ч хүрэхгүй 70, 80 ам.доллар хүрвэл их юм.
Тэгэхээр үүнийг сайн баяжуулж шохойтой, нүүрстэй зуураад хорголжин төмөр болгож экспортолбол тонныг нь 400 ам.доллараар гаргаж болно. Түүнчлэн зэс хайлуулах, нефть боловсруулах үйлдвэр маш чухал. Хэрэв хэрэгжиж эхэлбэл гадагшаа урсах валютыг Монголдоо шингээдэг болно.
Үүнийг би экспортын үйлдвэрлэл буюу импортын бараа, бүтээгдэхүүнийг орлох үйлдвэрлэл гэж яриад байгаа юм. Энэ дашрамд хэлэхэд, Засгийн газраас энэ чиглэлд идэвх, чармайлттай ажиллахыг хичээж байгаа гэдэгт итгэлтэй байна. Үүн дээрээ л тууштай байх ёстой. Аюултай зүйл нь юу вэ гэвэл энэ 1.5 тэрбум ам.долларыг төсөл хэлбэртэй цаас үйлдвэрлэж, улсын үйлдвэрийн газар гэх нэрийдлээр шахааны бизнес шиг мөнгө зувчуулах арга замаар явбал Монголын 2013 оны эдийн засаг хүнд байдалд орно.
Тиймээс ийм асуудал гаргахгүйн тулд төсвийн болон бидний нэрээр орж ирсэн бондыг хөндлөнгийн бие даасан мэргэжилтэн, шинжээчдийн дүгнэлт гаргасан төслүүдэд зарцуулах ёстой. Улстөрчид дангаараа шийдэж болохгүй. Үүнд хяналтын механизмыг сайн болгож ТЭЗҮ-ийг сайтар боловсруулах шаардлагатай.
-Та энэ онд томоохон ямар ажил хийхээр төлөвлөж байна?
-Энэ онд төлөвлөсөн хамгийн том ажил бол Оюутолгойн гэрээ. Уг гэрээ маш хуудуутай болсон. Оюутолгойн баяжуулах үйлдвэр ашиглалтад ороод эхэлчихлээ. Тиймээс Оюутолгойн гэрээ, үйлдвэрийг Монголын ард түмэнд ашигтай байх талаас нь би ажиллана. Оюутолгойн төсөл бол Монголын ард түмний найдвар.
Би ард түмнийхээ найдварыг хөсөрдүүлье гэж боддоггүй. Оюутолгойн гэрээг ард түмэнд танилцуулж, үнэнийг нь ойлгуулах ажлыг бид энэ жил хийнэ. Баяжуулах үйлдвэр Хятадаас эрчим хүчээ авч байгаа. Гэтэл Хятадаас цахилгаан худалдан авах гэрээг Монголын Засгийн газар өнөөдрийг хүртэл яагаад мэдэхгүй байгаа юм.
Яагаад энэ талаар “Оюутолгой” төслөөс монголчуудад хэлэхгүй байгаа юм. Үүнийг бидэнд мэдэх эрх байна уу. Мөн Оюутолгойн баяжуулах үйлдвэрт баяжуулсан зэс, алтны баяжмал ямар үнээр урагшаа гарч байгаа юм. Борлуулалтын гэрээг нь Монголын Засгийн газар үзэх эрхгүй юм уу, эсвэл үзчихээд бидэнд үзүүлэхгүй байгаа юм уу.
Энэ чиглэлээр бид тэмцлээ үргэлжлүүлнэ. Өнөөдөр баяжуулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын зардал яагаад өсөөд байна. Энэ бол Монголын ард түмний эрх ашгаас зувчуулж байна гэсэн үг. Анх 2007 онд 2.4 тэрбум ам.долларын бүтээн байгуулалтын зардал гарна гэж байсан. Дараа нь дөрвөн тэрбум ам.доллар болсон. Дараа нь 5.1 тэгээд зургаан тэрбум болсон.
Одоо 7.8 тэрбум ам.доллар болчихоод байна. Ингэж өсч байгааг яагаад Монголын ард түмэнд мэдээлэхгүй байна вэ. Үүнийг мэдэх эрх надад, Монголын ард түмэнд байна уу. Энэ олон шахааны бизнесээс болж монголчуудад эрх ашиг байхгүй болж сүүлдээ алдагдалтай баланс гарах гээд байвал яах вэ.
Үүний төлөө тэмцэнэ. Мөн Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийг батлуулна. Баталсных нь дараа энэ хуулийг хэрэгжүүлэх маш том ажил бий. Дархан-Уул аймагт орон сууцны томоохон хөтөлбөр хэрэгжүүлнэ. Маш олон ажлын байр бий болгох хөтөлбөрүүдийг Дархан- Уул аймгийн Засаг дарга, удирдлагуудтай хамтарч хийнэ.
Ц.ЖАРГАЛ
URL: