Н.Энхбаяр даргадаа барьсан МАХН-ынханы “шинэ жилийн бэлэг”

Зарим хүн МАХН-ыг Н.Энхбаяр төвтэй нам гэж гоочилдог. Энэ ч үнэний ортой л байх. Гэхдээ он солигдож 2013 он гарснаар “Хувьсгалт” нам Н.Энхбаяр төвтэй нам байхаа больсон бололтой. Он солигдох мөчид энэ намыг, тэр дотроо намын даргыг нь тойрсон олон үйл явдал өрнөсөн сурагтай.  Эх сурвалжийн өгүүлж байгаагаар намынх нь дотоодод олон ургальч үзэл буюу ардчиллын салхи сэвэлзэж, “Нэг хүнээс хараат” гэдэг муу нэрнээсээ салах бодлого хэрэгжиж эхэлсэн бололтой юм. Энэ талаар хоёр жишээ өгүүлье.

1.Өмнө нь бүхнийг фронтод гэдэгтэй адил бүхнийг Н.Энхбаярын төлөө гэдэг байсан хүмүүс өнгө төрх үзэл бодлоо өөрчилж эхэлсэн талаар МАХН-д ойрын эх сурвалж хэллээ. Тус нам ийн либералчлагдаж эхэлсэн нь Дээд шүүхийн шийдвар гарсантай холбоотой гэнэ. Тухайн үед Улсын дээд шүүхийн шүүгч нар МАХН-ын дарга Н.Энхбаярт холбогдох эрүүгийн хэргийг авч хэлэлцээд ялыг нь хөнгөрүүлсэн ч цагаатгасныг олон нийт мэднэ. Өөрөөр хэлбэл, Н.Энхбаярыг эрүүгийн гэмт хэрэг үйлдсэн гэж дээд шатны шүүгчид хэлбэрэлтгүй үзсэн. Тэдний хэлбийсэн ганц зүйл нь  биеэр эдлэх ялыг нь 2.5 жилээр хасч, үлдэж байгаа хоёр жилийн ялыг биечлэн эдлэхээс өөр замгүй болгосон. Ингээд нэгэнт шүүх түүний санаснаар хөдөлж өгөөгүй учраас Н.Энхбаяр гарын доорхи хүмүүсийнхээ нэг Эрүүл мэндийн сайд С.Удвалаар “Эрүүл мэндийн шалтгааны улмаас хорих ялыг биечлэн эдлэх боломжгүй, аргаа барахад Хорихын эмнэлэгт бус иргэний эмнэлэгт эмчлүүлэх шаардлагатай” гэсэн дүгнэлт гаргуулах боломж үлдсэн гэхэд болно. Тэр ч “шоо”-гоо хаясан бололтой юм. Гэтэл санаанд оромгүй зүйл тохиолдож “шоо” нь хүссэнээр нь буугаагүй аж. Өөрөөр хэлбэл, Н.Энхбаяр шүүхийн шийдвэрийнхэнтэй ойлголцсоны үндсэн дээр арванхоёрдугаар сарын 29-ны өдөр гэхэд сайдын гарын үсэгтэй дүгнэлт ШШГЕГ-ын даргын ширээн дээр бэлэн байх ёстой гэсэн тушаалыг эхнэр О.Цолмонгоороо дамжуулж С.Удвал сайдад өгчээ. Гэвч заасан хугацаанд нь түүний эрүүл мэндийн талаархи дүгнэлт бэлэн ирсэнгүй. Уг нь тэр бичиг ирсэн бол арванхоёрдугаар сарын 30-ны орой Н.Энхбаяр Хорих 401 дүгээр ангиас гарч хуучнаар “Сайд нарын хоёрдугаар эмнэлэг”-т хэвтэж далимд нь гэр бүлийнхэнтэйгээ оргилуун дарс буудуулан шинэ оноо угтахаар төлөвлөсөн бололтой. Харамсалтай нь Эрүүл мэндийн сайд С.Удвал яагаад ч юм “эзэн”-ийнхээ хүссэнээр хөдлөөгүй аж. Ийнхүү экс Ерөнхийлөгчийн шинэ оныг хорих ангиас гарч, нэгэн цагт сайд нарын тухалдаг асан эмнэлэгт угтах төлөвлөгөө нь бүтэлгүйтсэн байна. Харин Эрүүл мэндийн сайд арванхоёрдугаар сарын 29-ны орой ажил тарсан хойно л нөгөө бичгээ үйлдэж, гарын үсгээ зурсан гэнэ. Гэхдээ тэр бичгээ шууд ШШГЕГ-т хүргүүлсэнгүй. Хуулиараа бол өвчтнийг хорихын эмнэлгээс гаргаж иргэний эмнэлэгт шилжүүлэхэд Эрүүл мэндийн сайд болон Хууль зүйн сайд  нарын хамтарсан тушаал, гарын үсэгтэй албан бичиг хэрэгтэй байдаг юм байна. Тиймээс С.Удвал сайд өнөөх бичгээ Хууль зүйн яаманд хүргүүлсэн гэдгээ өөрөө хэлж байна лээ.  Ийнхүү болж өнгөрсөн үйл явдал санаатай байв уу, эсхүл санамсаргүй тохиолдсон адал явдал байв уу гэдэгт хамгийн их эргэлзэж байгаа хүн бол О.Цолмон ажээ. Түүнд ойрхон байдаг хүний хэлж байгаагаар О.Цолмон энэ хэрэг явдалд дэлбэртлээ уурлаж, С.Удвал сайд болон МАХН-ын Гүйцэтгэх товчооныхонд хуурай агсам тавьсан сурагтай. Н.Энхбаяраар хөтлүүлж улс төрд орсон, түүний босгосон энэ намын нэр хүндээр УИХ-ын гишүүн, сайд болсон хүмүүсийн  ийн авирласныг О.Цолмон эзнийхээ эсрэг “бослого” дэгдээсэнтэй адил хэрэг гэж үзэж байгаа аж. Тиймээс маргааш хэвлэлийн бага хурал зарлаж, МАХН-ын Гүйцэтгэх товчооны гишүүдийг бут авах сурагтай байна.

2.Арванхоёрдугаар сарын 28-ны өдөр Ц.Оюунбаатар УИХ-ын гишүүний тангарагаа өргөсөн. Уг нь тэрээр Н.Энхбаяр даргынхаа хүсэлтээр тангараг өргөлгүй бараг хагас жил хүлээсэн. Гэвч энэ хугацаа түүнд хангалттай санагдсан бололтой. Өнгөрсөн арванхоёрдугаар сарын 28-ны өдөр МАХН болон “Шударга ёс” эвсэлийн удирдлагуудтай уулзаж, 2012 ондоо багтаж тангарагаа өргөнө гэсэн байр суурьтай байгаагаа дуулгажээ. Нөгөөдүүл нь ч түүний хүсэлтийг татгалзалгүй хүлээж авсан бололтой юм. Энэ тухай мэдээг ШШГЕГ-ын харъяа Хорих 401 дүгээр ангийн эмнэлэгт эмчлүүлж байгаа Н.Энхбаярт Ц.Оюунбаатар өөрөө очиж хэлсэн гэдгээ хэвлэлээр хэлсэн байна лээ. Харин энэ мэдээг сонссон Н.Энхбаяр даргын бие хямарч, эмч нарыг сандаргасныг хэлэлгүй орхисон байв. Ингээд Ц.Оюунбаатарыг УИХ-ын танхимд тангараг өргөхөөр Төрийн ордонд ирэхэд МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн гишүүдээс бүлгийн ахлагч Н.Батцэрэг, М.Сономпил нар л УИХ-ын чуулгандаа сууж байлаа. Тэд бол МҮАН-ын төлөөлөл. Харин МАХН-ынханаас нэг ч хүн байгаагүй нь сонирхол татлаа. Хэдийгээр Төрийн ордонд Л.Цог гишүүн байсан ч тодорхойгүй шалтгаанаар УИХ-ын чуулганд оролцоогүй. Бусалд нь хаана байсныг хэлж мэдэхгүй байна. Тэд өмнө нь Ц.Оюунбаатарыг тангараг өргүүлэхгүй гэж УИХ-ын чуулганыг бойкотлож байсан удаатай. Энэ асуудлаар албан ёсоор завсарлага авч байсан “Шударга ёс” эвслийн бүлгийн ахлагч Н.Батцэрэг  хуруугаа ч хөдөлгөсөнгүй. Тэрээр эвслийн бүлгийн ахлагчийн хувьд завсарлага авч болох байсан ч тэгээгүй. Харин бусад нь Ц.Оюунбаатарыг тангараг өргүүлэхийг дэмжсэн гэж хэлээгүй ч эсэргүүцээгүй нь ямар учиртай юм бол. Ялангуяа, “Шударга ёс” эвслийн бүлгийн ахлагч Н.Батцэрэг өмнө нь хэлж байснаас тэс өөр утгатай ярилцлага хэвлэлд өгчээ. Тэрээр “Ц.Оюунбаатар гишүүн 2012 ондоо багтаж тангарагаа өргөх хүсэлтээ гаргасан байна. Нэгэнт УИХ-ын сонгуулийн үр дүнд сонгогдсон гишүүн бол тангарагаа өргөх л ёстой шүү дээ. Хуулийн зөрүүтэй ойлголт, нэрсийн жагсаалтаас хасагдсан хүмүүсийн тухай асуудлаар хууль хяналтын байгууллага, шүүхээс  тодорхой  шийдвэр гарах хүртэл тангараг өргөхөө түр хүлээе гэсэн байр суурьтай байсан юм билээ. Гэхдээ УИХ-ын сонгууль 2012 онд болсон учраас ондоо багтаж гишүүний тангарагаа өргөмөөр байна гэсэн хүсэлтийг өөрөө албан ёсоор гаргасан учраас тэрхүү хүсэлтийг нь хүндэтгэж үзсэн байгаа. УИХ-ын гишүүний  2012 оны  сүүлийн чуулганы нэгдсэн хуралдаанаар тангараг өргөх ёстой гэж албан ёсоор бүлгийн гишүүдэд асуудлаа тавьсан. Тиймээс бид тангараг өргүүлэх нь зүйтэй гэж үзсэн. Ер нь УИХ-ын Дэгийн тухай хуулиар тухайн сонгогдсон гишүүн өөрөө хүрэлцэн ирсэн тохиолдолд хуулиараа хэн нэгэн хүн үүнийг хориглох аль эсхүл өөр байдлаар авч үзэх эрхгүй. Тийм учраас Ц.Оюунбаатар гишүүний тангараг өргөх хүсэлтийг бүлгийн зүгээс хангах учиртай” гэжээ. Ийнхүү шинэ оны босгон дээр МАХН-ын гишүүд намынхаа даргад өвөрмөц бэлэг барьжээ. Бас намдаа шинэ өнгө нэмж, дотооддоо ардчилагдаж байгаа бололтой. Тэднийг ийм байхад хэн “Н.Энхбаяр төвтэй нам” гэх юм бэ.

Т.Баяр

new.mn


URL:

Сэтгэгдэл бичих