“Сэлбэгээ сольж чаддаггүйн улмаас автобус, троллейбус шатаж байна”
35 амперын гал хамгаалагч буудсанаас троллейбусанд гал гарчээ-
Өнгөрөгч оны сүүлээр нийтийн тээврийн хоёр ч автобус шатав. Тодруулбал, Хөвсгөлөөс Улаанбаатарын чиглэлд зорчигч тээвэрлэж явсан “Мин транс” ХХК-ийн “Дэү” маркийн УМИ-21 11 улсын дугаартай автобус замдаа шатсан байна.
Автобусанд жолооч, зорчигч нийлсэн 45 хүн явсан байна. Мөн арванхоёрдугаар сарын 28-ны өдөр “Цахилгаан тээвэр” ХХК-ийн троллейбус нийтийн үйлчилгээнд явж байгаад хойд хэсгээсээ гэнэт шатсан аж. Уг хэргийн мөрөөр “Цахилгаан тээвэр” ХХК-ийн Депогийн дарга Д.Ариунболдтой уулзаж зарим зүйлийг тодрууллаа.
-Аль чиглэлд явдаг ямар троллейбусанд гал гарсан бэ. Галын шалтгааныг тогтоосон уу?
-III, IV хорооллоос Офицеруудын ордон хүртэлх шугаманд явдаг 0-05 дугаарын JEA загварын троллейбусанд гал гарсан. Тухайн үед тус троллейбус Баянзүрх дүүргийн XIII хорооны ойролцоо замын хөдөлгөөнд оролцож байсан. Тэгэхэд троллейбусны хойд хэсэгт гал хамгаалагч шатсаны улмаас гал гарсан байсан. Галын урьдчилсан дүгнэлтээр хүчдэлийн удирдлагын хэсэгт 35 амперын гал хамгаалагч буудсанаас гал гарсан гэж үзсэн.
-Энэ хэрэг хэдэн цагийн үед гарсан бэ. Троллейбусанд хэдэн хүн зорчиж байсан юм бол. Галыг яаж унтраасан бэ?
-Гал 10.00 цагийн үед гарсан. Энэ үед троллейбусанд арав гаруй хүн зорчиж явсан. Гал троллейбусны хойд хэсгээс гарч эхэлсэн тул жолооч болон зорчигчид бэртэж гэмтээгүй. Түүнчлэн жолооч 103-т дуудлага өгч Нийслэлийн онцгой байдлын газраас гал унтраах анги иртэл галын хор цацан арга хэмжээ авч эхэлсэн байсан.
-Галыг яаралтай унтрааж аюулгүй болгоогүй байсан бол хэр их хохирол учрах байсан бол?
-Жолооч болон гал унтраах баг шуурхай ажилласан. Хэрвээ яаралтай галыг унтрааж арга хэмжээ аваагүй байсан бол ойролцоо байсан шатахуун түгээх станц руу гал алдаж олон иргэд хохирох аюул ойрхон байсан.
-Троллейбусны хүчдэлийн удирдлагын хэсэгт урьд нь гал гарч байсан тохиолдол бий юу?
-Хүчдэлийн удирдлагын хэсэгт гал хамгаалагч буудах нь бий. Гэхдээ энэ удаад гал хамгаалагч буудаад зогсоогүй гал гарч троллейбусны хойд хэсгийг шатаасан байсан. Тиймээс иргэд троллейбус бараг бүхэлдээ шатсан хэмээн хөөргөж яриад байна.
- “Цахилгаан тээвэр” ХХК-ийн зүгээс энэ удаа-гийн галын шалтгааныг юу гэж дүгнэж байна вэ?
-Манай компани зарим сэлбэг хэрэгслээ Хятад, Орос, БНСУ-аас оруулж ирдэг. Ингэхдээ өндөр үнээр худалдаж авч байна. Тиймээс троллейбус болон автобусны зарим сэлбэг хэрэгслийг байнга солиод байж чадахгүйд хүрдэг. Энэ нь сүүлд гарсан галын осолтой холбоотой гэж тайлбарлаж болно.
-Холбогдох албаны хүмүүст энэ тухай мэдэгддэг үү?
-Нийтийн тээвэр гэдэг нь аюулгүй, тохилог, шуурхай байх ёстой. Гэвч хөрөнгө мөнгөний дутагдлаас болоод аюулгүй тал дээр тэр бүр иргэдэд найдвартай үйлчилж чадахгүй байна. Энэ талаар холбогдох албаны хүмүүст мэдэгдэж байсан. Харамсалтай нь тоодоггүй.
-Урьд нь танай компанийг ажилчдынхаа нийгмийн даатгалын шимтгэлийг төлж чадахгүй байгаа гэж сонсож байсан. Одоо нөхцөл байдал ямар байна?
-Засгийн газраас Монгол инженерүүдийнхээ бүтээсэн троллейбусыг нийтийн тээврийн үйлчилгээнд нэвтрүүлж үйл ажиллагааг нь дэмжиж ажиллах ёстой. Гэвч шугамын давхардалт хийгээд үйлчилгээний хөлсөөс болж манай компани алдагдалд ордог. Энэ тал дээр холбогдох албаны хүмүүс цаашдаа анхаарч ажиллах нь чухал байна.
Л.Алтанхишиг
niislel times
URL: