Н.Батцэрэг: Огт зөрчилгүй ажиллаж байна гэж хэлж чадахгүй
МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэгээс зарим зүйлийг тодрууллаа.
-“Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаан удаа дараа хойшилж байна. Магадгүй МАХН, МҮАН-ын гишүүдийн үзэл бодол нэгдэхгүйгээс хуралдаан хойшилж байна уу?
-Энэ долоо хоногт байнгын хороо, нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлыг урьд нь манай бүлэг хэлэлцчихсэн учраас хуралдах шаардлага байсангүй. Тэгээд ч МАХН-ынхан нэг тийшээ, МҮАН-ынхан бас өөр тийшээ хараад суугаад байгаа юм алга. Огт зөрчилгүй ажиллаж байгаа ч гэж бас хэлж чадахгүй. Үзэл бодол, ойлголцлын зөрүү, асуудалд хандах хандлагын зөрүү бий. Түүнийгээ ярьж даван туулах нь улс төрийн урлаг шүү дээ. Манай бүлэг доторх улс төрийн амьдрал жирийн өрнөж байна, хардах шаардлагагүй.
-Өнгөрсөн долоо хоногт Ц.Оюунбаатар гишүүн тангаргаа өргөсөн. Энэ асуудал УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд байгаагүй ч гэнэт УИХ-д оруулж ирсэн шалтгаан нь юу байсан юм бол. Заавал нууцлах шаардлага байсан юм уу?
-Ямар юмны нууцлах энэ тэр байх вэ. Ц.Оюунбаатар гишүүн 2012 ондоо багтааж тангаргаа өргөе гэсэн. Нэгэнт сонгогдсон гишүүн учраас тангараг өргөхөөс аргагүй. Яахав, хуулийн зөрүүтэй ойлголт, нэрсийн жагсаалтад байж байгаад хасагдсан хүмүүсийн талаар хууль хяналт, шүүхийн байгууллагаас тодорхой шийдвэр гаргахыг харзная гэж хүлээсэн юм билээ, Ц.Оюунбаатар гишүүн. Гэхдээ УИХ-ын сонгууль 2012 онд болсон учраас ондоо багтаж, гишүүний тангараг өргөмөөр байна гэсэн хүсэлтийг гишүүн маань өөрөө гаргасан учраас тэрхүү хүсэлтийг нь хүндэтгэж үзсэн.
niigmiin toli
URL: