“АЛТАН САРНАЙ”-Н ЭЗДИЙГ ГЭРЭЛТ ЦАМХАГТАЙ ЗҮЙРЛЭЛЭЭ

Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбооноос зохион байгуулдаг  “Алтан сарнай-2012″ наадам өнгөрсөн оны сүүлчийн өдөр “Улаанбаатар” зочид буудалд 11 дэх жилдээ “Шинэ жил, шинэ өнгө” уриан боллоо.
Энэхүү наадмын үеэр соёл урлаг, спорт, шинжлэх ухаан техник, хүмүүнлэг, бизнес, нийгэм улс төр, дэлхийн Монгол хүн гэсэн долоон номинациар шилдгүүдийг тодруулсан юм. Шилдгүүдийг тодруулах агшинд МАН-ын дарга Ө.Энхтүвшин, “Бусдыгаа манлайлж, нэг ёсондоо гэрэлт цамхаг болж байгаа залуусаа шагнаж байна. Энэ арга хэмжээ үнэхээр хүнээ, нүдээ олжээ. “Алтан сарнай” шагнал хүртсэн бүх залуустаа энд байгаа хүмүүсийн өмнөөс баяр хүргэж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” гэсэн юм.
“Номин холдинг” компанийн ТУЗ-ийн дарга Ш.Баярсайхан,”Нам, төр маань хувийн хэвшил, бизнесийн орчинг дэмжиж байгаад баяртай байна. “Номин холдинг”-ийнхний өмнөөс бусад аж ахуйн нэгжүүдэд баяр хүргэмээр байна. Яагаад гэвэл, бизнес, эдийн засгийн хөрөнгө оруулалтын 80 гаруй хувийг тэд хийж, бүтээж байна. Манай компани гэхэд л өнгөрсөн онд 46.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, 500 гаруй ажлын байр бий болгож, улсад 35 тэрбум төгрөгийн татвар төлсөн.Та бүхэн ирэх ондоо илүү их амжилт гаргахыг хүсье” хэмээлээ.
Герман улсад докторын зэрэг хамгаалсан, МҮОНТ-ийн “Залуу зохион бүтээгч” нэвтрүүлгийг санаачлагч, МУИС-ийн МТС-ийн захирал Ч.Лодойравсал  шинжлэх ухаан, техникийн салбарын шилдгээр, “Премьер Министр” хамтлагийн ахлагч Б.Амархүү соёл, урлагийн салбарын шилдгээр, оюун ухааны академийг үүсгэн байгуулагч, тэргүүн, Дэлхийн түргэн бодолт, цээж бодолт гээд оюун ухааны спортын төрлүүдээр дэлхийн дээд амжилтыг хоёр удаа шинэчлэн тогтоосон Х.Хатанбаатар спортын салбарын шилдгээр, БШУЯ-ны албаны дарга, “Ногоон Улаанбаатар” төслийг санаачилж, “Цэвэр агаар” төсөлд залуусыг уриалсан Б.Сүхболд энэрэнгүй үйлс, хүмүүнлэгийн салбарын шилдгээр, 12 охин компани, 4300 гаруй ажилтантай “Номин холдинг” компанийн ТУЗ-ийн дарга Ш.Баярсайхан эдийн засаг, бизнесийн салбарын шилдгээр, дэлхийн 160 гаруй орны залуусыг нэгтсэн “JCI” байгууллагын ерөнхий санхүүч, 2010 онд тус байгууллагын дэд ерөнхийлөгчөөр, 2012 онд Дэлхийн залуу удирдагчдын бодлого тодорхойлогч дөрвийн нэгээр сонгогдсон Ө.Батбаяр Дэлхийн монгол хүнээр, жендерийн тэгш байдлыг хангахын төлөө ажиллаж, эмэгтэйчүүдийн тэгш байдлыг хангахад чиглэсэн долоон хуулийн төсөл санаачилсан УИХ-ын гишүүн Д.Оюунхорол нийгэм, улс төрийн салбарын шилдгээр тодорч, “Гэрэлт цамхаг” болон гэрэлтлээ.
Д.Баяр

Montsame


URL:

Сэтгэгдэл бичих