“Чингис бонд”-ын хүүнд 30 цэцэрлэг барих мөнгө зарлагдлаа
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд, дэд дарга С.Бямбацогт нар дөнгөж сая сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Уг бүлгийн гишүүд бүлгийнхээ даргын өрөөнд хуралдаж, хэд, хэдэн асуудлаар саналаа нэгтгэсэн юм байна. Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд үндсэнд нь дэмжжээ. Гэхдээ тус хуулийн төсөлд заагаад байгаа эхний заалт болох УИХ-ын гишүүн нь гэмт хэрэг үйлдээд хэргийн газар дээрээ баригдвал бүрэн эрхийг нь түдгэлзүүлнэ гэсэн заалтыг дэмжих бололцоотой хэмээн үзсэн байна.
Энэ заалтыг УИХ дахь бусад намын бүлэг ч санал нэгдэх байх гэсэн бодолтой байгаагаа бүлгийн дарга онцоллоо. Харин тус төсөлд тусгасан хоёр дахь заалт болох УИХ-ын гишүүний гэмт үйлдлийг мөрдөн байцаагч нотолсон нөхцөлд бүрэн эрхийг нь түдгэлзүүлнэ гэсэн заалтыг дэмжих боломжгүй гэж үзсэн аж. Ингэж үзэхдээ УИХ-ын гишүүний бүрэн эрх гэхээс илүүтэй төрийн тогтвортой байдал дархлааг хангах зорилгоор эл хуулийн төсөлд нухацтай хандсан гэдгээ мөн мэдэгдлээ.
Хоёр дахь асуудлын тухай Засгийн газраас гаргаж байгаа бондтой холбогджээ. Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсанаас хойш дөрвөн сар гаруйн хугацаа өнгөрсөн, энэ хугацаанд “Чингис бонд”-оос эхлээд олон төрлийн бондыг гаргаад байгаа. Зарцуулалтыг нь хянах зорилгоор Засгийн газраас зөвлөл байгуулан ажиллах болсон. Энэхүү зөвлөлд сөрөг хүчний төлөөлөл оролцох ёстой гэж тус бүлэг үзжээ. Ингэхгүй бол Засгийн газар өөрөө бонд гаргачихаад түүнийгээ өөрсдөө хянана гэдэг утгагүй асуудал гэж үзэж байгаа аж.
Тиймээс ирэх долоо хоногт бондтой холбоотой асуудлаар Ерөнхий сайдаас бүлгийн хуралдаан дээр мэдээлэл сонсох нь зүйтэй хэмээн үзжээ. Долоо хоног бүрийн даваа гариг бүрт Ерөнхий сайд, Засгийн газрын бусад сайд нараас ээлжлэн холбогдох мэдээллийг бүлэг дээр авч байх дэг тогтоосон байна. Харин УИХ-ын гишүүн С.Бямбацогт бондтой холбоотой асуудлаар мэдээлэл хийх үеэрээ Засгийн газраас “Чингис бонд”-ыг гаргаад нэг сар орчмын хугацаа өнгөрч байна. Энэ хооронд зөвхөн тус бондын хүүнд 30 цэцэрлэг барих дайны мөнгийг хүүнд нь төллөө. Өөрөөр хэлбэл, Монголын ард түмний ирээдүйд төлөх өртэй холбогдох учраас тэр бүгдэд сөрөг хүчин хяналт тавихаас аргагүй байна гэдгээ хэллээ.
Мөн МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд хэлэхдээ орон нутгийн засаг дарга нарын томилгоон дээр ерөнхий сайд хэт улс төржиж байгааг шүүмжиллээ. Орон нутгийн сонгуулиар МАН 9-н аймаг 4-н дүүрэгт ялалт байгуулсан. Гэтэл гурван аймгийнх нь засаг даргыг нь баталж бусдыг нь ямар ч шалтгаангүйгээр хүлээлгээд байна. Бүх нутгаар өвөлжилт хүндэрч цаг үеийн нөхцөл байдал амаргүй байгааг ерөнхий сайд эрх биш анхааралдаа авч аймгийн засаг дарга нарыг яаралтай томилохыг хүслээ.
URL: