“Алтан тариа” компани баяраар иргэдээ хулхидав

Үндэсний манлай үйлдвэрлэгч хэмээн цоллуулах “Алтан тариа” компанийг шинэ жилийн өдрүүдэд харааж зүхэх хүн маш олон байв. Учир нь үндэсний үйлдвэр маань иргэддээ чанарын шаардлага хангахгүй гурил үйлдвэрлэснээ мэдсээр байж олон зуун тонноор нь борлуулсан нь иргэдийн уурыг барлаа. Энэ тухай иргэд худалдан авсан газартаа гомдол мэдүүлэхэд технологийн алдаа гарсан гэх хариултыг захын худалдагч нар мэдэж байгаа нь ч нэгийг өгүүлнэ. Тэр ч бүү хэл Дорноговь аймгаас чанарын шаардлага хангахгүй байгаа гурилыг буцаах хүртэл арга хэмжээ авчээ. Харин нийслэлийн айл өрхүүд шинэ жилийн баяраар “Алтан тариа”-гийн гурил авч, зочноо буузаар дайлах гэтэл гурил нь урсч, өнгө нь хар хөх зүйл гарч ирсэн байна. Энэ явдал олон мянган айл өрхөд тохиолдсон бөгөөд иргэд худалдан авсан газартаа гомдол мэдүүлэхээр “Алтан тариа компанид технологийн алдаа гарсан гэсэн” хэмээн хэнэг ч үгүй хариулж байна. Үүнээс харахад “Алтан тариа” компани технологийн алдаатай гурил үйлдвэрлэж байснаа мэдэж байсан бөгөөд гэрээт борлуулагчид ч мэдэж байжээ.

        Тус компани болон гэрээт борлуулагчид ийнхүү мэдсээр байж чанарын шаардлага хангахгүй гурил үйлдвэрлэж, цаашлаад иргэдэд худалдаалж байсныг чухам юу гэж дүгнэхийг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын мэдэх хэрэг байх. Чухам л муу муухай зүйл гэгч энэ болсон. Тэгэхээр Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт санаа өгөхөд Улаанбаатар хотын захын дэлгүүрт ороход ийнхүү чанарын шаардлага хангахгүй гурил худалдаалагдаж байгаа шүү. Тодруулж хэлэхэд, өөрсдийнхөө орлогыг бодож, хэрэглэгчийнхээ эрх ашгийг ноцтой зөрчсөн “Алтан тариа” компанид ямар нэг арга хэмжээ авахаасаа илүүтэй иргэд бид олон жилийн турш бүтээгдэхүүнийг нь хэрэглэж ирсэн итгэл сэтгэлийг одоо юугаар ч нөхөхгүй биз ээ. Харин эх сурвалжийн хэлж байгаагаар бол манай улсад тариалсан будаагаар дангаар нь гурил үйлдвэрлэж болдоггүй, цавуулаг чанараа алдахаас гадна шаардлага хангасан бүтээгдэхүүн гардаггүй юм. Тиймээс манай улс жилийн жилд ОХУ-аас будаа худалдан авч, монголын будаатай хольж гурил үйлдвэрлэдэг байсан. Өөрөөр хэлбэл Монгол Улсад тариалсан будааг 50 хувь, ОХУ-д тариалсан будааг 50 хувь гээд хооронд нь хольж байж сая чанартай гурил гаргадаг байна. Харин энэ жил зөвхөн дотоодын будаагаар гурил хий гэсэн эрх баригчдын үүргийн дагуу гурил үйлдвэрлэж эхэлсэн нь ийнхүү технологийн алдаа болсон хэмээв. Тэгэхээр иргэдийг хохироосон энэ үйл явдалд зөвхөн “Алтан тариа” компани ч буруутай биш, үйлдвэрлэ хэмээсэн үүрэг хүлээлгэсэн Засгийн газар ч буруутай байж мэдэх нь. Дашрамд дурдахад, сүүлийн өдрүүдэд “Улаанбаатар” болон ОХУ-д үйлдвэрлэсэн гурил борлуулалт сайтай байгаа ажээ.

С.БАЯР


URL:

Сэтгэгдэл бичих