Нийслэлчүүд Сүхбаатарын талбайд шинэ оноо угтлаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл 2013 оныг төв талбайд иргэдтэйгээ хамт угтлаа. Сүхбаатарын талбайд байрлуулсан тайз, гэрлэн чимэглэл хүмүүсийн анхаарлыг татаж байв.
Нийслэлийн шинэ жилийн баярын цэнгүүнийг “Пипс” хамтлаг “Улаан малгайт” дууг дуулж салхийг нь хагалсан юм. Дууны аянд улаан малгайтай 30 охин бүжиглэж үзэгчдийг хөгжөөв. Бүжиг, дууны дээрх цэнгүүнийг өнгө бүрээр солонгорох цаасан солют агаарт цацагдан чимж байлаа. Дуу хуур цаашаа DZ Man-ий шинэ жилд зориулсан дуугаар хүрээгээ тэллээ.
Энэ дууний үгийн утгыг авч үзвэл он солигдож байгаа төр мөчид, ахмад үеэс залуу үедээ дэвшүүлж байгаа мэндчилгээ байсан гэж хэлж болно. Шинэ жилийн цэнгүүн “Лемонс” МУГЖ, эстрадын нэрт дуучин Х. Төмөрбаатар “Сайн байна уу Улаанбаатар минь” хэмээх дуугаа нийслэлийн шинэ жилд оролцохоор ирэгсдэд зориулан дууллаа. Дараа нь өвлийн өвгөн цасан охидоо дагуулан гарч ирж, нийслэлчүүддээ мэндчиллээ.
Хоёр он солигдох тэрхүү торгон мөчид нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл, НИТХ-ын дарга Д.Баттулга нарыг өвлийн өвгөн тайзан дээр урьж, Засаг даргад бэлэг гардуулсан юм. Хотын дарга Өвлийн өвгөний бэлгийг нийслэлчүүдийнхээ нүдэн дээр задлахад хонх байлаа. Өвлийн өвгөн ааваас бэлэг гардсан Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл, НИТХ-ын дарга Д.Баттулга нар иргэдтэй он солигдох торгон мөчийг тоолж гаргалаа.
URL: