Билгүүн номч Бямбын Ренчин
Их сургуулийн хөл ихтэй гудамнаа Монголын төлөө цохилсон халуун зүрхийг амьд мэтээр тээж хоёр давхар нэгэн байшин оршсоор. Энэ л байшингийн өвөр хананд дэлхийн дэвжээтэй их эрдэмтэн Бямбын Ринченгийн хүрэл хөрөг, түүний дор Еншөөбүү Бямбын Ринчен гэж хуучин монгол бичгээр бичсэний ард бас нэгэн хавтгай дээр
Аяа! мундашгүй эрдэм сурахад нас даан ч богино!
Аяа! Мунхагийн дунд суухад нас даан ч урт! гэсэн хоёр мөрт байх.
Он цагийн салхи хүлхэж үл арилгах энэ үгсийг уншин зогсоход тэр аугаа хүний амьдралын гүнд ганцхан хором ч атугай зочилмоор санагдан, сэтгэл шулуудахын сацуу амьд ахуйд нь учирсан бол… гэдэг хэтийдсэн бодолд автан нэгэнтээ ёсоллоо. Еншөөбүү Бямбын Ринчен 1905 онд Хиагтын нутагт Бул-сарай гэдэг газар төржээ. Тэрбээр долоон наснаасаа Монгол цагаан толгой заалгаж, есөн наснаасаа Орос хэлийг шамдан үзсэн байна. Б.Ринчен эхлээд дунд сургуульд суралцаж, дараа нь Ленинград хотын Дорно дахин судлалын институтийг дүүргэжээ. Эх орондоо ирээд дунд сургуулийн газарзүйн багшаас хөдөлмөрийнхөө гарааг эхлэн Судар бичгийн хүрээлэн, эрдэм шинжилгээний анги, үнэн сонин, МУИС, Улсын хэвлэлийн газар, ШУХүрээлэн улмаар БНМАУ-ын ШУАкадемид насан эцэслэтлээ ажилласан юм. Унгарын ШУА-ийн Хүндэт гишүүн(1970), Фино-Уйгор нийгэмлэгийн хүндэт профессор(1958) тэрбээр өөрийн нөр их хөдөлмөрөө ард түмэн, эх орныхоо тусын тулд зориулж төрийн дээд шагнал Алтан гадас одон, Хөдөлмөрийн гавъяаны одон, МЗЭ-ийн болон (1965) Төрийн шагнал(1944) тус тус хүртжээ. “Монгол хэлнүүдийг харьцуулсан түүхэн хэлний хэл зүй” бүтээлээрээ ШУ-ны доктор, “Монгол бичгийн хэлний зүй” бүтээлээрээ 1961 онд ШУА-ийн Академич, 1971 онд профессор цол хүртжээ. Тэрбээр зохиолч, орчуулагч, сэтгүүлч, судлаач, сурган хүмүүжүүлэгч аугаа их эрдэмтэн байсан юм. Залуудаа махаа идвэл өтөлсөн хойноо шөл ууна
Нэрт эрдэмтний отгон шавь МУИС-ийн Монгол судлалын төвийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор, Монгол хэл соёлын сургуулийн профессор Ц.Шагдарсүрэн багшийнхаа тухай ийн ярьж байна:
- Багш маань бага идрээсээ бие сэтгэлийн алжаалаа умартан ном эрдмээ буйлуулсан хүн. Тэгээд ч “Залуудаа махаа идвэл өтөлсөн хойноо шөл ууна” гэж олонтаа захидагсан. Багштан цагийг хоосоор өнгөрөөдөггүй нөр хичээнгүй, хэдийдсэн ажилтай хүн. Тэгээд таван бие даасан мэргэжлээр туурвисан бүтээл нь тус тус таван хүний хийснээс чанарын хувьд ч тооны хувьд ч илүү байсан. Олон үзүүрт ажлыг хэд хэдэн машин дээр зэрэг сөөлжүүлэн хийдэг байсан нь алжаалы нь тайлдаг байсан төдийгүй, номоо хийж л байх нь түүний бие сэтгэлийн жаргал болдог байлаа. Юм бичихдээ ноорог навтарга хийж цаг цаас үрэхгүй, монгол болон орос, франц, англи, герман, польш чех зэрэг гадаад хэл дээр шууд л машин дээрээ эхэлдэг байсан. Єдөрт хийх ёстой гэсэн хэмжээ дамжаатай, нойр хоолоо хасан байж заавал гүйцээдэг зантай. Нэг жишээ хэлэхэд , Хөвсгөлд үүрийн урианхай руу үүрээр мориор гараад үдийн хойно 4-5 цагт хүрэхэд бид мэт нь моринд агсагдаад сууж ч чадахгүй ядраад байхад багш минь буусан гэртээ завилан суугаад бүрий болтол Чех хэлнээс орчуулга хийж төлөвлөсөн ажлаа дуусгаж байж билээ. Бороо хариулдаг хүн “Цув цээжинд буй” гэдэгчилэн багшийн маань цээжинд олон хэлний толь бичиг боть ботиороо бэлэн болохоор илүү дутуу юм авч явдаггүйсэн. үхсэн ч үнэнээр явсаар үх
- Багш Монгол улс, Монгол үндэстэн оршин тогтнохын утга учир нь хэмээн монгол хэл, монгол бичиг, монгол соёлоо эрхэмлэн дээдэлсээр нэгэн насыг туулсан. Тэглээ гээд Монголын төр зүтгэсэн хүндээ босго өндөр гэгчээр төрийн зүгээс сайн нэр дуулаагүй. Харин ч хувьсгалын эсэргүү, японы тагнуул, феодлын үеийг магтагч, үндэсний үзэлтэн, социалист Монголын хөгжлийг үгүйсгэгч, Орос Монголын найрамдлыг хялайн үзэгч нэрийг хүлээж 1937 оноос шоронд тамлуулж, сурсан эрдмийн ачаар цаазаар авуулах ялаа арван жилээр өөрчлүүлж, толгойдоо гансаар цохиулсан цоорхойтой, бугуйдаа төмөр утсаар эрүүлсний гялгар цагаан сорвитой 1942 онд суллагдаж, бас ч болоогүй насны эцэстээ угсаа гарал, ах дүүгээ гүтгүүлсээр ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн дээ. 1970 онд нэг сурвалжлагч “Таны үргэлж санаж явдаг ямар мэргэн үг байдаг вэ?” гэхэд “Чехийн Ян Хүсийн үхсэн ч үнэнчээр явсаар үх!”гэдэг үгийг үргэлж санаж явдаг гэж хариулж билээ”. Насан туршдаа энэ үгэндээ үнэнч явсан даа. “үнэнч шударгуу нь дайсныг, зусар бялдууч нь нөхрийг төрүүлдэг” нүгэлт орчлонд ясны эх оронч, жинхэнэ шударгуу байна гэдэг ямар зориг тэвчээр шаардсан арал шөрмөс заасан хэрэг вэ гэдгийг багшийн маань туулж өнгөрүүлсэн зам бэлхнээ харуулдаг. Ринчен багшийн улс орноо гэсэн сэтгэлгэ зөвхөн Монгол хэл бичгээр хязгаарлагдаж байгаагүй нийгмийн бүхий л салбартай холбоотой байлаа. Манагаар өглөө үхэх боловч өрсөж юмыг сур
Багштан “Єглөө манагаар үхэх боловч өрсөж юмыг сурахыг хичээ!” гэдэгсэн. Єөрөө ч энэ жишээгээ тувтан баримталсан. Шоронд байхдаа ялгадас асгаж яваад шатаах номын дотроос хувь учирлаар франц хэлний сурах бичиг олж өвөртлөөд франц хэл гаргууд сурсан билээ. Сүүлд бие чилээрхэнгүй байхдаа ч хятад хэлний ном үзсээр байсны нь би лавтай мэднэ. Багшийн маань захидаг “Залуудаа махаа идвэл өтөлсөн хойно шөл ууна” гэдэг үг цагийг дэмий хоосоор нөхцөөж, зугаа цэнгэлээс өөр алс хэтээ үл бодогч одоогийн олон залуусын чихээр ороод зогсохгүй тэдэнд сургамж болоосой гэж эрхгүй бодогдох юм. Хоол ч ихдэхээрээ хор болдог. Монголчуудын “Жаргал ихэдвэл зовлон болно” гэдэг гүн ухаан үүнтэй холбоотой. Ринчен гуай хөдөө томилолтоор явж байгаад нэгэн гуанзанд орж хоол захиалжээ. Гэтэл тамтаггүй шорвог хоол өгч гэнэ. Б.Ринчен гуай идэж л орхиж. Yйлчлэгч нь гүйж ирээд Ринчен гуай хоол амттай байна уу? гэж асуувал Ринчен гуай их л ёжтойгоор”үхсэн ч өмхийрхээргүй боллоо” гэсэн гэдэг. -Ринчен гуай үнэхээр бусдын ярьдаг шиг тийм ёжтой шооч хүн байсан юмуу?
-Олон нийтийн дунд Ри багшийг их ёжтой хүн байсан гэдэг ойлголт өргөн тархсан. Биеэ үгүйлдэггүй, боловсрол чадал сул, хий сурталжсан, цээж хөдөлгөдөг голцуу дундаас дээш албан тушаалын цөөнгүй хүмүүс дандаа хоосон албархаж дургүйг нь хүргэдэг байсан. Тэднийг цохиод авалтай биш дээ. Тэр үед ингэж л цэвэрхэн ичээж, боловсрол чадлы нь ойлгуулахаас өөр яах билээ. Түүнээс бус уулзаж учирсан хүн болгоныг үгээр гартааж мадлаад байдаггүй, ер энгийн, хэнд ч болов хүүхэд үүхэд гэлтгүй цөмтэй нь хүндэтгэж харьцдаг байсан даа.
Аугаа хүний тухай
өөрийн бодол
үнэн гайхам. үзтэл биширмээр ажгуу. Бямбын Ринчен сурах мэдэхийн үйлсийг амьдралынхаа нэгэн зорилго болгож, эх орноо эх орон шиг хэлтэй соёлтой, хилтэй нутагтай, гадагшаа нэртэй, дотогшоо хүндлэлтэй болгохын төлөө амьдарсан. Тэр олон зүрхээр амьдарч, олон үйл бүтээсэн. үндэсний уламжлал соёлыг хамгаалан хойч үедээ үлдээе хэмээн тэр зоригложээ. Магадгүй ухаант хүмүүн хойчийн нэгэн өдөр ийм цаг ирнэ гэдгийг зөнгөөрөө мэдэрсэн ч байж болох. үнэхээр өөрийн бус өрөөлийн төлөө амьдарсан халуун сэтгэл байж.
Тэрбээр “Цогт тайж” кино зохиолоор БНМАУ-ын төрийн шагнал хүртэхдээ дагалдах мөнгөн шагналаа (1944) Фашист Германы үүсгэсэн дайнд хэлмэгдсэн Ленинград хотын өнчин хүүхдүүдэд бэлэглэсэн бол ЗХУ-ын зохиолчидтой хамтарч гаргасан “Детская Литература” сэтгүүлийн шагналаа Америкийн түрэмгийлэлд өртсөн Вьетнамын өнчин хүүхдүүдэд бэлэглэсэн, гадаад улсад хэвлүүлсэн номынхоо шагналыг банкаар гуйвуулж ирэхэд ёсыг бодож өнгөний ганц дэвсгэртийг аваад Монгол улсынхаа хөгжлийн төлөө хандивладаг байсан гэдэг. Аугаа хүний сэтгэл аугаа л байх юм. Монгол улсын төрийн шагналт, профессор Д.Цэнд:
“Монгол хэл соёлын төлөө тууштай тэмцэгч Бямбын Ринчен хаа нэг томчуулыг үгээр мохоож авдаг нэгэн хэдий ч бас нөгөөтэйгүүр энгүүн хүн байлаа. Суръя мэдье, заалгая шамдъя гэсэн хүн, хэнд ч гэсэн хэдэн цагаар ч хамаагүй мэдэж чадахаа зааж, хөдөөгийн арван жилийн сургуулиас ирсэн гуравдугаар ангийн хүүхдэд ч алаг үзэхгүй цаг гарган захиа бичиж суудагсан. Хийж бүтээх, сурах мэдэхийн төлөө өөрийгөө дайчилж чаддаг хүн дээ. Гэрт нь ороход гурван бичгийн машин тавьчихсан нэгд нь орчуулга, нөгөөд нь судалгаа, нөгөө дээр нь зохиолоо бичээд тойроод л ажлаа хийгээд, ер зүгээр цагийг өнгөрөөдөггүй байсан. Монголыг гадаадад таниулах, гадаадын сонгодог соёлыг манайдаа дэлгэрүүлэхэд түүний гүйцэтгэсэн үүрэг их. Манай Ринчен гуай бол Оросын алдарт сурган хүмүүжүүлэгч Сухомлинский, Жан Жак Руссо нартай эн зэрэгцэхүйц аугаа сурган хүмүүжүүлэгч байсан юм.
Дөч хүрээд би сая тогтниюу. Тэгээд үгсийн цэцэрлэгч болж ч магад буюу. Тэгвэл сэтгэлийн гайхамшиг сайхан цэцэг зүрхнийхээ улаан цусаар ургууланхан, намайг хүн болгосон эх орондоо анхилам үнэрээр нь ачий нь магтан хариулюу.
Б.Ринчен
Тэр өөртөө ийн амлажээ. Тэгээд хожмоо үл мартагдах үгсийн цэцэрлэгч болж чадсан юм.
Хөндий цээжинд орогч бүгдийг нэвтрүүлэх чадалтай
Хөгжим мэт яруу баясгалант Монгол хэл минь хэмээн аугаа чадлыг нь магтан дуулж, бишрэн хэрэглэснийг нь Оросын алдарч зохиолч Николай Тихонов Ринчен гуайд бичсэн захидалдаа “…элчилгүй уудам Монгол нутгийн бүх өнгө, будаг, цэцгийн үнэр шингэсэн үнэхээрийн яруу сайхан шүлгүүдээ илгээснийг тань ихэд сонирхон үзлээ. …Та уг нь тал нутгийн хээрийн агь ямар сайхан анхилуун үнэртэй байдгийг л бичсэн билээ. Гэтэл тэр анхилуун үнэрт миний толгой эргэж орхиод “Ариун сайхан сэтгэлт” малчин ардын аргамаг сайхан хүлэг зүүдэнд ороод амраахаа байлаа” хэмээн сэтгэлийн гүнээс магтан бичиж байжээ.
Тэрбээр Монгол хэлнийхээ гайхам сайхан хүч чадлаар эх орныхоо түүх соёлыг дэлхий дахинаа таниулан бишрүүлэхэд их гавъяа байгуулсан юм. Тэгээд ч “Єндөр гэгээн Занабазар харийнханд хорлогдсон, сэтгэлтэй хүнийхээ дүрээр Ногоон дарь эхийн ижилгүй баримлыг урласан домгийг өгүүллэг болгон бичээд, Єндөр гэгээний хосгүй энэ бүтээлийг анх удаа Леонардо Да Винчигийн “Жоканда”, Рафаэлийн “Эх дагины хөрөг”-тэй эн зэрэгцүүлж өргөсөн билээ. Шүхэр хийж сүмийн оройгоос буусан Буниа хүүгийн эмгэнэлтэйгээр амь үрэгдсэнийг нүдэнд үзэгдтэл дүрсэлсний цаанаас Германы Отто Лилиенталиас ч өмнө монголчууд шүхэр бүтээж байсан юм шүү гэсэн нэгэн омгорхол сэтгэлд нэвчин гарч ирээд байдаг билээ” хэмээн нэрт орчуулагч, эрдэмтэн Г.Аким дуу алдан бичсэн байдгийг санаж байна.
Авъяасыг олсоор хүлж болдоггүй
Эх орноо гэсэн түүний сэтгэлийн галыг бөхөөх гээд хэн ч дийлээгүй. Түүнд эх орноо гэсэн сэтгэл, тэмцэхүйн их хурц ухаан, илтгэхүйн дээд авъяас чадвар тэнгэрээс заяажээ. Түүний уран бүтээлийн мөр бүхнээс эх оронч үнэр ханхалж, уншигч авхайг Монгол гэдэг аугаа сүр хүчит, үл мартагдах түүх рүү урин аваачна. Түүний Цогт тайж, Гүнж, Бэр цэцэг, үүрийн туяа… зохиолуудыг уншихад өөрийн эрхгүй цээжинд гал бадран Монгол оронд төрснөөрөө бахархах сэтгэл төрнө.Гурван тогооны үлгэрт гардагчлан Монголчууд бид даанч нэгийгээ дээш гаргах дургүй муухай хүмүүс юм даа. Энэ эрхэм хүмүнийг түүхэн сэдэвт зохиол их бичлээ, феодлын нийгмийг магтан дууллаа, үндсэрхэг үзэлтэн хэмээн “Цагаачийг цагаа хатгана, цагаан морийг ногоо хатгана” хэмээн харааж цагаантны оргодол бидэнд бүү саад бол гэж нүд үзүүрлэж байв. Энэ тухай номын хуудас сөхвөл: “Монголын Феодал ангийн төлөөлөгчийг шинжлэх ухааны эсрэг чиглэлээр үзүүлэхдээ Монголын ард түмний төлөө сэтгэл тавин тэмцэгч мэтээр гаргажээ. Цогт тайж бол эх орончийн үзлээр сэлэм далайсан дээдсийн төлөөлөгч юм “ хэмээн үнэн сонины 1950 оны №7-д Манай утга зохиол дахь националист үзлийн тухай өгүүлэлд их эрдэмтнийг уран бүтээлээр нь дамжуулан дарамталж байжээ.
МАХН-ын Төв хорооны улс төрийн товчооны 1949,1959 оны тогтоолууд, Б.Ринчений уран бүтээлийн талаар сонин сэтгүүлд хэвлэгдсэн Г.Жамсранжав, Т.Пагва, Л.Мишиг … нарын өгүүллэгүүд үүнийг гэрчлэн үлджээ. Тухайлбал “Далан настнуудад даруулга хэрэгтэй” шүлэгт
Баримталдаг үзлийг нь хэлбэл идеализм
Бахархдаг соёлыг нь үзвэл феодализм
Багтайгаа байхыг нь харвал социализм
Баримталдаг хэлийг нь ажвал архаизм гэж бичжээ. Гэвч их эрдэмтэн маань энэ бүхнийг тэсэн гарч, эрдэм номын ажлаа туурвисаар байв. Ийм хүнд дарамт шахалтын дунд, энэ аюумшигт байдалд эх орноо зүрхэндээ тээж өөдрөг явна гэдэг аугаа их сэтгэлийн тэнхээ, аугаа их тэсвэр хатуужил билээ.
Тэрбээр хаана ч явсан эх орон юугаан нэхэн санагалздаг байсан гэдэг. Будапештэд явж байхдаа эх нутгаа санан хээр талаас нэгэн аргал олж ихэд баярласнаа хойно нь
“Ар монгол нутагтай эгээ адилхан, агь ханхалсан аргал олж өвөртлөөд
үдэш нь Дунай гэдэг их буудалдаа үнсний саванд утаа барин асаадаг боллоо
Багын дассан аргалын тэр утаа, бахтай таатай, агийн үнэрт нь хамар загатнанхан
Энхэр монгол тал нутгийн минь үнэр л энэ тасалгаанд ханхлах мэт сайхан санагдлаа” хэмээн бахдан бичжээ. Түүний зохиол бүтээлийг унших бүр эх орноо хайрлах сэтгэл төрж, гайхамшигт түүх соёлоороо өөрийн эрхгүй бахдана. Чингис хаан, Ану хатан, Галдан бошгот, Єндөр гэгээн Занабазар, Хатанбаатар Магсаржав, Жанжин Сүхбаатар зэрэг зохиолын баатруудаараа хэлүүлж буй эх оронч, элгэн халуун үгс, зөвхөн эх орныхоо төлөө гэсэн чин сэтгэлтэй зохиолчоос л гарах тэр ариун мөрүүдийг унших бүр таныг улмаа таних мэт боллоо. Энэ бүхний эцэст эргээд л өнөөх хоёр давхар цагаан байшин руугаа дахин нэг очмоор санагдав. Наран шингэх зүгтээ хазайж, амгалангийн цаг иржээ. Одоо бүх хүн амарч буй. Харин таны мэт их хүн, их үйлийг сэтгэн суугаа бизээ. Ар монголын дулаан салхи хацар нүүрийг илбэн таалах нь сэтгэлд нэн таатай. Зулай дээрээ алтан соёмбоо залсан, эрхэмсэг агаад хүндлэлтэй их эрдэмтний хүрэл хөрөг одоо амарлингуй болжээ. Нэг санахад өөрийн зохиолын баатрынх нь хэлдэг “Монгол улсын сэтгэл хүчин нэгтэй тусгаар тогтнолын бэлэг тэмдэг соёмботой энэ далбаагаа үүрд эрхэм болгож явагтүн! Цогт тайж үхэвч Монгол улс мөнх” гэсэн ариун үгсийг яг одоо эгц өөдөөс минь харж байгаад өөртөө итгэлтэй агаад элгэмсэгээр хэлэх шиг боллоо.
Энэ үед би зүрхнийхээ лугшилтыг мэдэрч, миний судсаар энэ мэт аугаа Монгол цус гүйж байгаа гэдгээр бахархан малгайгаа авч дахин нэг ёслоод салж ядан холдлоо. Одоо сэтгэл нэг л өег болжээ. Тэр зүг эргэн эргэн харахдаа би “Яг одооноос эхлэн эх орноо зүрхнээсээ хайрлаж, түүний төлөө сурч боловсорсон жинхэнэ иргэн нь байхын төлөө өөрийгөө зориулна” гэж өөртөө дахин дахин амлалаа. Маргааш дахиад л нар мандана… Энэ ТАНЫ зочлох газар болно.
Түшмэл, намайг яаж үздэг хамаагүй
Түмэн, намайг яаж үздэг хамаатай
Эрлэг мунхаг яаж үздэг хамаагүй
Эрдэмтэн мэргэд яаж үздэг хамаатай
Ховчин намайг яаж үздэг хамаагүй
Хотол олон яаж үздэг хамаатай
Бялдуучин зусарчин яаж үздэг хамаагүй
Билигтэн сэхээтэн яаж үздэг хамаатай.
Еншөөбүү Бямбын Ринчен
1965.01.08
URL: