Улаанбаатар санаатай аллагын тоогоор дэлхийд 17-д, Азидаа нэгд
“НҮБ-ын хар тамхи, гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага UNODC дэлхийн хамгийн аюултай том хотуудын жагсаалтыг гаргалаа” гэж Их Британийн “Гардиан” (The Guardian) сонин энэ сарын 3-нд мэдээлжээ.
Энэхүү жагсаалтыг тухайн орны Цагдаа, эрүүл мэндийн байгууллагын 2009-2012 оны мэдээлэл дээр үндэслэн, 100 мянган хүнд оногдох санаатай аллагын тоогоор гаргасан байна. 66 орны нийслэл болон том хотууд багтсан энэхүү хар жагсаалтыг Венесуэлийн нийслэл Каракас тэргүүлжээ. Ерөнхийдөө жагсаалтаас харахад Төв болон Өмнөд Америк тивийн хотуудад хамгийн их аллага, гэмт хэрэг гардаг нь харагдаж, харин Европ, Австралид харьцангуй тайван байдаг байна.
Каракаст 100 мянган хүнд 122 санаатай аллага гардаг нь тогтоогдсон бол Гватемала улсын нийслэл Гватемала 118.3, Карибын тэнгисийн бяцхан орон Сент-Китс Невисийн нийслэл Бастер 97.6 санаатай аллагаар удаах байруудыг эзэлжээ.
Харин санаатай аллагын тоогоор Ази тивд манай нийслэл Улаанбаатар тэргүүлсэн байх юм. Дэлхийд 17 дугаар байр эзэлсэн Улаанбаатарт 100 мянган хүнд 10.2 санаатай аллага гардаг гэж тус байгууллагаас тогтоожээ. Манай нийслэлийн дээд талд дандаа Төв, Өмнөд Америк, Африкийн орнуудын хотууд орсон байна. ОХУ-ын нийслэл Москва 30, БНСУ-ын Сөүл 39 дүгээр байрт орсон бол Японы Токио, Португалийн Лиссабон, Словенийн Люблян хамгийн амгалан тайван хотоор шалгаржээ. Бээжин хот жагсаалтанд ороогүй байна.
URL: