Т.Ариунаа: 2013 онд өөртөө зориулж хөөрхөн охин төрүүлэхийг мөрөөдөж байна
МУГЖ, дуучин Т.Ариунаа UBS телевизийн “Сайн уу? Сайнаа” нэвтрүүлэгт оролцож анхны хайр, шинэ жил гээд л гэгээлэг бүхний тухай яриа өрнүүлсэн юм. Ингээд та бүхэнд түүний сонирхолтой ярилцлагыг хүргэж байна.
-Анхны хайрынхаа тухай ярьж, дурсамжаа сэргээхгүй юу?
-Бидний үед бол хайр гэдэг зүйлийн тухай ойлголт их бага байлаа. Бид дурлана гэж ярьдаг байлаа. Тэр үед их даруухан байсан. Бидний үед дурлана гэдэг хөтлөлцөөд явах, паркаар зугаалах, кино үзэх хэмжээний л байсан. Одооны охид залуус бол их нүүрэмгий болсон байгаа. Миний хувьд их даруухан бас хүний нүдэнд өртөхөөр охин байгаагүй. Үсээ хоёр шүлжсэн, шар гэзэгтэй охин байсан. Намайг арван жил байхад тийм ч олон хөвгүүн эргүүлдэггүй байв. Харин ангийн охид бол маш их захиа авдаг. Захиаг нь хараад ямар их захиа авдаг юм бэ гэж гайхдаг байлаа. Би чинь ерөөсөө дуу дуулаад л явдаг охин байснаас хөвгүүдийг дурлуулдаг, хөвгүүдийн үерхэдэг тийм айхтар сэргэлэн охин байгаагүй. 18 настай байхдаа л нэг хөвгүүнтэй үерхэж байсан. Тэгээд сургуульд яваад л бидний холбоо харамсалтай нь тасарсан.
Миний хувьд бол хүүхэд байхдаа ариун, гэгээн, бүх юмыг болох ёстой, бүтэх ёстой, дурлал заавал үүрд байх ёстой гэдэг ойлголттой байсан. Тиймээс сургуульд явсан нэг жилээ найз залуугаа санаж , их уйлж гомдож байсан. Тэгээд цаг хугацааны дараа хүн ухаан суугаад төлөвлөшөөд ирэхээр эдгэдэг юм билээ. Цаг хугацаа бүхнийг эдгээдэг гэдэг шүү дээ. Ингээд гурав, дөрвөн жилийн дараа зүгээр болсон.
-Анхны хайр дуугаа ямар мэдрэмжээр дуулж байсан бэ?
-Анхны хайрыг тухайн үед хүнд зориулж дуулж байгаагүй. Ерөөсөө л “Соёл-Эрдэнэ” хамтлагт орох тэр үед “Би чамд хайртай” кино залуучуудын үзэх дуртай киноны нэг болсон байсан. Тэгээд би “Соёл-Эрдэнэ” хамтлагтай дуулсан.
-Та бол эрч хүчтэй, нүднээсээ үргэлж гал цогийг бадраадаг. Энэ их эрч хүчийг юунаас олж авдаг вэ?
-Миний нүд дуулахаар, тэр ч бүү хэл зургаа авахуулахад хүртэл дандаа гялалзаж гардаг юм. Энэ эрч хүчийг их олон юмнаас нөхөх ёстой. Залуу байхдаа биеийн хөдөлгөөн, дасгал хийвэл энэ эрч хүч нөхөгддөг гэж ойлгодог байсан. Одоо бол би өөрөөр хэлнэ. Бид энэ эрч хүчийг их олон юмаар нөхөж авах хэрэгтэй. Бидэнд хайр хэрэгтэй. Бид эргэн тойронд байгаа хүмүүсээсээ ач тус, урмыг авч байх ёстой. Хайр байхгүй бол юунаас ч эрч хүч авахгүй. Тиймээс эргэн тойронд байгаа, бидний сонгож найзалж байгаа тэр олон хүмүүс бидэнд эрч хүч, хайрыг өгч байх нь чухал. Нөгөөтэйгүүр хүн сэтгэлийн залхуурал, оюуны залхуурал гэдэг юмыг хаячихаар маш их хүч авдаг. Тэгэхээр бид нар энэ хүчийг нөхөж авахын тулд сэтгэлдээ байх орон зай, хүмүүсийг хайрлаж энэрэх, уучилж өршөөх тийм олон сайхан зүйлээс эрч хүчийг авах хэрэгтэй. Оюуны болоод сэтгэлийн залхуурлаас гарахын тулд ном болоод эргэн тойрондоо буй оюунлаг сайхан хүмүүсээс сурч боловсорч, ухааныг нь олж авч, өөртэй шингээх ёстой. Би зөвхөн нэг зүйлээс биш олон зүйлээс эрч хүчийг олж авдаг болсон.
-Хоёр хүү, ханийнхаа хамт амьдардаг. Гурван залуутай хамт амьдардагийн хувьд эрчүүдтай харьцахад хялбар байдаг уу?
-Би бол эрчүүдтэй маш амархан хэл амаа олдог. Тэдэнтэй заримдаа хатуу чанга байх хэрэгтэй. Харин заримдаа маш эелдэг зөөлөн байх хэрэгтэй. Тэднийг үргэлж уучилж өршөөж, тэдэнд маш их хайрыг өгч байх нь чухал. Тиймээс би эрчүүдтэй илүү амархан ойлголцдог байх. Манай эрчүүд их гоё. Намайг жоохон ууртай, ааштай хатуу чанга байх үед бүгд хоорондоо нүдээрээ ойлголцож ээжийгээ, ханийгаа яаж баярлуулах вэ гээд их олон зүйлийг зохицуулдаг. Ер нь монгол эр хүн гэдэг ээжийн хайраас эхнэрийн хайранд очдог их азтай хүмүүс. Энэ бол дэлхийд ховор байдаг байх шүү. Яагаад гэвэл монгол эр хүн бусад орны эрчүүдээс хамгийн онцлогтой байдаг. Ээжээрээ 80 хүртэл өргүүлчихсэн, ээжийнхээ үгийг сонсдог зөндөө олон эрчүүд байдаг. Тэгсэн мөртлөө эхнэрийн хайранд өсч байгаа маш олон эрчүүд байдаг. Тэгэхээр эр хүн бол энэ хорвоогийн хамгийн сайхан бас их азтай хүмүүс. Би эрчүүдэд хайртай.
-Хэвлэлийнхэн ч хангалттай бичиж, ярьсан. Ер нь таньд өөрт чинь ч бодогддог л байх. Хэзээ охинтой болох бол?
-Охинтой болох юмсан гэж мөрөөддөг. Өөртэй зориулж нэг охин төрүүлэх юмсан гэж мөрөөдөж байгаа. Манай найз нар хоорондоо ярьдаг л даа. Ариунаа чи одоо нэг шаахайны хүүхэд төрүүлээч гэдэг. Охин хүүхэд чамайг дараа нь настай болоход түшинэ гэдэг л дээ. Даанч юм санаснаар болохгүй шүү дээ. Ямар алив охин төр гээд л охинтой болчих биш. 2013 онд охинтой болчихвол сайхан байна. Ямартай ч ерөөлөөр болог.
-Та бол Монголын рок попын талаар үг хэлэх, үнэлэх дүгнэх цөөн хүмүүсийн нэг. Өнөөдөр манай рок попын хөгжил гэж асуухаас илүүтэй, бид юу руу явах ёстой вэ?. Уран бүтээлчид маань нийгмээ яаж манлайлах хэрэгтэй юм бол оо?
-Монголын рок поп гэж том гэр бүл байгаа. Хэдийгээр бид цөөхүүлээ байсан. Одоо бол бид их олуулаа болж байна. Бид залуучуудад шүүмжлэлтэй хандах зүйл дээр зоригтой, шулуун хэлж чаддаг байх хэрэгтэй. Урьд нь бол тийм арга ухаан, туршлага хангалттай байгаагүй байсан учир, шүүмжлэлтэй талыг хэлэхдээ бид эмээдэг, шуудхан хэлж чадах эр зориг байдаггүй байсан. Одоо бол Монголын рок поп урлагийг би арван хуруу шигээ мэддэг гэж хэлж чадахгүй ч урлагт 25 жил зүтгэж яваа эмэгтэй дуучны хувьд урлагийн жаргал, зовлонг маш сайн мэднэ. Тэгэхээр бид нар өнөөдөр хөгжил гэдгийг байшин барилцга, электрон техник гэх мэт зүйлээр хэмжих нь зохимжгүй юм. Тэр бол техникийн хөгжил тэртээ тэргүй цаашаа явна. Хэдий болтол явахыг таашгүй. Харин хүний дотоод сэтгэл, оюун ухаан, тархи оюунд хөгжил, нүүдэл гэдэг зүйл байх ёстой. Тэгэхээр өнөөдөр Монголын рок поп урлагийг дэлхийд таниулахын тулд Лэди Гага, Беонситой адилхан урлагийг бүтээхдээ гол нь биш юм. Үүнийг бид нар урлаг бүтээгээд дэлхийд таниулах гэж байна гэдэг бол андуурал. Харин Монголчуудынхаа онцлогийг харуулсан, монгол хүнийхээ шинж чанарыг илтгэсэн, түүнийг дууныхаа аялгуугаар, хөгжмөөр, бие болон биет бус соёлоор, нөгөөтэйгүүр дууныхаа үг хэмнэлээр, угсаатны зүйн хувцсаар яаж бусад улс оронд хүлээн зөвшөөрөгдөх вэ гэдгийг бодолцох хэрэгтэй. Харийн урлаг, Японы урлаг, Хятадын урлагийг хуулж байгаа бол бид бусдын бүтээлээр хоолоо олж идэж байна гэсэн үг. Тэгэхээр энэ бол түр зуур арилжааны урлаг болж хувирна гэж бид боддог юм .Урлаг бол үнэн байх, цэвэр шударга өрсөлдөөн байх ёстой. Тэрнээс биш энэ урлагийг бид зөвхөн хэлбэр талаас нь тайчих урлаг ч юм уу, цэнгэн баясгах талаас нь хүргээд байгаа нь тэр урлагийг бүтээж байгаа залуусын маань алдаа юм болов уу?. Тэгэхээр урлагийг зөвхөн хувцас, гадаад шинж талаас нь биш, тархи, үйлдэл хөгөө холбож байж Монголын рок поп урлаг гэдгийг дэлхийд таниулна шүү. Хамтдаа хичээцгээе…
- Уншигч фенүүддээ шинэ жилийн бэлэгтэй ирсэн гэсэн?
-Шинэ жил маань мөнгөн угалзгүйгээр, гацуургүйгээр, өвлийн өвгөнгүйгээр, бидний мөрөөдөлгүйгээр, цасан охин, бэлэггүйгээр төсөөлөхийн аргагүй билээ. МУСГЗ, ая зохиогч Л.Балхжавын ая, Ү.Хүрэлбаатарын үг “Мөнгөн угалз” гэх шинэхэн дуугаа сонсогчиддоо бэлэг барьж байна. Би ерөөсөө шинэ жилийн “Цасан аялгуу” гэх ганцхан дуутай байсан. Тэгвэл одоо “Мөнгөн угалз” гэх шинэ жилийн дуутай боллоо.
URL: