Австралийн сенатор Лу.Болдод баяр хүргэхийн учир юу билээ

Монголд бараг 6 их наяд төгрөг угаасан, 150 тэрбум төгрөгийн татвар төлөхөөс зайлсхийсэн хэргээр саатуулагдсан “Соутгобисандс” компаний хуулийн зөвлөх Сара Армстронгийг АТГ-ынхан суллаад явуулчихсан. Тэрээр зул сарын баярынхаа өмнө гэртээ харьж бөөн баяр болсон нь мэдээж.  Энэ хүүхнийг суллуулахад Австралийн засгийн газар нэлээд анхаарч сенатор Сарр гэдэг нөхөр биеэчлэн хөөцөлдөж ГХ-ийн сайд Лу.Болдтой уулзсан гэнэ.

Сара Армстронгийг явуулах шийдвэр гарсны дараа тэрээр хэвлэлд ярилцлага өгч “нэн ялангуяа манай иргэний асуудлыг нааштайгаар шийдэхэд гүн туслалцаа үзүүлсэн Болд сайдад маш их талархаж байна” хэмээн мэдэгджээ.  Үүнээс үзэхэд манай сайдтан “айхтар” австрали хүүхнийг гэрт нь хариулахад их хүчин зүтгэл гаргасан бололтой. 150 тэрбум төгрөгийн асуудал яригдаж байхад хэрэгт холбогдогчийг зүгээр тавиад явуулна гэхээр нэг л санаанд буухгүй юм.  Тэр хүүхэн ахиж Монголд яасан ч ирэхгүй, нэмэлт байцаалт мэдүүлэг авна гэвэл урдаас “гожийнжоо” гэх биз.  Нэг сайдын гадаад дахь нэр хүнд өсөх ч яахав. Хамгийн гол нь олон зуун тэрбумын татвараасаа жаахныг нь ч гэсэн олоод авсан бол монголчуудад хэрэгтэй байсансан.

 

NUUTS.MN С.Хажидмаа


URL:

Сэтгэгдэл бичих