Урвагч Д.Ганхуяг Оюу толгойн баяжуулах үйлдвэрийг нээж, ашигч түшээ гэдгээ баталлаа
Оюутолгойн баяжуулах үйлдвэр ажиллаж эхэллээ
“Оюу толгой” ХХК-ийн зэс баяжуулах үйлдвэр ашиглалтад орлоо. Монголын хамгийн том, хамгийн дэвшилтэт технологитой зэс баяжуулах үйлдвэр болж буйгаараа онцлогтой гэж Оюу толгойн гадаад захирлууд магтах аж.
Өчигдөр нээлтээ хийсэн Оюу толгойн баяжуулах үйлдвэрийн нээлтэд Уул уурхайн сайд Д.Ганхуяг тэргүүтэй УИХ, Засгийн газрын гишүүд, Монгол Улсад суугаа Элчин сайдууд, бусад зочид төлөөлөгчид, Оюу толгойн төлөөлөл оролцсон байна. Тэгэхдээ бүр Уул уурхайн сайд Д.Ганхуяг Баяжуулах үйлдвэрийн асаах товчлуурыг дарж асаасан нь энэ хүн эх орныхоо төлөө биш, эрх мэдэл, албан тушаалын төлөө юу ч хийж мэдэх нэгэн юм байна гэх ойлголтыг төрүүлж орхив.
Учир нь Уул уурхайн сайд Д.Ганхуяг Оюу толгойн баяжуулах үйлдвэрийн нээлтэд очиж, асаах товчлуурыг баяртайгаар дарах нь битгий хэл Оюу толгойн гэрээг эсэргүүцэгч төрийн түшээ явсныг түүх гэрчилнэ.
Тодруулбал УИХ-ын дарга З.Энхболд, УИХ-ын гишүүн , Уул уурхайн сайд Д.Ганхуяг , Эдийн засгийн Хөгжлийн сайд, УИХ-ын гишүүн Н.Батбаяр, УИХ-ын гишүүн, байнгын хорооны дарга Г.Баярсайхан нар 2011 оны намраас эхлэн Оюу толгойн гэрээг янзлахын төлөө тоо баримт дэлгэж, “Эх оронч түшээ” өргөмжлөл хүртэл гардаж байсан ч өнгөрсөн намраас гэнэт байр сууринаасаа буцаж Оюу толгойн гэрээг засварлах, шинэчлэх шаардлагагүй гэж үздэг гишүүдийн нэгээхэн хэсэг болж хувирсан юм.
Энэ нь мэдээж Шинэчлэлийн Засгийн газраас сайдын тушаал өгсөнтэй нь шууд холбоотой. Тэр тусмаа уул уурхай ид хүчээ авч буй энэ үед Монгол шиг хар, шар алт ихтэй улсын салбар хариуцсан сайд болно гэдэг том бялуу учраас өдгөө Д.Ганхуяг Оюу толгойн гэрээг эсэргүүцэж байсан түүхээ ор тас мартчихаад байна.
Уул уурхайн сайд Д.Ганхуяг “Төслийн бүтээн байгуулалтын ажил төлөвлөсөн хугацаандаа хийж баяжуулах үйлдвэрээ ашиглалтад оруулахад бэлэн болсон нь манай өвөг дээдсээс хойч үеийнхэндээ өвлүүлсэн үнэ цэнтэй баялгийн маань баталгаа, олон улсад нэр хүнд бүхий “Рио Тинто” компанийн санхүүжилт босгох туршлага менежментийн чадварын үр дүн гэдгийг цохон тэмдэглэхийг хүсч байна” гэж хэлжээ. Өчигдрийн Д.Ганхуяг, өнөөдрийн Д.Ганхуяг хоёрт тун их ялгаа биз. Гэхдээ ашиг сонирхлын асар том ялгаа байгааг уншигч та анзаарч байгаа байх.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар уржигдархан л “Оюу толгой ХХК нь энэ сарын 27-нд Өмнөговь аймаг дахь уурхайн талбартаа баяжуулах үйлдвэрийн нээлтийн ёслолын ажиллагаагаа хийх гэж байна. Монгол Улсын Засгийн газар, УИХ-ын гишүүд, Монгол Улсад байгаа олон улсын байгууллагууд, Элчин сайдын яамд, нийт Монголынхоо ард түмэн, Оюу толгой ХХК-нийн ажилтнууд болон Монгол орны төлөө сэтгэлтэй хүн бүрт хандан Оюу толгой ХХК-ийг далд буюу монголчууд бидний мэдэхгүй байгаа бүх гэрээнүүдээ ил нээлттэй болготол аливаа үйл ажиллагааг нь дэмжихгүй байх, тухайлбал энэхүү ёслолын үйл ажиллагаанд оролцохгүй байхыг уриалж байна” хэмээсэн.
Гэтэл ангижав нь өчигдөр Оюу толгой руу гүйж очоод л баяжуулах үйлдвэрийн асаах товчлуурыг баяр хөөртэйгээр дарж, Монголын баялаг гадагшаа урсах их үйлийн эхлэлийг тавьчихав.
Мэдээж жингийн цуваа цувдагаараа цувна гэгчээр Монгол төрийн ажил явдагаараа явж байгаа хойно Уул уурхайн сайд Д.Ганхуяг салбарынхаа томоохон үйл ажиллагаанд оролцож бололгүй яах вэ. Гэхдээ урьд нь хэн байсан, одоо хэн болчихоод байгаагаа мартаад Оюу толгой руу гүйж очно гэдэг наад зах нь нэр төрийн хувьд ичгэвтэр асуудал биш гэж үү.
Оюу толгойг сайн балбасныхаа хүчинд сайдын суудалд тухалсан тэрбээр ичсэндээ дэд сайдаа нээлтэд нь оролцуулж болох л байлаа. Бүхэл бүтэн Уул уурхайн сайдад ямар ч ажил гарсан байж болно шүү дээ. Гэтэл “Би танай үнэнч нохой шүү” гэх аятай гүйж очоод баяртайгаар товчлуурыг дарж, сайн хүний нэрийг гурав худалдаж иднэ гэгчээр өвөг дээдэстэйгээ холбосон үг хэлсэн нь түүхийг мартаагүй монголчуудын эгдүүцлийг хүргэж байна.
Энэхүү ёслолын ажиллагааны нээлтэд уг нь Ерөнхий сайд Н.Алтанхуяг очих ёстой байсан юм билээ. Гэвч Н.Алтанхуяг сайд хэл ам дагуулсан айхтар үйлдвэрийн нээлтэд очвол аягүйтнэ гэдгээ мэдээд, бас ичих булчирхайтай тулдаа Баяжуулах үйлдвэр рүү шүлэнгэтэж гүйсэнгүй. Тэгээд ч Ерөнхий сайд Н.Алтанхуяг Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээг шинэчлэх ёстой гэдэг шаардлагыг анхнаасаа тавьж, эсэргүүцэгчдийн эгнээнд жагсаж байсангүй. Өөрийн үзэл бодолдоо үнэнч явсаар өнөөдрийг хүрсэн нэгэн.
Харин Уул уурхайн сайд Д.Ганхуягийн тухайд ичиж амьдрах хэрэгтэй байна. 2011 оноос хойш Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээг хүчтэй эсэргүүцэгчдийн нэг явсанаа өнгөрсөн намар гэнэт үзэл бодлоо өөрчлөөд дэмжиж эхэлсэн. Тэгтэл өдгөө бүр баяжуулах үйлдвэрийнх нь нээлтэд очоод, асаах товчлуурыг дарж суудаг, үгүй ээ мөн увайгүй хүн шүү.
Уншигч та санаж байгаа бол өнгөрсөн намар есдүгээр сарын 18-ны өдрийн УИХ-ын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны мөрийн хөтөлбөрийг баталсан.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, О.Баасанхүү, С.Ганбаатар нар “Оюу Толгой”-н гэрээг сайжруулах саналыг уг мөрийн хөтөлбөрт багтаах санал гаргасан боловч дэмжигдээгүй.
Санал хураалт болох үед нийт хуралдаанд оролцогчдын олонхи буюу 1 хүний саналаар уг саналыг Засгийн Газрын 2012-2016 оны мөрийн хөтөлбөрт оруулах шаардлагагүй гэж үзсэн юм.
Түүнээс хойш С.Ганбаатар Ц.Баярцогтыг Оюу толгойн гэрээний талаарх мэтгэлцээнд урин дуудсан ч төдийлөн амжилтад хүрээгүй бөгөөд Оюу толгойн үйл ажиллагаа улам хүчээ авсаар байна.
Монголкомментс
URL: