Хаан банкыг шүүхэд өгье
Байгалийн давагдашгүй хүчин зүйлс ган зуд болон бусад аймшигт үзэгдэлд мал сүрэг бүү хэл үл хөдлөх хөрөнгө ч устах тохиолдол бий. Тэр утгаараа дэлхий нийт хамгийн найдвартай барьцааг газар гэж үздэг нь яавч дэмийрэл биш. Ган болоход өвс халцраад газар нь байж л байна. Зуд болоход цасан дор газар байж л байна. Далайн шуурга, аймшигт үзэгдэл бий болоход байшин барилга, машин тэрэг ч сүйддэгийг арлын япончуудаас бид бэлхнээ харж байгаа.
Дэлхий нийтийн ийм жишиг байхад яагаад гангийн наранд халж, хөхөө өвлийн хүйтэнд хөрч яваа малчдынхаа малыг барьцаална вэ. Харин барьцаалсан мал нь ган зуданд үхэж үрэгдэхээр шүүхэд шилжүүлдэг цоо шинэ тогтолцоог “Хаан” банк Монгол Улсад нэвтрүүлээд багагүй хугацаа өнгөрчээ. Тэд энэхүү тогтолцоог 2001 онд нэвтрүүлснээр даруй 11 жилийн нүүр үзэхэд олон малчдын хотыг нь харлуулаад зогсохгүй, олон малчдыг шүүхийн хаалгаар алхууллаа. Дэлхий нийтийн энэ жишгээс харвал малаа зуданд алдсан малыг шүүхэд өгөх биш, байгалийн давагдашгүй зүйлд устдаг зүйлээр барьцаа олгосон Хаан банкийг өөрсдийг нь шүүхэд өгмөөр. Ямар зуд турьхан боллоо гэж байгаль дэлхийг шүүхэд өгөлтэй биш дээ. Бид ийм л хөгийн тогтолцоог банкны салбарт нэвтрүүлчихээд олон сайхан малчдаа шүүхийн өмнө тэргүүн бөхийлгөсөөр байх уу гээд бодох зүйл их болжээ.
Орчин цагт ийм системээр ажилладаг ямар банк дэлхийн хаана ч байхгүй. Харин ардын хувьсгалаас өмнө буюу Манжийн дарлалын үед Даашинхүүгийн пүүс гэж түмний минь мал сүргийг өр төлөөсөнд авч, гахай нүцгэн, нохой явган орхидог алдартай пүүсийг өдгөө бид түүхээс мэдэх билээ. Өдгөө хөдөө орон нутаг малчин өрхийн тал хувь нь “малчны зээл” хэмээх Питер Морроугийн нэвтрүүлсэн системд бүгд хамрагдаад буй. Тэр хэрээр Монгол Улсын нийт мал сүргийн тав тутмын нэг нь “Хаан” банкны нэр дээр байна. Статистик баримтаас харвал 2009 онд 42 саяд хүрч байсан мал сүрэг, сүүлийн хоёр жилд хоргодож, 2011 оны байдлаар 36 сая тоо толгой малтай болоод байгаа. Харин энэ оны байдлаар 40 орчим саяд хүрч өссөн сайхан мэдээ бий. Хэдийгээр байдал ийм байгаа ч эдгээр мал сүргийн гуравны нэг хувь нь “Хаан” банкны барьцаанд байна гэсэн мэдээлэл бий. 2011 онд арилжааны банкуудаас нийтдээ 50 мянга гаруй малчин зээл авч, тус зээлийн нийт хэмжээ 52 тэрбум орчим төгрөгт хүрсэн гэх мэдээлэл байсан. Харин энэ оны эцсийн байдлаа 70 гаруй мянган малчин зээл авч, мөнгөний хэмжээ 80 тэрбумд хүрсэн хийгээд 2011 онд зээл авч байсан малчдаас 5600 малчин ган зудад малаа хоргодуулснаас болж, шүүхийн хаалга татсан гэх мэдээлэл байна.
Өдгөө манай улсад 170 мянга гаруй малчин өрхөд 639 мянга гаруй хүн амьдарч байна. Тэдгээр малчдаас ийнхүү жилээс жилд шүүхийн хаалга татаад байвал яаж амьдрах вэ. Манай салбар салбарын шинэчлэл ярьж л байдаг. Тэгсэн хэрнээ банкны салбарт байгаа энэ гажуудлаа засах цаг нь нэгэнт болчихоод байна. Бусад арилжааны банкуудаар мал барьцаалж зээл олгодоггүй. Гэтэл “Хаан” банкыг дархан эрхтэйгээр ийнхүү даврааж, малчдынхаа мууг үзэж байгааг хаа хаанаа ярих цаг нэгэнт болжээ. Малчдаа шүүхийн өмнө бөхөлзүүлж байхаар эрх зүйн цоорхой ашиглаж байгаа “Хаан” банкыг шүүхэд өгвөл яасан юм. Хамгийн энгийнээр статистик сөхөж харвал цалингийн зээлийн хүү 1.4-1.8 хувь байхад тогтмол орлогогүй малчдад сарын 2.5 хувийн хүүтэй зээл “Хаан” банкнаас олгож байгаа юм.
С.Баяр
URL: