Гадаадынханд басамжлагдсан монгол имиж
Монголын онцлог”, “Монгол ухаан”, “Монгол удмын сан”, “Монгол ген” гэхчлэн “Монголын” гэж тодотгох юу л байна, жагсаавал сонины нэг нүүр дүүрч ч мэднэ. “Муу юманд элдэвтэй монголчууд” хэмээн харин гадныхан егөөдсөн нь мэр сэр бий, хойшдоо монголчуудын хоч нэр болж хоногшихтөлөвтэй. Германы Хамбургийн нэг FМ-ээр аялал жуулчлалын реклам явж байна. Хаашаа аялах вэ гэж нэг нь асууж, нөгөө нь хариулж байна, “Хэрэв Та балар ширэнгийн зэрлэг адал явдалтай учирч, сонин хачин марзан юм үзмээр байна уу” гээд, үзье гэвэл хаашаа гэдгийг Та таа л даа гэж таавар маягийн юм ярьж хэсэг хөгжилдөөд,”Хэрэв тийм туризм хийе гэвэл Монголд аялж үз” хэмээн хөхрөлдөн ярьж байх юм. АНУ-аас Монголд сууж асан Элчин сайд Ла Порта: “Монголд ердийн туризм тохирохгүй, зөвхөн адал явдалт туризм л хөгжинө” хэмээн Монгол-Америкийн форум дээр онолсон гэдэг.
Соёлжсон барууныхан ба монголчуудын хооронд “Гэрийн тэжээвэр амьтан” гэх ойлголт зарчмын ялгаатай. Соёлжсон ертөнцөд нохой, муур нь гэр бүлийн гишүүн байдаг. 1990-ээд оны сүүлчээр шиг санагдана, Улаанбаатарт төдөн мянган нохой алж арьсыг нь улсын бэлтгэлд тушааж, хотын ариун цэврийг сахив гэсэн шүү мэдээ Германы сонинд гарснаас үүдэн бөөн шуугиан дэгдэж, ан амьтны эрх ашиг хамгаалагчид, ногоонтнууд гэхчлэн бөөн хүн Бонн дахь манай ЭСЯ-нд очиж эсэргүүцэл илэрхийлж, бараг л “Та нарын арьсыг өвчвөл ямар вэ” гээд тулгаад сүйд болжээ. Тэрхэн үедээ Монголын нэр хүнд Германд жаахан сэвтээд ч авсан юм байх.
Монголд ирж ажилласан гадаадын иргэд манай хотын золбин нохдыг ихэд өрөвдөн, өхөөрдөж эрхлүүлээд эцэст нь дасгаад хагацах дээрээ тулахаар бөөн зовлонд унадаг гэнэ. Манайхан болохоор хэнэг ч үгүй алаад газар булчихна, эвсэл арьсыг нь өвчөөд авчихна, тэнэмэл иргэд махаар нь гүнцэг барьчихна. Гэтэл дасгасан ганц нохойгоо аваад нутаг буцъя гэсэн гадаадын иргэнд бичиг цаас зөвшөөрөл энэ тэр гэж бөөн чирэгдэл удаад, эцэст нь “Монгол нохойны ген”-ийг хил давуулж алдахгүй гээд гэдийчихнэ. Үүнийг “Монголын сонин хачин марзан явдал” гэж нутаг буцсан хойноо нөгөөдүүл нь FМ-ээрээ ярьж байгаа нь тэр.
Бид эндээ бахархал болгоод, “зууны манлай” энэ тэр гэж өргөмжилснөөс гадаадад тоож байгаа нь нэг ч байхгүй, Монголын өнгөтэй өөдтэйг дээр үеийн социалист суртал ухуулга шиг сурталчилна гэж бүр гонж, “Монголд зочлох жил” гэж бид эндээ хэчнээн уриалавч тоож шиншлэх ч үгүй. Энэ нь Монголын засаг төрийн буруу огтоос биш, ерөөсөө л сонин хачин, марзан тэнэг явдлаар дүүрэн Монголын нийгмийг голж байгаа нь тэр. Өөрөөр хэлбэл, монголчуудыг, монгол хүнийг голж байгаа нь тэр.
ОУВС, Дэлхийн Банкны албан ёсны баримт бичигт “Монголын ядуурал хоцрогдолд монголчуудаас өөр хэн ч хариуцлага хүлээхгүй, ядуу байгаад өөрөө өөрсдөө буруутай” гэж бичсэн байхыг юу гэж ойлгож болох вэ? Африкийн голдуу маш олон орны ядуурлын хариуцлагыг колоничлогч асан Европын орнууд нь хүлээж, хайр найргүй колоничилсныхоо төлөөсөнд өрийг нь 100 хувь цайруулж, дээр нь тусламж олгож байна. Харин Монголд бол үгүй, хохь чинь гэх.
Гандан бууршгүй худалч, мэхлээчин, панаалдагч чанар нь Зөвлөлтийнхөнтэй учраа олоход тусалж,социалист уриан дор харилцан бие биеэ хуурч сатаараад дөнгөөд байсан бололтой. Харин ОУВС, Дэлхийн Банктай “орос ах нарыг” гэх “монгол зан”-гаар үзээд нэр нүүрээ барж залхаав. Зээл тусламжийг хамгийн үр бүтээлгүй зарцуулсан сонгодог жишээнд Монголыг нэрлээд лекцэлдэг Хироно профессорыг бид яаж ч чадахгүй. Тэрээр “Африкийн хэсэг улс ба Монгол”-ын сургамжийг эдүгээ Японоос СЮА-гийн тусламж авч буй Вьетнам, Лаос, Мьянмад сэрэмжлүүлж байх юм.
Ардчиллын буянаар (гайгаар) Монголын үүд хаалга нээгдэж, зорчдог хүний тоо хэрээс хэтэрсэн. Гаднаас ирдэг хүн болгон бараг толгой дараалан зургийн аппарат, видео камертай. Хальсандаа дандаа манай бүтээн байгуулалт, урлаг соёл, наадмыг буулгадаг гэвэл эндүүрэл. Тэд хорьсоор байтал хотын захуудаар хулгайгаар явж үзсэн, тэр ч бүү хэл “Далан давхар” орчихсон явах нь элбэг. Тэнд л зураг авч кино бичлэгээ хийдэг юм байх. Гутмаар, сэжиглэмээр ч юм шиг. Нийслэлийнх нь хүн амын талаас илүү нь зах дээр байнга зогсдог буюу тэнүүчилдэг ийм улс дэлхийд өөр олон байхгүйдээ л гадаадынхны нүдийг хужирлаж, дуран хараанд нь бууж үлддэг байх.
Гадаадын хэвлэлд нийтлэгдсэн Монголын тухай элдэв зурагнуудын ихэнх нь золбин тэнэмэл хүүхэд, гудамжинд ойчсон согтуу хүн, траншейны амьдрал цухасхан, захын наймаачин хотын амьдрал гэвэл, Монголын хөдөө гэхлээрээ монгол гэрийн гадаа араг сандайлсан халтар хүүхэд, бөгтөр эмгэн, улаан зээрд царайтай адуучин, үхсэн малын сэг, балгас болсон сумын төв… Зураг дээрх монгол хүмүүс нь аль болох зэрлэгдүү ядаж сайртсан улаан хацартай, халтар царайтай, ноорхой хувцастай байвал “Монголын имиж” нь тэр болох ухаантай юм.
Тухайн нэг улсаас Монголтой харилцсан тухай интернэтдэх мэдээлэл гэвэл, СССР-ийг дагаж 70 жил бөглүүд явснаа 1990-ээд онд ардчиллын буянаар дэлхийд гарч ирсэн, гэвч тамтгаа алдсан эдийн засагтай, хүн ам нь нэн ядуу, дэлхийн стандартаас доогуур, гадаадаас төдий хэмжээний зээл тусламж авсан, төдөн улстай гадаад худалдаатай, худалдааны эргэлттөд, Орос, Хятадын завсарт стратегийн байршилтай гэхчлзн бичсэн нь түгээмэл. Арай өег нь гэвэл Чингис гэгч хаан XIII зуунд Монголоос төрж гарч йрээд дэлхийн талыг эзэлсэн гэсэн ганц нэг өгүүлбэр. Цаашаанаа Монголын өнөөгийн гэгээтэйг бичиж огт болохгүй гэж хоорондоо үгссэн юм шиг.
Энэ бүхэн доромжлол уу? Доромжлол биш юм бол юу юм бэ? XXI зууны хөгжлийн их хурд нэг л өдөр Монголыг арчина шүү гэдгийн дохио санамж биш гэж үү? Улаанбаатарын “Ажилчны” гэгдэх районд бүхэл бүтэн “Хятад хот” төмөр торны цаана монголчуудыг яг л ажлын мал шиг, бөөнөөр хорих лагерын ялтан шиг хорьж цагдан өдөр шөнөгүй үнэгүй мөлжиж байна гэнэ. Тэнд монголчуудыг хэн ч албадан аваачаагүй, өөрсдөө гүйж очоод төмөр торны цаана хоточ нохойны зуулга болчихоод байгаа нь тэр. Монголчууд даяаршилд (глобалчлал) орж яваа зам нь тэр. Чухам энэ бүгдийг нийлүүлээд Монголоор дүүрэн сонин хачин гэж нэрлэх бөлгөө.
URL: