Монголчууд үүссэн цагаасаа тусгаар улс болж явсан

Улсаа тунхаглаж олуулаа болох санааг Богд хаан илэрхийлж байжээ

Монголын ард түмэн эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 101 жилийн ойг өнөөдөр ёслон тэмдэглэж байна. Уг ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Богд хааны ордон музейд зочилсон юм. Уг үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, эрдэмтэн мэргэд, лам хуврагууд, Монголынхоо түүх, соёлын өвийг дээдлэгч иргэдийн төлөөлөл оролцлоо.
Монгол Улсын Ерөнхийлөгчийг Богд хааны ордон музейд очиход музейн ажилтнууд ХХ зууны эхэн үеийн Нийслэл хүрээ болон Наймдугаар богд Жибзундамбын холбогдолтой үзмэрүүдээс танилцуулсан юм.
Монгол Улс эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсан 1911 оны арванхоёрдугаар сарын 29-ний өдөр Богд хаан, Эх дагина нарыг өргөмжлөн залж байсан ёслол, Богдын ордны өмнөх талбай ард иргэдээр дүүрэн байсныг дүрсэлсэн эх зургууд, төрийн тулга, Богд хаан, Эх дагинын эдэлж хэрэглэж байсан хувцас хэрэглэл зэргийг дэлгэж үзүүллээ.
Богд хаан 1909 онд энэ цаг мөчийг алдалгүй Монгол Улс тусгаар тогтнолоо сэргээх ёстой гэсэн лүндэн буулгажээ. Уг зарлигийг музейн ажилтан Монгол Улсын Ерөнхийлөгчид уншиж сонсголоо. “Ямар ч айл, хүн бүл цөөн. Аргал түүх араг, савар үгүй. Түүнийгээ бусдаас гуйж, ус авах уналга үгүй бол бусдыг царайчлан өлсч, цангаж цаг алдан туйлдаж байна. Том, жижиг ямар ч улс юуг өөртөө үйлдвэрлэж чадахгүй байна, түүгээрээ харь гүрний эрхшээлд өөрийн эрхгүй ордог. Юм бүхэн дээр хүн цөөдөн хүчин мөхөсдөж явахаа болих юмсан. Түүний тул монгол туургатан нийлж, нэгэн том айл болж сэтгэл санаа юугаа, хүчин чадлаа нэгтгэх юмсан” гэж Богдын лүндэнд буулгасан байна. “Улс орноо тунхаглаж дотооддоо бүтээгдэхүүн үйлдвэрлэе, олуулаа болъё” гэсэн утга санааг Богд хаан тухайн үед ийнхүү илэрхийлж байжээ.
Мөн Монгол Улс 1911 онд эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн зарламагц Франц, Англи, АНУ, Дани, Япон зэрэг дэлхийн есөн том гүрэнд илгээсэн ноот бичгийг үзүүллээ.
Улсынхаа тусгаар тогтнолыг сэргээж Богд хаанаа сууринд залсан өдрийг 1922 он хүртэл жил бүр ёслон тэмдэглэж өнгөрүүлж байжээ. Уг ойг 2011 оноос сэргээн тэмдэглэж эхэлсэн юм.
Улам олуулаа эх түүх, соёлоо судалъя
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Богд хааны ордон музейд болсон “Тусгаар тогтнол” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэгт оролцогчдод болон Монголын ард түмэнд баярын мэндчилгээ дэвшүүллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч “Монголчууд өнгөрсөн жил Монгол Улсынхаа эрх чөлөө, тусгаар тогтнолыг сэргээн мандуулсны 100 жилийн ойг ёслон тэмдэглэсэн. Өнөөдөр 200 дахь жилийн эхний ой тохиож байна. Манай өвөг дээдсийн эхлүүлсэн их үйлс зуун дамжаад явж байна. Үр хойч нь энэ ойг тэмдэглэн өнгөрүүлж эрх чөлөө, тусгаар тогтнол гэж ямар агуу зүйл болохыг хүн болгон бодох шаардлагатай. Энэ бүхний үнэ цэнийг сануулсан өдөр болж байна.
Аливаа үндэстэн өөрийн эх хэлтэй, бичиг, уламжлал, соёлтой байх юм бол тухайн үндэстэн бие даасан, тусгаар улс байх амин шалгуур нь тэр юм. Монголчууд анх үүссэн цагаасаа, төр, улсаа бий болгосон цагаасаа эрх чөлөөтэй, тусгаар улс болж явсан. Улс төрийн утгаараа шийдвэр гаргах эрх нь бусдад булаагдсан, бусдын үг захиргаагаар явсан үе бол байдаг.
Манжийн дарлал гэж ярьдаг. Би бол монголчууд харь гүрний дарлалд байгаагүй гэж үздэг. Манай олон эрдэмтэн үүнтэй санал нэгддэг. Эрх чөлөө, тусгаар тогтнол, өв соёл монголчуудын зүрх сэтгэлд байнга байсан.
Ирэх жил их сайхан жил гарна. Монгол Улс төр, улсаа тунхагласны 2222 жилийн ой тохионо. Дөрвөн хоёр давхацсан тэгш ойн жил гарч байна. Тэгэхээр мөн л монголчуудын буян заяа улам тэгширсэн сайхан он болно.
Уламжлал соёл, өвөг дээдсээс хадгалагдаж үлдсэн зүйлээ монголчууд үзэж хардаг болмоор байна. Улам олуулаа үзмэрээ үздэг, түүхээ судалдаг, улам олон хүн эдгээрийг үздэг болох боломжийг олгодог болох ёстой. Түүх, дурсгалаа зөвхөн хадгалаад байж таарахгүй”.
Триннозавр Батаар ганцаараа биш олуулаа ирнэ
“Өчигдөр их сайн мэдээ авсан. Археологи-палеонтологийн их том дурсгал болох Триннозавр Батаар гэдэг үлэг гүрвэлийн яс Монголоос хууль бусаар гарсан байсан. Үүнд Монгол Улсын Ерөнхийлөгч өөрөө нэхэмжлэгч болж хойноос нь хөөцөлдсөн. Үлэг гүрвэлийн яс Монголынх мөн гэсэн шүүхийн шийдвэрийг АНУ гаргаад байна.
Триннозавр Батаар ганцаараа биш олуулаа, бүр зургуулаа ирэх гэж байна. Үлэг гүрвэлийн олдворыг гаргасан сүлжээг илрүүлж, зургаан үлэг гүрвэлийн олдворыг буцааж Монголд нь ирүүлэхээр боллоо. Дагалдаад өөр олдворууд ч орж ирнэ.
Энэ нь Монгол Улс түүх, соёлынхоо хойноос явдаг, хууль бусаар гарсан зүйлийнхээ хойноос хөөцөлддөг, санаа тавьдаг улс шүү гэдгийг харуулж байгаа юм. Тиймэрхүү асуудалтай тулгарсан дэлхийн бусад олон улс оронд Монгол Улс үлгэр жишээ болж байна. Дэлхийн хэвлэл, мэдээллийн халуун сэдвийн нэг болоод байна. Өчигдөр орой гэхэд ВВС-гээр нэвтрүүлэг явсан.
Соёл, спорт, аялал, жуулчлал гээд гурван том асуудал хариуцсан бодлогын яам байгуулсан. Соёлын өвийг хамгаалах хуулиа боловсронгуй болгоно. Эрүүгийн шинэ хуульд соёлын өвийн эсрэг гэмт хэрэг гэж бүтэн бүлэг нэмж оруулж байна. Ингэж өвөг дээдсээ үлдээсэн соёл, түүхийн өвөө хамгаалах болно” гэлээ.

URL:

Сэтгэгдэл бичих