ХЯТАДЫН АРХИНЫ ХОРИГ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ “ШАРТУУЛАВ”

ВАШИНГТОН. /Америкийн дуу хоолой/. Хятадын цэргийн өндөр албан тушаалтнуудыг согтууруулах ундаагаар дайлах аливаа арга хэмжээнд оролцохыг хориглосон нь тус улсын хөрөнгө оруулагчдыг “шартуулж” байгаа гэнэ.
Хятадын үндэсний мэдээллийн Синьхуа агентлагийн мэдээлснээр, дээрх хориг гарснаас хойш тус улсын архины үйлдвэрийн нэг болох “Квейчов Моутаи” компанийн өдрийн орлого хоёр тэрбум доллароор буурч, хувьцааны ханш нь 5,5 хувиар огцом унасан ажээ.
Энэ сарын 21-нд Цэргийн төв зөвлөлөөс зарласан уг хоригоор архийг хориглохоос гадна угтах туг дарцаг, улаан хивс, цэцгэн чимэглэл, амьд хөгжмийн тоглолт, бэлэг дурсгалын зүйл зэрэгийг хориглосон байна. Тус зөвлөлийг өнгөрсөн сард Коммунист намын шинэ даргаар сонгогдсон Си Зиньпин тэргүүлдэг. Ирэх гуравдугаар сард Хятадын Ерөнхийлөгч болох магадлалтай тэрээр авлигатай тэмцэхээр амлалт өгсөн билээ.
Цэргийн офицеруудыг ч уг хоригт хамруулсан ба тэд “хамт ажилладаг нөхөд, үр хүүхдээ хүмүүжүүлэн, авлига авахгүй байлгахад хяналт тавих ёстой” гэж эх сурвалжууд мэдээлж байгаа юм.
Синьхуа агентлагийн мэдээлснээр, Хятадын интернэт хэрэглэгчид ч мөн хоригийг сайшааж байгаа төдийгүй төрийн бүх түшмэлийг хамруулах саналтай байна.
Түүнчлэн Боловсролын яамны хуучин албан ёсны төлөөлөгч телевизүүдээр ялангуяа баярын үеэр архи, дарсны сурталчилгаа хийхийг хязгаарлахыг уриалжээ.
Л.Урангуа

Montsame


URL:

Сэтгэгдэл бичих