Оны хамгийн мунхруулгатай ярилцлага

ДМ онлайнаас өнгөрсөн оны хамгийн мунхруулга бүхий ярилцлагаар доорх бичвэрийг сонголоо. Товчлон оруулав.

Г.Оюунгэрэл: Бид 26 мянган жилд ганцхан тохиодог үйл явцыг харах гэж байна

“Эрхэм Зиндаа” булангийнхаа энэ удаагийн зочноор Шведийн Орифлэйм компаниар овоглогдож олноо алдаршсан хатагтай Г.Оюунгэрэлийг урилаа. Түүнтэй сүүлийн үед нийгэмд багагүй шуугиан дэгдээж буй Бумбын эриний шилжилт, дэлхийн соронзон орны өөрчлөлт, сонгуульд нэр дэвшсэн шалтгаан, сүлжээний бизнес, хувийн амьдрал, үзэл бодлынх нь талаар дэлгэрэнгүй ярилцсан юм.

-  Таны лекцийн талаар яриагаа эхлэх үү?

- Намайг Орифлэйм хийж байснаар нь Монголчууд мэднэ. Би энэ бизнесээ охиндоо өв залгамжлуулан шилжүүлж өгсөн. Гэсэн ч хүмүүс намайг Орифлэймийн Оюунгэрэл гээд нэрлээд дадчихсан болохоор Орифлэймийн бизнес хийдэг, будаг шунх, мөнгө төгрөг л ярьдаг байх гэж ойлгодог.

Хувь хүний өөрийнх нь төрөлхийн чанар гэж байдаг. Тэр утгаараа би бизнесийн салбараас их хол хөндий хүн юм аа даа. Намайг эрдмийн мөр хөөсөн хүн гэж хэлбэл илүү таарах юм болов уу гэж би боддог.

Бид их олон юм мэддэг ч ХҮН гэдгийнхээ учрыг олохгүй байсаар дэлхийн хүн төрөлхтний 99 хувь нь энэ хорвоог орхидог юм байна гэдгийг Орифлэймийн бизнес хийгээд хэсэг хугацааны дараа ойлгосон. Өөрийгөө бүрэн ашиглаж чадахгүй, хүн гэдэг энэ агуу бодгалийн мөн чанарыг ойлгоогүй учраас хүн төрөлхтөн зовлондоо шаналж, гачигдаж дутагдаж, амьдралын саад бэрхшээлд сөхөрч унаад явдаг юм билээ.

-Та ХҮН-ийг хэзээнээс судлах болов?

-Канад гаралтай Америкийн иргэн дэлхийн тэрбумтнуудын нэг Брайн Трейси гэж хүн байдаг. Тэр хүн 26 насандаа метронд цаасан хайрцаг давхарлаж унтдаг, монголоор бол траншейны хүн байж л дээ. Гэтэл тэр өнөөдөр саятнуудыг үйлдвэрлэдэг, хүмүүсийг аз жаргалд хүргэдэг хүн болсон. Тэр хүний нэг номыг уншиж байтал “Хүн амьдралдаа өөрт заяагдсан авьяас билэг, чадварын ойролцоогоор 0,1 хувийг ч ашиглаж чадахгүйгээр үхдэг” гэж бичсэн байсан. Тэгэхээр 99,9 хувийг ашиглахгүй байна гэсэн үг ш дээ. Хүмүүс “Би хоёр гурван дээд сургууль төгслөө, 50-60 нас хүрлээ, ийм тийм ажил хийлээ, миний эрч хүч харьж байна, мэддэг юмаа бүгдийг нь шавхсан” гэж ярьдаг. Гэтэл энэ маань биш байлаа. Дэлхий дээр Чингис хааныг өөрийгөө хамгийн өндөр түвшинд ашиглаж чадсан хүн гэж үздэг юм билээ. Өөрт заяагдсан нийт оюуны потенциалын 80 хувийг ашигладаг байсан гэж. Дараа нь Леонардо Да Винчи. Өөрийнхөө бүх зургийг нүдээ аньж зурсан гэдэг. Харж зурсан зураг нэг ч байгаагүй. Анхны уурын тэрэг, оёдлын машиныг зохион бүтээсэн мундаг хүн л дээ.

Эйнштэйн өөрийнхөө оюуны потенциалын 10 хувийг ашигладаг байсан гэдэг. Түүний харьцангуйн онолоор дэлхий ертөнцийн оршин тогтнох хуулийн талаар хүн төрөлхтөн мэдсэн. Суут хөгжмийн зохиолч  Людвиг ван Бетховенийг потенциалынхаа 7 хувийг ашиглаж байсан, төрөлхийн дүлий ч зургаа дахь мэдрэхүйгээрээ ертөнцийг сонсдог байсан гэдэг. Маркс, Энгельс нарыг оюуны потенциалийн нэг хувиа ашигладаг байсан гэж үздэг юм билээ.

-Жирийн хүмүүс хэдэн хувиа ашигладаг бол?

-Жирийн хүмүүс 0,06 хувь орчмыг л ашигладаг гэдэг. Оюуныхаа потенциалын иймхэн хувийг ашиглачихаад өөрийгөө амьдарсан, сурсан, мэдсэн, ертөнцтэй танилцсан гэж үзэхэд их хэцүү. Энэ бүгдийг уншаад би бодож байсан л даа. Миний амьдрал миний хүссэнээр дардан байгаагүй. Амьдралын асар их даваа нугачааг туулж байж өнөөдрийн оргилд хүрсэн. Ганцаардал, мөнгөгүйдэл, өвчтэй бие гээд бүх л зовлон надад байсан. Брайн Трейсигийн номыг анх 2003 онд уншчихаад би их эрч хүч авч байлаа.

- УИХ-ын сонгуульд та Чингэлтэй дүүрэгт МАХН-аас нэр дэвшсэн.  Сонгуульд яагаад нэр дэвших болов?

- Улс төрд би дотор нь орж хутгалдаж явсангүй 12 жил болжээ. Ойлгоход их сонин, би ойлгож чадахгүй ертөнц болсон юм билээ. 2000 оны УИХ-ын сонгуульд би БНН-аас нэр дэвшиж байсан. Тэр үеэс хойш 12 жил өнгөрч. Бүх юм  их өөрчлөгдөж.

Монголд Орифлэймийг анх оруулж ирэхэд энэ бизнесийг яаж хийхийг хэн ч надад заагаагүй. Би хүнд юм заахын тулд суралцах хэрэгтэй байлаа. Баян тарганаараа, гоо сайхнаараа хүний дээр гаръя гэж бодож явсангүй, харин эрдэм боловсролоороо хүний дор орохгүй гэж үргэлж чармайж явлаа. Тэр бол миний өөртөө өргөсөн тангараг л даа. Тийм учраас амьдралын тухай, ертөнцийг танин мэдэхийн төлөө 10 жил нойрноосоо, амралтаасаа хасаж ойролцоогоор 1000 гаруй ном, шинжлэх ухааны бүтээлүүд судалсан.

“Өөрөөр сэтгэж, өөдрөг амьдаръя” номоо бичихэд ашигласан номын жагсаалт гэхэд л 131 байгаа. Ороогүй ч зөндөө юм бий. Одоо өглөөнөөс эхлээд Бумбын эриний шилжилттэй холбоотой шинжлэх ухааны таамаглал, онолын бүтээлүүдийг судлаад л суудаг. Зав зай маш муутай байна. Би арваад жил бясалгал хийж гэгээрлийн замыг сонгосон. Сүүлийн 10 жилд махан биетэй материаллаг ертөнцийн хүн биш гэдгээ, Мөнхтэнгэрийн бүтээл, хөх толботой Монгол хүн гэдгээ, үүний цаана асар их юм байдаг юм байна гэдгийг ухаарсан. Сонгуулийн үеэр яг яах гээд сонгуульд нэр дэвшээд байгаагийнхаа шалтгааныг би ард түмэндээ шууд хэлээгүй. Олон хүмүүс наадахаа л битгий яриарай гээд байсан болохоор би нэг их ярьсангүй, тэгсгээд л өнгөрсөн.

-Тэр нь юу байсан юм бэ?

-Ертөнцийн жамын дагуу хүн төрөлхтөн 2012 оны 12 дугаар сарын 21-нд Алтан бумбын эрин рүү шилжих гэж байгаа. 2012 оны сонгуульд орсон миний гол шалтгаан бол би эрин цагийн өөрчлөлтөд ард түмнээ бэлдэхэд Орифлэймийн Оюунгэрэл гэдэг утгаараа их хязгаарлагдмал байх юм болов уу. УИХ-ын гишүүн болчихвол онцгой тохиолдолд ард түмнээ зохион байгуулахад хэрэгтэй юм болов уу гэж бодсон явдал байлаа.

-Та яагаад заавал МАХН-аас нэр дэвшсэн юм бэ?

-МАХН-ын дарга Н.Энхбаярыг би бясалгагч гэж сонссон л доо. Тийм учраас ертөнц дахинд хувиралт болох гэж байгаа талаар юм мэддэггүй материаллаг ертөнцийн амьдралтай улсуудаас илүү мэдэх юм болов уу гэж бодоод би тэр хүнтэй очиж уулзсан. ”Та үнэхээр эх орон, ард түмнийхээ төлөө, шударга ёсны төлөө намаа байгуулсан уу, эсвэл хувийн хонзон зангидаж намаа байгуулсан уу? Шударга ёсны төлөө намаа байгуулаад явж байгаа бол би танай намтай хамтрахад бэлэн байна. Тэрнээс улс төрийн бохир зүйлд нэрээ сэвтүүлмээргүй байна” гэсэн. Энхбаяр дарга “Эх орондоо шударга ёс тогтоохын төлөө явж байнаа” гэсэн. Тэгээд би сонголт хийсэн. Сонгуульд нэр дэвшсэн бас нэг шалтгаан маань газар шороогоо харамлах сэтгэл, Монголд нүүрлээд байгаа хөл толгойгүй мунхаглалын эсрэг Монгол улсын төр гэгээн байх ёстой гэсэн бодол байлаа. Тэрнээс гадна хамгийн гол нь Бумбын эриний шилжилтэд ард түмнээ бэлдэх хэрэгтэй ш дээ.

-12 дугаар сарын 21-нд яг юу болох вэ?

- Загасны орд, бумбын орд гээд 12 орд гэж байдаг ш дээ. Нэг ордыг тойрохдоо дэлхий 2160 жил эргэдэг юм байна. Дэлхий 12 ордыг тойроход 25920 жил болж байгаа юм. Тэгэхээр 26000 жилийн хугацаанд дэлхий 12 ордыг тойрч дуусдаг юм байна. 26 мянган жилд ганц удаа тохиодог тэр процесс 2012 оны 12 дугаар сарын 21-нд болох гэж байгаа. Дэлхий их том болохоор нэг ордоос нөгөө орд руу нэг өдрийн дотор шилжихгүй нь мэдээж. Загасны эринээс бумбын эрин рүү шилжих үйл явц 1930-аад оноос эхэлж, 1980-аад оноос нэлээд хүчтэй явагдаж эхэлсэн. Энэ цаг үеэс дэлхий дээр индиго хүүхдүүд төрж эхэлсэн. 1999 оны 08 дугаар сарын 11-нд Бумбын эрин рүү шилжих нэлээн огцом шилжилт хийгдсэн гэж үздэг. Энэ өдөр нар хиртсэн. Дэлхий өөрийн энергиэ тэглэсэн. Тэгээд дэлхий цоо шинэ дэлхий болж дахин төржээ. Дэлхий энергигүй болохоор амьд бүхэн бөхнө гэж эрдэмтэд айж байтал нар хиртэлтийн дараа дэлхий өөрөө дахиж эргэлтэнд орсон. Тэгэхдээ дэлхийн хэмжигдэхүүнүүд тухайлбал дэлхийн зүрхний цохилт гэж байдаг л даа. Шинжлэх ухаанд бол Шуманы давтамж гэж ярьдаг. Тэр нь өөрчлөгдсөн. Энэ нь хүн төрөлхтний оюун санааны хувьд чанарын шинэ шатанд гарах том эхлэл тавигдсан гэж үздэг. 1999 оны 08 дугаар сарын 11-нээс хойш төрсөн хүүхдүүд бүгд индиго хүүхдүүд. Зургаа дахь соёл иргэншлийн буюу Алтан бумбын эриний  иргэд гэж үзэж байгаа юм. Тэр хүүхдүүдийг хэрвээ анзаардаг бол тэд ер бусын билэг авъяастай, далд ертөнцтэй шууд харьцдаг, уураг тархиных нь альфа давтамж гэж бараг байхгүй, уураг тархины боргоцой булчирхай нь маш өндөр давтамжтай, гоц ухаантай. Уураг тархины давтамж ийм өндөр байхыг анагаах ухаанд шизофрений шинж тэмдэг гэж үздэг. Тэд их өвөрмөц ааштай, зөн билэгтэй, анх төрөхдөө нүд нь тогтчихсон. Нэг нас хүрэнгүүтээ удирдлага барьж телевиз ажиллуулаад, хоёр гуравхан насандаа ipod, iphone-ыг хэнээр ч заалгахгүй бүгдийг нь ажиллуулж байгаа ш дээ. Хүнд хоолонд тааруухан, бидний иддэг хоол ундыг идэхдээ дургүй талдаа, хөнгөн чанарын хоол бага зэрэг идээд л болчихдог. Хоол боловсруулах эрхтэн систем нь ч гэсэн арай л өөр юм болов уу гэж бодогддог. Өөрсдийн өсөлт хөгжилтөд шаардагдах энергийн нэг хэсгээ нарнаас авч чаддаг ч гэж үзэх үзэл баримтлал байдаг. Дэлхий Бумбын эринд дэлхийг залаад явах иргэнээ хүртэл бэлдсэн. 12 дугаар сарын 21-нд ямар үйл явц болох вэ гэхээр бүх од гаригс нэг шугам дээр жагсах юм. Нарны аймгийн бүх од эрхсийн төдийгүй Ертөнцийн бүх гариг, эрхсийн жагсаал (парад) гэж нэрлээд байгаа.

Энэ үйл явц 26 мянган жилд ганцхан удаа тохиодог гэж эрдэмтэд хэлж байгаа. Друнвало Мельхиседек болон одоогийн Майя дон Алехандро нар 30 цаг орчим /зарим эрдэмтэд 3-5 өдөр гэж байгаа/ нар, сар, од мичид огт харагдахгүй гэж үзэж байна. Энэ нь физик ойлголтоор шууд ойлгох зүйл биш юм шиг л санагдсан. Хүмүүсийг түнэр харанхуй нөмөрнө гэдэг нь нэг хэсэг юу ч харахгүй байж байгаад билгийн мэлмий нь нээгдэнэ гэж л хэлж байна лээ. Харин 30 цаг уу, 3 өдөр үү гэдэг бол хувь хүний бэлтгэлээс хамаарах юм гэж би ойлгосон болохоор тэр бэлтгэлийг л хангуулах зорилгоор номоо гаргасан. Друнвало Мельхиседек бол эрдэмтэн, метафизикч, экологич, зохион бүтээгч, эзотерикч, анагаагч, амьдрах ухааны багш, Шинэ эриний зүтгэлтэн. “Амьдралын цэцэгсийн эртний нууц”, “Зүрхэндээ орж амьдар”, “Нууцын нууц” зэрэг 7 ном нь 29 хэл дээр 100 гаруй оронд хэвлэгдсэн. Хүний гэрлийн бие, эрхтнийг математикийн болон геометрийн талаас нь тодорхойлсон анхны хүн, дэлхийн 60 гаруй оронд үйл ажиллагаагаа явуулдаг Мер-Ка-Ба гэрлийн биеийг идэвхжүүлэх, сакральны геометрийн онолыг түгээгч 300 гаруй төвийн үндэслэгч хүн юм. 25 жилийн хугацаанд янз бүрийн шашин шүтлэгтэй дэлхийн 70 гаруй гэгээнтэнд шавь орсон. Шинжлэх ухааны болон эзотерикийн мэдлэгийг хослуулсан хүн бөгөөд би тэр хүнийг номын багшаа гэж хүндэтгэж, их сонсдог л доо. Тэрээр дэлхийн шинжлэх ухаанд байгалийн энэ өөрчлөлтийг үзсэн практик байхгүй болохоор одоогийн Майягийн бөө нар энэ асуудлаар хариулт өгч магадгүй гээд их холбоотой байж, байнга мэдээлэл авч байгаа юм билээ.

2012 оны 12 сарын 21 бол дэлхийн төгсгөл биш, харин хүн төрөлхтөн хөгжлийн шинэ эрин-уураг тархиар биш, харин зүрх, сэтгэлээрээ амьдардаг эринд шилжинэ гэж үзэж байна. Харин дэлхийн төгсгөлийг Майячууд 4772 он гэж тодорхойлсныг Оросууд ард түмэндээ аль хэдийн хэлээд ойлгуулчихсан байгаа шүү дээ. Тэр болтол 2762 жилийн хугацаа байна даа. Өнөөдөр айдас хүйдэст автаад дэлхий сөнөнө гэж бодоод байх нь мэдээллээс их хол байдгийн маань л гай юм даа. Алтан бумбын эрин бол Монголчуудын эрин гэж олон хүн ярьж байгаа. Нострадамусын хэлээд байсан “21-р зууны эхээр Чингисийн хөх малгайтай цэргүүд тэнгэрээс бууж дэлхий ертөнцийг аварна” гээд байсан нь биелэгдэх гээд байгаа байхгүй юу. Ванга ч бас зөгнөсөн. 14-р Бенедикт “Дэлхий ертөнц болон хүн төрөлхтөн хөгжлийн гацаанд орсон үед  Монголчууд дэлхийг хоёр удаа аварсан. Эхний удаа Хүннүгийн Модун Шаньюу хаан аварсан. Хоёр дахь удаад хүн төрөлхтөн хөгжлийн гацаанд ороход Чингис хаан аварсан. Гурав дахь удаагаа хөгжлийн гацаанд орно. Тэгэхэд Монголчууд бас аварнаа” гэж хэлсэн байдаг. Бумбын эрин их гоё эрин юм байна гэж би баярлаад л хүлээж байгаа. Боливи улсын Гадаад харилцааны сайд “2012 оны 12 сарын 21-нийг бүх ард түмний үндэсний баяр болгон угтахаар болсон” гэсэн мэдэгдэл хийсэн байсан.

-Ямар эрин байх вэ?

-Хүн төрөлхтний 26 мянган жил хүлээсэн эрин. Хуучнаар бол коммунизм, дутагдаж гачигдахын зовлонгүй, дайн тулаангүй, өшөө хорсолгүй, өвчингүй, атаа жөтөө, атгаг санаагүй хүмүүсийн аз жаргал, хайрын эрин гэж олон эрдэмтэд тодорхойлсон байдаг юм билээ. Эрдэмтдийн энэ талын юмнуудыг л сүүлийн  хоёр жил судаллаа. Бүхэл бүтэн нэг улс байна даа. Ард түмнийг энэнд бэлддэг юм байгаа биз дээ. Дэлхий ертөнц Монголыг маш их анхаарч байна. Тэгэхдээ Монголын Оюутолгой, Тавантолгойг анхаарч байгаа юм биш. Дэлхийг бумбын эринд засаж авч явах Монголын нэгдсэн төр дэлхийд бий болох гээд байна ш дээ. Тэр төрийг аваад явах энэ Монголчууд чинь ухаарч байна уу үгүй юу гэдгийг л дэлхий ертөнц харж байна. Оюутолгой, Тавантолгойг юм мэдэхгүй хүмүүс л сонирхоно уу гэхээс ертөнцийн явдлыг ухаарсан хүмүүс одоо материаллаг зүйл сонирхохгүй ш дээ. Бумбын эринийг бурхан хүмүүсийн эрин зуун гэж байгаа юм. Сайхан хувцас ч юм уу, юу хүссэнээ бодоод бодитойгоор мөрөөдөж чадвал тэрийгээ материаллаг болгодог цаг ирнэ гэж олон эрдэмтэд хэлж байна.

-Бодол биелэхэд хамгийн тохиромжтой эрин гэсэн үг үү?

-Ерөөсөө тэр цаг. Хүн бодол хүслээ материаллаг болгох чадвартай. Оюун ухаан анхдагч, матери хоёрдогч гэж яриад байдгийн чинь учир нь тэр байхгүй юу. Бид л хамаг юмаа буруу тийшээ эргүүлчихээд байгаа болохоос биш.

- Муу хүмүүс үрэгдээд сайн хүмүүс нь үлдэх юм гэж ярьж байна?

-Манай дэлхий өөрийн гэсэн зүрхний цохилттой. Тэрнийг Шуманы давтамж гэдэг. Тэр цохилт нь сүүлийн 1000 жилийн туршид тасралтгүй 7,8 Гц гэсэн тогтмол тоо байжээ. Германы эрдэмтэн Отто Шуман “Хүн унтаж байх үед уураг тархины давтамж нь 7,8 Гц гэдгийг бас тогтоосон. Хүний уураг тархины энергийн давтамж дэлхийн зүрхний давтамжтай яг ижилхэн байдаг” гэдгийг тогтоосон гэсэн үг. Шуманы давтамж 1000 жилийн турш хөдөлшгүй байсан болохоор цэргийн техник, тоног төхөөрөмж, сансрын тоног төхөөрөмж зэргийг хийхэд тэр давтамжийг эталон болгож авдаг байсан байгаа юм. 1992 онд Шуманы давтамж 1000 жил хөдөлшгүй байснаа гэнэт нэмэгдсэн байсан. Дараа нь 1999 онд нар хиртсэний дараа Шуманы давтамж 12 болсон. Одоо 12 дугаар сарын 21-нд Шуманы давтамж маш өндөр буюу 20 Гц болно. Зарим үед 30-50 Гц болно гэж үзэж байгаа. Төгс гэгээрсэн хүний уураг тархины давтамж 50 Гц байдаг гэж үздэг. 2012-12-21-нд дэлхийн давтамж 20Гц ба түүнээс дээш болно, энергийн хувьд чанарын шинэ шатанд хүрнэ гэж эрдэмтэд хэлж байна. Хүн өөрийн уураг тархины давтамжаа энэ түвшинд хүргэх хэрэгтэй. Уураг тархины 20 Гц-ны энэ давтамж бол гамма давтамж бөгөөд өөрөөсөө хайр ялгаруулдаг, зөв сэтгэлтэй, аз жаргалтай хүний уураг тархины давтамж юм л даа.

- Бид чинь их ховор цаг үед амьдарч байгаа юм биш  үү?

-Тийм ээ, үнэхээр тийм цаг үед амьдарч байгаа асар их азтай хүмүүс. Хүн төрөлхтөн хүн-гөрөөснөөс хүн-бурхан гэдэг эрин рүүгээ орж байгаа. Хүн гөрөөс гэдэг нь тэнэг мангар, адгуус гэсэн үг биш. Одоогоор хүн уураг тархиныхаа 10 хувь, өөрийн оюуны чадварын нэг хувийг ч ашиглаж чадахгүй дорой буурай байгаа. ДНХ-ийнхээ 8 хувийг ашигладаг. Анагаахынхан хүний ДНХ-ийн 92% нь хэрэглэгддэггүй, хогийн саванд орох ёстой гэж үздэг юм билээ. Хүнд хэрэггүй эд эрхтэн гэж байх ёсгүй. Харин ашиглаж чадахгүй асуудал бол байгаа биз дээ. Бумбын эринд дэлхий ээж маань биднийгээ өөрт заяагдсан бүх зүйлээ 100% ашигладаг тэр л түвшинд хүргэхээр зэхэж байна. Харин бид тэрийг амаа ангайгаад хүлээгээд суух биш, өөрөөсөө хамаарах бэлтгэлээ бас хангасан байх ёстой. Сэтгэлээ ариусгах асуудал бол биднээс л хамааралтай шүү дээ.

Сүүлийн үед хүмүүс гахай, тахианы ханиад туслаа гээд яриад байгаа. Дэлхий өөрийнхөө энергийн давтамжийг өсгөөд байна ш дээ. Амьд байгаль чинь дэлхийн энергийн давтамжид өөрийгөө зохицуулахгүй бол үхнэ гэдгээ мэдээд ургамалд тунгалагших процесс гэж явагдаж байгаа юм. Урьд нь хар ногоон өнгөтэй байдаг байсан бол одоо жаахан цайвардуу ногоон өнгөтэй болсон байх жишээтэй. Урд өмнө хүний уураг тархины давтамж 7.8 Гц байсан бол одоо адгуус амьтан, тахиа шувуу хүртэл дэлхийтэйгээ энергийн нэгэн давтамжинд амьд оршин байхын тулд өөрийнхөө энергийн давтамжийг дээшлүүлж явсаар байгаад 7,8 Гц рүү орчихгүй юу. Тэгэхээр хүн, тахиа, гахай ижил энергийн давтамжтай болчихоор хүн мал ижил өвчинтэй болчихгүй юу.

-Энэ байгалийн өөрчлөлтөд  бид яаж бэлдэх ёстой вэ?

-Манай улс далайгаас хол, далайн түвшнээс их өндөр өргөгдсөн учраас хамгийн аюулгүй. Тэгэхдээ газар хөдлөлт болж болзошгүй л юм. Харин манай байшингууд хэдэн баллын газар хөдлөлтийг тэсэх бол гэдэг асуудал байна. Бид байгалийн гамшиг бараг үздэггүй ард түмэн учраас сонор сэрэмж муутай байдаг гэж бодогддог. Байнга газар хөдөлдөг газруудад иргэд нь байгалийн ямар ч гамшиг тохиолдсон гэсэн бэлтэлтэй, дор хаяж бичиг баримт, лаа, чүдэнз, эмнэлгийн анхны тусламжийн ойр зуурын эм тангаа хийсэн чемоданаа байнга бэлэн байлгадаг. Бид яагаад тийм бэлтгэлтэй байж болохгүй гэж? Газар хөдлөхгүй бол сайн л биз.

-МАХН-ын дарга Н.Энхбаярыг бясалгагч учраас энэ бүхнийг ойлгох байх гэж бодсон юм байна, тийм үү?

- Тийм ээ. Харамсалтай нь би Энхбаяр даргатай бараг харьцаж чадаагүй л дээ. МАХН-ын хамгийн сүүлийн Бага чуулган 9-р сард болсон байхаа. Тэр чуулган дээр би “Та нар надад өөрсдийнхөө боломжийг ашиглаж телевизийн цаг авч өгөөч. Би Монгол хүн болж төрсний хувьд Монголчуудаа энэ Бумбын эринд яаж бэлдэх вэ яримаар байна” гэсэн хүсэлт гаргасан.

Монголчууд бид дэлхий дээр цорын ганцхан  хөх толботой, билгийн мэлмийтэй үндэстэн юм. Тийм ч учраас Монголын суутнууд бурхан бүтээхдээ дандаа л 3 нүдтэй бүтээдэг юм билээ. Бумбын эринд шилжингүүт Монголчуудын билгийн мэлмий нээгдэж, монгол үндэстэн дэлхийн хүн төрөлхтний оюуны манлай болно гэж үздэг тул бүх дэлхий Монголчууд биднийг аварна гээд яаж ухаарч байгаа бол гэж хараад байна ш дээ. Шри шри Рави Шанкарын хэлсэн үг байдаг. Хүмүүс асуусан гэсэн. “Та хүн төрөлхтөнд өчнөөн төчнөөн буян хийж хүмүүсийг оюун санааг гэгээрүүлсэн. Та юу хүсдэг юм” гэж асуужээ.

“2050 онд Монгол улс дэлхийн оюуны төв болно. Тэр үед би хөх толботой Монгол хүн болж төрөхийн тулд өнөөдөр буян хурааж байгаа юм. Ингэхгүй бол Монгол хүн болж төрж чадахгүй” гэж. Монгол хүн болж төрөхийн тулд тэр мундаг энэтхэг хүн тэгж байна ш дээ. Тэгэхэд бид хөх толботой Монгол хүн болоод төрчихсөн. Тэр хөх толбо гэдэг чинь тэнгэрээс бурхны бидэнд өгсөн тамга. ДНХ-ийн түвшинд өгөгдсөн Монгол хүний өгөгдөл. Дэлхийн талыг Чингис хаан засан тохинуулсан бол бумбын эринд Монголчууд үлдэж хоцорсон бүх хүн төрөлхтнийг засан тохинуулах юм. Тэд Монгол хүний оюун ухааныг шүтэж Монгол хүний үгийг сонсож амьдрах тэр цаг үе ирэх гээд байна ш дээ. Гэтэл бид нар чинь өөрсдийгөө ямар мундаг хүмүүс гэдгээ мэддэггүй. 144 мянган Монгол хүн дэлхийн хүн төрөлхтний төлөө залбирахад 7 тэрбум хүнийг аварна. Тийм хүчтэй энергитэй. Тийм учраас Монгол хүн л ганцхан хөх толботой байхгүй юу. Дөнгөж хүүхэд төрөхөд хөх толбо байдаг. Дээд тэнгэрт Мөнхтэнгэрийн элч төрлөө гэдгээ мэдээлсэн мэдээлэл юм.

-Шууд дээшээ юутай харьцах вэ?

-Дээд ертөнцтэй, дээшээ дэгдсэн өвөг дээдсийнхээ оюун ухаантай монголчууд шууд харьцдаг. Монголчууд дээшээ сүү, цайныхаа дээжийг өргөдөг нь дээд тэнгэртэй харьцаж, өөрийгөө таниулж, авралд нь багтаж байгаа үйл юм. Монголчууд зүгээр л нэг дэмий балай юм хийж суудаг хүмүүс биш ээ.

-Та энэ талаар эрдэмтэн судлаачидтай уулзаж санаа оноогоо солилцсон уу?

- Би бас их сонин хүн юм. Олон жил багшгүй явсан хүн болохоороо энэ бүхнийг ганцаараа л судлаад суудаг. Өөрийнхөө лекцийг Орифлэймийнхэнд есөн жил уншсан. Улсын хэмжээнд 2-3 удаа уншсан л даа. Шавь нар маань бүгд бясалгадаг, далд ухамсар энэ тэрийн тухай олон жилийн өмнөөс мэддэг болчихсон. Зарим мэдээллээ дээрээс шууд авна. Би 1984 онд Ломоносовын их сургуулийг химич мэргэжлээр  дөрвөн сайн, бусад нь дандаа онц төгссөн. Физик, квант физик, хими, байгалийн шинжлэх ухааныг маш сайн судалсан л даа. Агуу багш нараасаа их эрдэм сурсаан. Тийм болохоор зүгээр л нэг хийсвэр юм ярих дургүй. Яагаад? гэдэг асуулт тавиад тэрэндээ хариултыг нь олсны дараа л ярихыг хүсдэг.

-Та арван жилээ аль сургууль төгссөн бэ?

-Би 1977 онд нэгдүгээр сургууль төгссөн. ”Гавал” Оюунгэрэл нэртэй байлаа. Ломоносовын их сургуулийн Марксизм Ленинизмийн их сургууль, бас төгссөн. МУИС-ийн англи хэлний оройн анги төгссөн. Багш нар минь надад насан туршдаа тасралтгүй суралцах арга барилыг суулгасанд маш их талархдаг.

- Та Монголчууд бэлтгэлтэй байх ёстой гэсэн. Бид яаж бэлтгэх ёстой юм?

-12 дугаар сарын 21-нд энергийн их өөрчлөлтөнд орно. Монгол түмэн “Сайхан сэтгэлийн үзүүрт тос”, ”Санаа зөв бол заяа зөв”. “Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин” гэдэг. Тэр л цаг үе ирнэ. Сэтгэлгээгээ өөрчилж, зөв хүн болох явдал байгалийн ч, оюуны ч шалгаралд таныг авраад л гарна. Хүнд гомдсон гомдол ДНХ-ийн түвшинд мэдээлэл болж кодлогдоно. Сэтгэлийн шаналал, гутрал, бухимдал, атаа жөтөө, хорон санаа, итгэл алдрах байдал, гомдол, өшөө хорсол эд бүгд сөрөг сэтгэлгээд ордог. Бумбын эриний шилжилт нь оюун санааны шинэ түвшинд шилжих шилжилт юм. Бодол, сэтгэл, үг, үйлдлээ цэгцэлж, зөвт хүн байх нь шилжилтийг давах цорын ганц шалгуур гэж шууд ойлгож болно. Уг нь нэг их хэцүү шалгуур биш байгаа биз дээ.

-Монголд 20 мянган бөө төрөх юм гэсэн яриа гарсан байна лээ?

-Монголд 20 мянган удам угсаа байгаа байхгүй юу. Бөө болгон удам угсаагаа аврах зорилготой. Монголын өвөг дээдэс бид нарыг хосгүй, ариун дагшин газар шороон дээр үлдээснээр барахгүй аюулаас аврах гээд амгалангийн орноосоо түмэн бээрийг туулан ирж байгаад нь баярлахаас өөр аргагүй л дээ. Сүүлийн хоёр жил тасралтгүй бумбын эриний шилжилт, соронзон туйлын өөрчлөлттэй холбоотой мэдээллүүдийг судалж байгаа. Тиймээс зүгээр л нэг анзаарахгүй орхих асуудал биш юм, хоёр талтай л бодох хэрэгтэй юм байна гэж бодох болсон. Тиймээс ард түмэндээ хандаж үгээ хэлээд байгаа юм.

Би өөрийгөө цэвэр шинжлэх ухаан, танин мэдэхүй, ертөнцийг ухаарахад зориулаад энэ рүүгээ гүн орчихдог л доо. Өөрийн гэсэн ертөнцийг өөртөө бий болгочихоод л жаахан ганцаардмал, өрөөсгөл, хүмүүсээс өөрийгөө их тусгаарлаж амьдарч байсан юм байна лээ л дээ. Сонгуульд оролцоод явж байхдаа хүмүүсийн үзэл бодол, амьдралд хандах хандлага ямар их зөрөөтэй байгааг харсан.

-Таны Ертөнцийг үзэх үзэл өөрчлөгдсөн болохоор өөрийгөө бусдаас тусгаарласан бололтой.  Сонгуулийн үеэр нэр дэвших гээд явж байх үедээ юуг илүүтэй анзаарав?

-Би ард түмнийгээ их өрөвдсөн л дөө. Монголчууд дэлхийд байхгүй цорын ганц хосгүй үндэстэн. Бумбын эринд ертөнцийн бүх хүн төрөлхтөн Монгол хүний оюун ухаанд сөгдөж мөргөх тийм үндэстэн. Тэгтэл өөрсдийгөө дорд гээд бодчихсон. Амьдрал нь өөдлөхгүй болохоор архичин болчихсон. Ядуу гэдэгтээ бүр итгэчихсэн, гутарчихсан, эгэл жирийн хүн гээд бодчихсон, нүдний нь гал унтарчихсан байна даа. Би ард түмнийгээ тийм болчихсон байхад их өрөвдсөн. Миний Орифлэймийн шавь нар бол “Би агуу, бид дахин давтагдашгүй, дэлхий ертөнцийн сор нь” гээд би хүмүүжүүлчихсэн болохоор дандаа зовхи нь өөдөө хүмүүс байдаг юм ш дээ. Яагаад гэвэл би Монгол үндэстний давуу, хосгүй чанар гэдгийг би 10 жил заасан. Тэд өөрөө өөрөөрөө бахархчихсан. Монгол хүн өөрөө өөрөөрөө бахархахаараа л бүх ажил нь сэргээд явчихдаг байхгүй юу. Гэтэл миний нэр дэвшсэн дүүргүүдэд бүр 360 градусын эсрэг л дүр зургууд байсан. Би тэрийг хараад би их гутарсан л даа. Ийм сайхан хүмүүсийг ийм болгоод хаячихдаг. Ямар гээчийн удирдлагын шинжлэх ухаан үзэхээрээ ийм баян улс үндэстнийг ингэтлээ доройтуулчихдаг юу гээчийн өвөрмөц арга барилд Монголын төрийн удирдагчид суралцдаг юм бэ дээ гэж би боддог.

- Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас гэдэг. Гэтэл манай төрд энэ заримдаа эсрэгээрээ байх шиг?

- Угсаа язгууртай Монгол хүн Монгол улсын төрд гарах юм бол эх орон, газар шороо, ард түмнийхээ төлөө үйлчилнэ. Угсаа язгуургүй харц дорд хүмүүс төрд гарах юм бол ганц олдсон хоол гэж бодож галзуу юм шиг иднэ шүү дээ. Угсаа язгууртай жинхэнэ Монгол хүн бол зөвт шударга, хэзээ ч зусардаж бялдуучилдаггүй, эх орон, ард түмэн, газар шороогоо гэсэн сэтгэлтэй тийм хүмүүс байдаг юм ш дээ.  Харамсалтай нь ийм хүмүүс Монголын төрд очсон нь цөөхөн байх аа. Урьд насандаа хэтэрхий их дорд байсан хүн ямар нэг албан тушаалд очихдоо тэрийгээ олдошгүй хоол гэж бодож тэр албан тушаалаа ашиглаж бирдийн сэтгэлээр хандаж байгаа учраас өнөөдөр Монголын ард түмэн ингэж их доройтчихлоо л доо. Би тэгж л боддог. Хурдхан шиг Бумбын эрин ирээсэй. Энэ сайхан ард түмэн цэнгэлийн манлайг эдлээсэй л гэж хүсэж байна…

dayarmongol


URL:

Сэтгэгдэл бичих