2011 оны олон улсын шашны эрх чөлөөний тухай илтгэл

Монгол улс

Үндсэн хууль, бусад хууль тогтоомж, бодлогын хүрээнд шашин шүтэх эрх чөлөөг хамгаалдаг ч бодит байдал дээр Засгийн газрын зүгээс шашин шүтэх эрх чөлөөг хангасан эрх зүй, бодлогын хамгаалалтыг ялгавартай сонголтод үндэслэн хэрэгжүүлж байна. Засгийн газраас бүс нутаг бүрт өөр өөр нөхцөл байдалтай буй шашны эрх чөлөөг хамгаалах чиглэлээр өөрийн хандлагыг сайжруулж болон муутгаж буй ямар нэгэн хандлагыг харуулаагүй байна. Хуулиар шашинд ятган оруулахыг хязгаарладаг ба зарим шашны бүлгүүд, ялангуяа гадаад улсын шашны байгууллагууд хүнд сурталтай тулгарах, тэднийг бүртгэхээс татгалзах тохиолдол гарч байжээ.

Шашин шүтлэг, итгэл үнэмшил, үйл ажиллагаанаас үүдэх нийгмийн зүй бус харилцаа, ялгаварлан хандах байдал тэр дундаа Христын шашинд орсон хүмүүст дарамт шахалт үзүүлэх явдал гарчээ. Христын шашны бүлгүүдийн нөлөө өсөн нэмэгдэж буй нь зарим хүмүүсийн санааг зовниход хүргэж, зарим тохиолдолд Христын шашинтнуудыг дарамтлах байдалд хүргэж байна. Ажиглагчдын үзсэнээр нийгмийн зарим гишүүд гадаадын нөлөөллийн үр дүнд тус улсын соёлыг хүндэтгэх байдалд сөргөөр нөлөөлнө хэмээн эмээж буйн улмаас өөрсдийн зүгээс “гадаадын” хэмээн үздэг шашныг эсэргүүцэж байна. Нийгэм дэхь түүхэн гүн гүнзгий суурьтай учраас Исламын институцуудыг ерөнхийдөө илүүд үзэж байна.

Тухайн жилийн туршид АНУ-ын ЭСЯ-ны ажилтнууд орон нутаг, аймаг болон үндэсний хэмжээний төрийн байгууллагуудын ажилтнуудтай шашны эрх чөлөөний асуудлаар санал бодлоо солицсон. ЭСЯ-ны ажилтнууд мөн улс даяар үйл ажиллагаа явуулж буй шашны байгууллагуудын тэргүүнүүдтэй байнга уулзаж байжээ.

Бүлэг I. Шашны хүн ам зүй

Буддын шашин нь Монгол улсын соёлын уламжлалтай нягт уялдаа холбоотой байдаг. Судлаачдын үзэж буйгаар нийт иргэдийн 90 гаруй хувь нь Буддын шашны ямар нэг хэлбэрийг шүтдэг гэж үздэг ч бодит практик дээр нөхцөл байдал өөр байна. Түвдээс гаралтай Шарын шашин нь уламжлалт, зонхилох шашин юм.

Ихэнх нь Исламын шашин шүтдэг Казах иргэд нь тус улсын хамгийн том үндэстний цөөнх юм. Казах иргэд нийт хүн амын 5 орчим хувь, нутгийн баруун хэсэгт орших Баян-Өлгий аймгийн хүн амын 80 гаруй хувийг тус тус эзэлдэг. Монголын Мусульман Шашинтны нийгэмлэгийн тооцоолсноор 120.000 Казах иргэд болон Увс аймагт 30.000 Исламын шашин шүтдэг Хотон үндэстэн байгаа. Исламын шашинтнууд 40 орчим мечеть, 7 Исламын шашны сургалтын төв ажиллуулдаг бөгөөд эдгээрт нийт 3.000 орчим суралцагч хамрагдаж байна.

Тус улсад тооны хувьд цөөн хэдий ч өсөн нэмэгдэж буй Христийн шашинтан байдаг. Христийн шашны бүлгүүдийн үзэж байгаагаар Монголын нийт хүн амын 4% илүү нь Христийн шашин шүтдэг бөгөөд үүний 90% нь Протестант, 9% нь Хожмын үеийн гэгээнтнүүдийн сүмд (Мормон) харъяалагдаж байна. Ромын Католик болон Оросын үнэн алдартны шашинтнууд үлдсэн нэг хувийг эзэлдэг.

Зарим иргэд бөө мөргөлийг, ихэнхдээ өөр бусад шашинтай хослуулан, шүтдэг ч бөө мөргөлтний тоог тодорхой гаргасан баталгаатай статистик мэдээ байхгүй.

Тайлант жилийн эцэс гэхэд улс даяар албан ёсоор бүртгэгдсэн 630 сүм хийд, шашин мөргөлийн газар байгаагаас 272 нь Буддын, 293 нь Христийн, 65 нь бусад шашнуудад хамаарч байна. Тухайн жилийн туршид Улсын бүртгэлийн ерөнхий газар шинээр 50 сүм хийдийг бүртгэжээ. Евангелийн Эвсэл ТББ-ын үзэж буйгаар Евангелийн урсгалын 600 гаруй сүм улс орон даяар үйл ажиллагаа явуулж байна. Тус Эвсэлд хамаарагддаг 368 сүмийн 140 нь бүртгэлгүй байна. Евангелийн Эвсэлийн мэдээлсэнээр бүртгэлгүй үйл ажиллагаа явуулж буй сүмүүдийн ихэнх нь хөдөө орон нутагт буй.

Бүлэг II. Төр засгийн зүгээс шашны эрх чөлөөг хүндэтгэх байдал

Хууль эрх зүй/бодлогын суурь бүтэц

Үндсэн хууль, бусад хууль тогтоомж, бодлого нь шашны эрх чөлөөг хамгаалж, Үндсэн хуулиар төр, сүм хийдийг тусгаар байлгах талаар шууд заасан байдаг. Албан ёсны төрийн шашин үгүй ч Төр шашны харилцааны тухай хуулиар үндэсний эв нэгдэл, түүх, соёлын уламжлалыг хадгалан үлдээх зорилгоор төрийн зүгээс Буддын шашныг хүндэтгэн үзнэ хэмээн заасан байдаг. Засгийн газрын зүгээс шашин шүтлэг, түүх, соёлын чухал төвүүд болох хэд хэдэн  Буддын шашны холбогдолтой дурсгалт газрыг сэргээн босгоход санхүүгийн дэмжлэг үзүүлсэн. Өөр бусад байдлаар Засгийн газрын зүгээс Буддын болон бусад шашныг санхүүжүүлээгүй.

Хууль ёсоор үйл ажиллагаа явуулахын  тулд шашны бүлгүүд болон ТББ-ууд орон нутгийн болон аймгийн захиргаанд, түүнчлэн Улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгүүлдэг. Шашны байгууллагууд нь үл хөдлөх эд хөрөнгийн татвар болон нийгмийн даатгалын шимтгэл төлөх ёстой. ТББ-ууд, тэр дундаа шашны байгууллагуудад ашгийн албан татвар төлөх шаардлага тавигддаггүй. Хуулинд зааснаар гадаадын байгууллагууд ажиллуулж буй гадаад иргэний тоонд хамаарах дотоодын иргэдийг ажиллуулах ёстой. Дотоодын ажилтнуудын тоо нь нийт ажилтны 60-95% хүртэл байх энэ тоо нь тухайн үйл ажиллагаа явуулж буй салбараас хамаардаг. Энэхүү хууль нь шашны болон шашны бус байгууллагад ижил үйлчилнэ. Ажил эрхлэх визтэй ажиллаж буй гадаадын иргэд ажлын цагаар шашны үйл ажиллагаа явуулахыг хориглодог.

Дотоодын хууль тогтоомжоор шашны байгууллага бусдыг өөрийн шашинд оруулах оролдлого, үйл ажиллагааг хийхийг хязгаарласан. Шашны үзэл бодлыг түгээхдээ “хүчээр тулгах, шахалт үзүүлэх, эд мөнгөөр татах, хууран мэхлэх, тэдний эрүүл мэнд, ёс суртахуунд хохирол учруулах, санаа сэтгэлийг үймүүлэхийг” хуулиар хориглосон. Хүүхдийн халамж, хамгааллын үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд хүүхдийн “үндэсний уламжлалт шашны” эсрэг шашин шүтлэг, шашны зан үйлийг сурталчлахыг хориглодог. Хуулиар мөн өөрийн шашинд элсүүлэхийн тулд бэлэг өгөхийг хориглодог.

Шашны чиглэлийн бүх хувийн сургууль иргэний боловсрол олгох хөтөлбөртөө улсаас санхүүжилт авдаг. Засгийн газраас шашны сургуулиудын шашны боловсролд нь зориулж санхүүжилт олгох хориотой. Энэ бодлого бүх шашны бүлэгт ижил тэгш хэрэгждэг.

Боловсролын яамны тушаалаар  сургуулиудад шашны сургалт явуулахыг  хориглосон. Засгийн газар энэхүү хориглосон удирдамжийг зөрчсөн шашны бүлгүүдийн бүртгэлээ сунгуулах хүсэлтээс татгалзаж бүртгэлийг сунгахгүй байж болно. Эсвэл яамнаас санал гарган хичээл дээрээ шашны номлол заасан багшийг ажлаас нь халах саналыг ажил олгогчид тавьж болно.

Засгийн газраас ямар нэгэн шашны баяр ёслолыг үндэсний хэмжээний бүх нийтийн баяр ёслол хэмээн тооцдоггүй.

Засгийн газрын үйл ажиллагаа

Шашин шүтэх эрх чөлөөг зөрчиж буй ямар нэгэн зүйл байхгүй. Практик дээр Засгийн газраас шашны эрх чөлөөг  хамгаалах чиглэлээр эрх зүй, бодлогын хамгаалалтын сонголттойгоор хэрэгжүүлж байна. Тайлант хугацаанд Засгийн газрын зүгээс шашны эрх чөлөөг хангах хүндэтгэх тал дээр ямар нэгэн өөрчлөлт гараагүй. Бүртгүүлэхээр өргөдөл гаргасан зарим шашны бүлгүүд хүнд сурталт шаардлагуудтай тулгарч, бүргэлийг нь удаан хугацаанд саатуулах явдал гарч байжээ.

Шашны байгууллагын бүртгэл болон үйл ажиллагаатай хамаарах асуудлууд нь аймаг болгонд өөр өөр байгаа нь үндсэндээ орон нутгийн захиргааны бодлого, үйл ажиллагаанаас үүдэлтэй байна. Бүртгэлд тавигдах шаардлагуудыг олон нийтэд зарлалгүйгээр байнга өөрчлөж байгааг шашны байгууллагуудад тодорхой бус байдал үүсгэж буй хэмээн тэдний зүгээс үзэж байна.

Шашны бүлгүүдийн бүртгэл, бүртгэлийг шинэчлэх нь Засгийн газарт бүртгэл болон сунгалтаар дамжуулан өргөдлүүдийг шалгаж, шашин мөргөлийн газар болон санваартны тоог хянаж, хязгаарлах боломжийг олгодог. Энэ нь мөн Засгийн газрын зүгээс тус улсад шашны үйл ажиллагаа явуулж буй гадаад, дотоодын иргэдийн харьцааг хянах боломжийг олгодог байна. Шашны бүлгүүд бүртгүүлэхдээ Улсын бүртгэлийн ерөнхий газарт дараах баримт бичгийг бүрдүүлж өгөх ёстой: бүртгүүлэхийг хүссэн өргөдөл, аймаг, нийслэлийн ИТХ буюу бусад эрх бүхий байгууллагаас шашны үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрсөн бичиг, байгууллагын товч танилцуулга, байгууллагын дүрэм, байгууллагыг үүсгэн байгуулсан тухай баримт бичиг, удирдагчдын нэрсийн жагсаалт, санхүүгийн мэдээлэл, барилгын өмчлөлийн талаарх баримт бичиг, шашны үйл ажиллагаа эрхлэх хүний товч намтар, тооцоолж буй шүтэгчдийн тоо зэрэг багтаж байна. Хэдийгээр Улсын бүртгэлийн ерөнхий газар нь байгууллагын өргөдлийг батлах эцсийн эрх мэдэлтэй боловч, өргөдөл гаргачтай хамтран ажиллахаас татгалзаж буй орон нутгийн албаны этгээдүүд бүртгэлийн батлах үйл явцыг илүү хүндрэлтэй болгож байдаг.

Бүртгэлийн хүчинтэй хугацаа нь 12 сар байдаг учир шашны байгууллагууд жил бүр дор хаяад орон нутгийн болон төвийн зургаан байгууллагатай харилцаж байж бүртгэлээ сунгуулах ёстой. Зарим бүс нутгуудад үйл ажиллагаа явуулж буй гадаадын иргэдийн ажиллуулж буй сүмүүдийн дурдсанаар Монголчуудын ажиллуулж буй Христын сүмүүдэд зарим тохиолдолд жил тутам бус харин гурван жил тутамд шинэчлэн бүртгүүлж байхыг зөвшөөрч буй гадаадын номлогчдыг алагчилж буй хэрэг хэмээн  үзсэн байна.

6 дугаар сарын 1-нэээс 12 дугаар сарын 31-ний хооронд Улаанбаатар хотын ИТХ 23 шашны байгууллагыг (17 Христын, 5 Буддын, нэг Католик) шинээр бүртгэж, Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй 121 байгууллагын  бүртгэлийг сунгасан байна. Жилийн эцэс гэхэд Улаанбаатар хотын ИТХ-д нийт 59 Буддын, 153 Христын, 9 бөөгийн, 4 Исламын, 1 Бахайн шашны байгууллага бүртгэлтэй байна.

Бодит байдал дээр, орон нутгийн хууль тогтоох байгууллага бүртгүүлэхээр гаргасан өргөдлийг дангаар шийдэж, орон нутаг дахь бүртгэлийн тусдаа үйл явцыг хэрэгжүүлж байна. Улаанбаатар хотын албаныхан шүтлэг, мөргөлийн газрыг бүртгэхдээ дурын, гэнэтийн байрлаар бүртгэж буй бөгөөд өөрсдийн эхэхүү хандлагаа хамаарах хууль тогтоомжууд нь хуучирсантай холбон тайлбарлаж байна. Улаанбаатар хотын ИТХ нь салбар сүмүүдийг нэг шашинд хамаарна хэмээн үзэлгүйгээр харин аль нэг сүмийг тусдаа нэгж болгон бие даан бүртгүүлэхийг шаардаж байна. Энэ нь Христын шашны олон төрөл салбаруудад Улаанбаатар хотод хэд хэдэн сүм ажиллуулахад нь тодорхой хүндрэлүүдийг үүсгэж буй юм. Олон салбартай сүмд нь Улаанбаатар хотын эрх баригчид энэхүү хуучин системдээ түлхүү ач холбогдлол өгч буй нь татварын орлого илүү олох боломжтой буйд оршиж байна хэмээн үзэж байна. Үүний зэрэгцээ өнгөрсөн жил Ховд аймаг олон салбар шашин мөргөлийн газар бүхий нэг итгэл үнэмшлийг нэг ерөнхий дээвэр доор бүртгэхийг зөвшөөрч эхэлсэн байна. Шашны байгууллагуудыг бүртгэх журам дүрэм, процедур нь хатуу тогтсон бус, аймаг, хотын удирдах байгууллагад хэн ажиллаж буйгаас хамаарах өөрчлөгдөж байх боломжтой байна.

Анхлан бүртгүүлэх болон жил тутам бүртгэлээ сунгуулах ажиллагаа нь хоёул шашны бүлгүүдэд дарамт болдог. Гэсэн ч бүртгэлгүй шашны бүлгүүд бодит байдал дээрээ үйл ажиллагаа явуулах боломжтой байлаа. Бүртгүүлэх үйл явц нь хоёр долоо хоногоос хэдэн жил хүртэл үргэлжилж болдог нь бүртгүүлэхийг хүссэн шашны байгууллага эцэст нь бүртгүүлэхээс залхахад хүргэж болно. Төрийн байгууллагуудын ажилтнууд бүртгэхээс татгалзаж буй гол шалтгаан нь Христийн сүм “хэт олон” байна гэх буюу шинээр бүртгүүлж байгаа Буддын болон Христийн сүм хийдийн тоо ядаж ойролцоо байх ёстой гэж үзэж буй явдал хэмээн Христийн шашны зарим бүлгүүд мэдээлсэн. Бүртгэлтэй холбоотой асуудал ялангуяа Төв аймагт гарч буйн зэрэгцээ бусад зарим аймгуудад ч цөөнхийг шашны бүлгийг бүртгэхтэй холбоотой асуудлууд гарсан байна.

Улаанбаатар хот дахь Ислам шашинтнуудын зүгээс өмнөх жилүүдэд Дархан-Уул болон Ховд аймгуудад мечеть барихын тулд бүртгүүлж, газар авахад хүндрэл учирч байна хэмээн мэдэгдэж байсан ч энэхүү асуудал шийдэгдсэн. Ислам шашинтнууд мөн өмнө нь түр түдгэлзүүлээд байсан Ховд аймаг дахь гурван мечетийн бүртгэлийг сэргээсэн талаар мэдэгдсэн. Тэдний зүгээс мөн Улаанбаатар хотод Ислам шашны соёлын төв ба мечеть барих барилгын ажилд ямар нэгэн хүнд сурталтай холбоотой  асуудал гараагүй хэмээн мэдээлжээ. Гэхдээ Арабын орнуудад улс төр, эдийн засгийн асуудлууд үүссэнтэй холбоотойгоор барилгын ажил одоогоор санхүүжилтын асуудлаас үүдэн зогсонги байна. Мечеть, Исламын төвүүд нь Казахстан, Турк болон Булангийн орнуудын шашны байгууллагуудаас санхүүгийн туслалцаа авдаг.

Улаанбаатарт ойрхон байдаг Төв аймгийн эрх баригчид Христийн сүмүүдийг бүртгэхээс үргэлжлүүлэн татгалзсаар байна. Тус аймагт бүртгэлтэй Христийн сүм хийд нэг ч байхгүй ажээ. Гэхдээ Төв аймгийн шашны нэгэн удирдагчийн хэлснээр тус аймагт бүртгэлгүй Евангелийн 30 гаруй сүм үйл ажиллагаа явуулж буй ажээ. Эдгээрийн нилээд олонх нь Тагнуулын төв газар болон бусад байгууллагуудын ажилтнуудын зүгээс үйл ажиллагааг нь ойроос хянаж буй хэмээн мэдэгдэж байсан. Олон тооны шашны байгууллагын удирдагчдын дурдсанаар Төв аймгийн ИТХ-ын дарга ямар нэгэн сүмийг бүртгэхийг эсэргүүцэж буйгаа шууд мэдэгдсэн байна. Аймгийн удирдлагад буй хүмүүс 1999 оноос хойш энэхүү албан тушаалдаа ажиллаж буй бөгөөд сүмүүдийг бүртгэхээс татгалзах нь тухайн цаг мөчөөс хойш де факто бодлого нь болоод байна.

Бүртгүүлэх өргөдөл гаргаад татгалзсан хариу авсан Төв аймаг дахь нэг сүм 2008 онд тусламж хүсэж Хүний эрхийн үндэсний комиссд ханджээ. Тус комиссоос төв аймгийн ИТХ-тай уулзсан байна. Энэхүү уулзалтын дараагаар ИТХ-ын гишүүд нууц санал хураалт явуулж, тухайн сүмийг бүртгэхээс дахин татгалзсан байна. Бүртгүүлэх хүсэлтдээ 10 жилийн туршид татгалзсан хариу авсан сүмийнхэн 2009 онд аймгийн ИТХ-ын эсрэг шүүхэд нэхэмжлэл гаргажээ.  Тухайн жил Дээд шүүх гомдлыг хянан үзээд аймгийн ИТХ сүмийг бүртгэхээс татгалзсан нь хууль бус хэмээн үзэж сүмийн талд шийдвэр гаргасан ч аймгийн эрх баригчид Дээд шүүхийн шийдвэрийг эсэргүүцсээр байна. Аймгийн ИТХ-ын дарга сүмд илгээсэн өөрийн албан бичигтээ тухайн сүм нь иргэдийг өөрийн шашиндаа ятган элсүүлж, уруу татаж байгаа, гадаадын иргэд үүнд оролцож байгаа (энэхүү сүүлийн асуудлын үндэслэл тодорхойгүй) тул бүртгээгүй болохыг дурдсан байна. Сүм нь энэхүү хоёр шалтгааныг үгүйсгэн сүмийг бүртгэхийг шаардан 5 дугаар сард дахин шүүхэд хандсан боловч 9 дүгээр сард дахин бүртгэхээс татгалзсан бөгөөд энэ удаад тус сүм нь бүртгэлгүйгээр шашны үйл ажиллагаа явуулж байсан хэмээх үндэслэлийг гарган ирсэн байна. (Төв аймгийн захиргаа энэхүү үндэслэлийг олон жилийн турш сүмүүдийг бүртгэхээс татдгалзах шалтгаан болгож буй юм.)

Орхон аймгийн Эрдэнэт хотод үйл ажиллагаа явуулдаг 100 гишүүнтэй Протестант сүм сүүлийн жилүүдэд орон нутгийн эрх баригчид бүртгэлийн сунгалттай холбоотой асуудлыг гаргасаар байгааг мэдээлжээ. Сүмийн удирдагчид хэлэхдээ бүртгэлтэй 5-6 сүм, бүртгэлгүй ойролцоогоор 15 сүм Эрдэнэт хотод ижил төстэй асуудалтай тулгарч байгааг дурдсан ба мөн Монголчуудын ажилллуж буй сүмүүд харьцангуй бага асуудалтай тулгардаг болохыг дурджээ.  Тэд мөн бүртгэлгүй сүмүүд нь хэдий бүртгэлгүй хэмээх статусаас үл хамааран шашны үйл ажиллагаа явуулахад ямар нэгэн хүндрэл тулгарахгүй байгаа хэмээн мэдээлсэн байна. Гэсэн ч тэдний хэлж байгаагаар хотын удирдлага Христын шашаны байгууллагуудад олон нийтийн газруудад уулзах, цугларах зөвшөөрлийг олгохгүй байнга татгалзсаар байгаа ажээ. Энэхүү Протестант сүм нь бүртгэлийг нь 2012 оны 3 дугаар сар гэхэд сунгах эсэх талаар асууж судалсан ч жилийн эцэс гэхэд зөвшөөрөл 6 сараар эсвэл нэг жилээр олгогдох эсэхийг мэдэхгүй байлаа. Сүмийн пасторын үзэж буйгаар орон нутгийн эрх баригчид жилд нэг удаа бүртгэлийг сунгахгүй буй нь хууль зөрчиж буй явдал хэмээн үзэж байна.  Эрдэнэт хотын захиргаа ч тус сүмийн бүртгэлийг өмнө нь сунгахдаа удааж, саатуулж байжээ. Бүртгэлийн сунгалтыг Эрдэнэт хотын захиргаанаас саатуулж буйгаас үүдэн тус сүм нь сүүлийн жилүүдэд үйл ажиллагаа явуулахын тулд олон төрлийн торгууль төлөх шаардлагатай болжээ. Сүмийн пастор нь хэрэв бүртгэлийг сунгахгүй бол орон нутгийн эрх баригчид Эрдэнэт хотын төвд орших сүмийн газрыг хураан авах төлөвлөгөөтэй буйгаас эмээж буйгаа илэрхийлжээ.

Бүртгэлгүй шашны байгууллагууд бодит байдал дээр үйл ажиллагаа явуулах боломжтой байсан. Зарим байгууллага эрх баригчидтай харилцахад дарамт бэрхшээлтэй тулгардаг ба гадаадаас лам санваартан авчрахдаа виз авах боломжгүй байдаг гэж мэдээлсэн. Бүртгэлгүй сүм хийдэд орон нутгийн татварын байцаагчид болон цагдаагийн ажилтнууд, бусад байгууллагын ажилтнууд байн байн ирж шалгалт хийн үйл ажиллагаанд нь дарамт учруулдаг. Түүнчлэн бүртгэлтэй сүм хийдүүдээс орон нутгийн эрх баригчид албан ёсны бичиг баримт, гишүүдийн нэрсийн жагсаалт үзүүлэхийг шаардаж, заримдаа хахууль нэхсэн гэсэн мэдээлэл байна. Бизнес эрхлэгчид болон шашны бус байгууллагууд ч үүний ижил төрлийн хэргүүдийн талаар дурдсан байдаг ба энэ дарамт нь шашны сэдэлтэй эсвэл тухайн байгууллагтай холбоотой дарамт эсэх нь тодорхойгүй байв.

Хуулинд зааснаар Монгол улсад ажлын визээр орж ирсэн иргэд ажлын цагаар шашны үйл ажиллагаа явуулахыг хориглосон байдаг. Энэхүү визээр оршин сууж буй зарим хүмүүс ажлын бус цагаар бусдын шашиндаа оруулахаар ятгах тохиолдол гарчээ. Үүнтэй холбоотойгоор Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхэлсэн албаныхан Мормон шашны номлогчдын визийг мэдүүлсэн байгууллагыг дуудан, шахалт үзүүлэн тухайн ажилтны шашны үйл ажиллагааны талаар гомдол мэдүүлсэн байна.

Засгийн газрын зүгээс онолын хувьд  тус улсад 90-ээс дээш хоногийн хугацаатай байх хувь хүмүүст шашны виз олгодог боловч өргөдлийг хянан шийдвэрлэх ажиллагаа нь цаг их авдаг, албан ёсны бүтртгэлтэй шашны байгууллагуудад ч хязгаартай байдаг ажээ. Христын шашны байгууллагуудын мэдээлсэнээр тухайн жилд гадаадын Христын номлогчдод шашны виз олгоогүй бөгөөд энэхүү зорилгоор тус улсад нэвтрэхийг хүссэн хүмүүст өөр төрлийн виз (оюутны, бизнесийн болон сайн дурын ажилтны) олгож байсныг Христын шашны байгууллагууд мэдээлжээ.  Христын шашны байгууллагууд мөн цагаачлалын асуудал эрхэлсэн тодорхой ажилтнууд тухайн хүн нь шашны зорилгоор ирж буй Христын шашны хүн байгаа тохиолдолд виз олгохоос татгалзах явдал гарч буйг дурджээ. Виз авах хүсэлтийг бүртгэлтэй шашны байгууллагаас илгээсэн тохиолдолд Гадаадын иргэн, харьяатын хэрэг эрлэх газар ажлын 7 хоногийн дотор шийдвэр гаргах хуулиар заагдсан үүрэгтэй. Тус байгууллагаас тайлант хугацааны туршид 10 улсын 50 хүнд шашны виз олгосон хэмээн мэдээлжээ.

Тухайн жилд Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхэлсэн байгууллага гадаадын ямар нэгэн шашны ажилтныг албадан гаргасан тухай мэдээлээгүй.  Гэсэн ч Христын номлолын байгууллагыг төлөөлж буй хуульчдын үзэж буйгаар 8-11 гадаадын иргэнийг шашны үйл ажиллагаа эрхэлсэн учраас албан бусаар албадан гаргажээ. Эдгээр гадаадын иргэд нь шашны визгүйгээр, зөвшөөрөгдсөн хэмжээнд номлолын үйл ажиллагааг эрхэлж байсан бөгөөд шашны үйл ажиллагаатай холбогдолгүй визний асуудлаас үүдэн тус улсаас гарсан байна.

Зарим албаны хүмүүс Христийн шашинтнуудын хийж буй буяны ажлыг хүмүүсийг эд хөрөнгөөр шашиндаа татах явдал хэмээн шүүмжилсэн байна. Христын сүмүүд санхүүгийн аудит ойр давтамжтай хийгдэж буй мөн мэдээлжээ.

Дипломат бус ажлаар зорчигчид, шашны байгууллагууд гадаадаас оруулж ирсэн бараа бүтээгдэхүүнд, жишээ нь хүнсний зүйлс, хувцас, эмнэлгийн хэрэгсэл зэрэг хандивын бараанд гаалийн болон нэмэгдэл өртгийн албан татвар төлөх ёстой. Улаанбаатар хот дахь Мормоны сүмийн мэдээлсэнээр импортоор оруулж ирсэн хандивын хувцсанд албаны хүмүүс гаалийн татвараас гадна нэмэгдэл төлбөр төлөхийг шаардаж байжээ.

Тодорхой шашны байгууллагуудад дотоодын иргэдийг ажиллуулах квотыг зөрчсөний улмаас виз авах болон виз сунгуулахад хүндрэл учирч байжээ.

УИХ нь өмнөх жилүүдтэйгээ харьцуулбал илүү олон тооны Буддын болон бөөгийн албан ёсны арга хэмжээг дотооддоо зохион байгуулжээ. УИХ мөн 136 сая төгрөг зарцуулан (ойролцоогоор 100 000 ам доллар) Төрийн ордон дотор гэр барьж, Бөөгийн галын тахилга үйлдсэн байна.

Бүлэг III. Нийгмийн зүгээс шашны эрх чөлөөг хүндэтгэх байдал

Энэ тайлангийн хамрах хугацаанд шашин шүтлэг дээр үндэслэсэн нийгмийн зүй бус хандлага, ялгаварлан гадуурхах тохиолдол гарч байсныг мэдээлж байжээ. Хэд хэдэн тохиолдолд Христийн шашны бүлгүүд мэдээлснээр Улаанбаатар хотод Христийн шашинтай гадаадын иргэд гэмт халдлага буюу бусад гэмт хэрэгт өртөж хохирсон тохиолдол олон гарсан боловч эдгээр гэмт хэрэг нь шашны сэдэлтэй байсан эсэх, гадаадынхныг үзэн ядах явдлаас үүдэлтэй эсэх, эсвэл энгийн гэмт хэргийн сэдэлтэй байсан эсэх нь тодорхойгүй байна. Мөн Төв аймаг дахь төрийн албан хаагчийг Христийн шашинд итгэгч байсных нь төлөө ялгаварлан гадуурхаж байжээ.

Христын шашны удирдагчдын үзэж буйгаар Христын шашны нөлөө өсөн нэмэгдэж буй нь Буддын шашны зарим удирдагчдын санааг зовооход хүргэж, зарим тохиолдолд Христын шашинтнуудыг гадуурхах байдалд хүргэж байна. Буддын шашны зарим тэргүүн гадаадын шашны бүлгийн үйл ажиллагааг хянаж буй талаар мэдээлж байжээ. Тус улсын улс төрийн удирдагчид нь Буддын шашныг илүү дэмждэг ба гадаадын нөлөөллийн үр дүнд тус улсын соёлыг хүндэтгэх байдалд сөргөөр нөлөөлнө хэмээн эмээж буй ажээ.

Нийгэм дэхь түүхэн гүн гүнзгий суурьтай учраас Исламын институцуудыг Христын байгууллагуудаас ерөнхийдөө илүүд үзэж байна. Лалын шашинт бүлгийг (үндсэндээ Казахуудаас бүрдэх) нийгэмд хүчтэй дэмжиж буй ба төрийн байгууллага бүрт Казах иргэд ажиллаж буй ба УИХ-д гурван гишүүн сонгогдон ажиллаж байна. Үүний үр дүнд Ислам шашинт Казах иргэдийн төлөөлөл сайн байгаа.

Бүлэг IV. АНУ-ын Засгийн газрын бодлого

Тайлангийн хугацаанд АНУ-ын Элчин сайдын яамны албан тушаалтнууд шашны эрх чөлөөний асуудлаар Засгийн газрын албан тушаалтнуудтай орон нутаг, аймаг, улсын түвшинд санал бодлоо солилцсон. Эдгээр уулзалтаар АНУ-ын Засгийн газрын анхаарлыг татсан олон асуудлыг, үүний дотор Христийн болон бусад шашны бүлгүүд бүртгүүлэх явцад учирдаг бэрхшээлийн талаар ярилцсан. Элчин сайдын яамны албан тушаалтнууд Хүний эрхийн үндэсний комиссыг шашны эрх чөлөөг хамгаалах асуудлаарх хүчин чармайлтаа өргөжүүлэхийг хөхүүлэн дэмжсэн. ЭСЯ-ны албан тушаалтнууд тус улсын шашны удирдагчидтай байнга уулзаж байв.

www.bolod.mn


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих