Оюутолгой “чи шүү”
2012.12.27. Өмнийн говь. Оюутолгой. Түүхэн бүтээн байгуулалтын анхны хүрд эргэх гэж байна. Аж үйлдвэрийн нэн шинэ үеийн түүхийн гэрч болох гэж байна, бид. Оюутолгой төслийн “зүрх” нь гэж хэлж болох Баяжуулах үйлдвэрийг нээх ёслол хэдхэн мөчийн дараа эхэлнэ. Хэчнээн сар, жил үйлдвэрийн сүр барааг монголчууд “мөрөөдсөн” билээ. Хүсэл биелэх цаг иржээ. “Хүний хүүхдүүд ийм айхтар”. Хэлсэндээ хүрч, бүтээн байгуулалтаа шуурхайлжээ. Баяжуулах үйлдвэрийн бутлуурын машин ажиллахад цөөн хором үлдлээ. Гурав, хоёр, нэг… Оюутолгойн Баяжуулах үйлдвэрийн асаах товчлуурыг Уул уурхайн сайд Д.Ганхуяг, “Оюутолгой” компанийн ТУЗ-ийн дарга Г.Батсүх, “Оюутолгой” компанийн захирал Камерон МакРей нар дарснаар “зүрх цохилж эхэллээ”. XX-зуунд байгуулсан аж үйлдвэрийн түүхэн хувьсалын галыг ноцоож, XXI зууны үр сад нь шинээр цогцлоон бүтээв.
Нэгэн цагт хөрөнгө оруулагчдын хараанд өртөж, тэдний нүдийг хужирлаж явсан Оюутолгой орд өнөөдөр эдийн засгийн эргэлтэд орж, анхны бүтээгдэхүүнээ үйлдвэрлэх гэж байна. Үндэсний бахархал болох Оюутолгой төслийн бүтээн байгуулалтад 44 орны 15 мянган иргэн оролцож, өмнийн говьд аж үйлдвэрийн шинэ хотыг сүндэрлүүлжээ. Оюутолгойн баяжуулах үйлдвэр нь цагт 88 мянган тонн буюу жилдээ 700 мянган тонн зэсийн баяжмал үйлдвэрлэх хүчин чадал нь жигдэрлээ. Өмнийн говийн элгэнд 36 сарын хугацаанд “дуншсан” Баяжуулах үйлдвэр монголын эдийн засгийн тулах цэг болж байна. Өнөөдрийн байдлаар тус үйлдвэрт 500 гаруй хүн ажиллаж байна.
Баяжуулах үйлдвэр анхны баяжмалаа үйлдвэрлэж, ирэх оны эхний хагаст төлөвлөсөн ёсоор бүтээгдэхүүнээ олон улсад худалдаална. Нэмүү өртөг шингээсэн, Оюутолгой ордын дээж бүтээгдэхүүн хоёрдогч зах зээлийг зорих хугацаа ойртлоо. Уурхай 2019 оноос бүрэн хүчин чадлаараа ажиллах бөгөөд 2017 онд гүний уурхайг ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. Оюутолгойн уурхай 2019 он гэхэд жилд 58 сая тонн хүдэр, 700 орчим мянган зэс боловсруулах хүчин чадалдаа хүрэх юм. Оюутолгой орд Азидаа хамгийн томд тооцогдох бөгөөд дэлхийн дэлхийн хэмжээний “тамирчин”. Оюутолгой ордын Хөрөнгө оруулалтын гэрээ бүрэн эрхээ баталгаажуулаад 38 сарыг үдэж байна. Монголчууд 1140 хоногийн турш Оюутолгой төслөөр “амьдарч”, бүтээн байгуулалтын “оргил цаг”-тай хөл нийлүүлэх үе зэрэгцэж ирлээ. Дэлхийн хэмжээний хөрөнгө оруулалтын төслөөс хамаарсан үйлдвэрлэл тэлж, бүс нутгийн хөгжил өнгө төрхөө 38 сарын дотор 180 градус хувирсан болохыг говийнхон мэднэ, тэнд очсон монголчууд андахгүй.
Баяжуулах үйлдвэрийн “хөдөлгүүр” ассан үеэс хөгжлийн тоолуур эргэж эхэллээ. Монголын эдийн засаг сүүлийн дөрвөн жилд есөн хувиар өссөн. Ойрын хоёр жилд манай улсын эдийн засаг дунджаар 15 хувиар тэлэх гэж байна. Монголчууд 45 сая тонн зэс, 1800-гаруй тонн алтны нөөцтэй Оюутолгойн ордын бүтээн байгуулалтад гар бие оролцлоо. Санаа, сэтгэлээрээ ч зон олон дэмжлээ. Хүсэл, хясал болсон “шуурган” дундуур Оюутолгой гаталлаа. Хүрэх газрынхаа эхний цэгт ирлээ.
үргэлжлэл бий…
Б.Баяртогтох
mongolianeconomy
URL: