Хүүхдүүд Төрийн нарийн бичгийн даргатай шинэ жилээ тэмдэглэв
Шинэ Нийслэлийн цагдаагийн газрын харьяа Хүүхэд хамгаалах, хаяг тогтоох төвд 7-18 насны 30 гаруй хүүхэд амьдарч байна. Эцэг, эхийн хайр халамж, хараа хяналтаар дутагдаж яваа ч тэдгээр хүүхдүүд сайхан сэтгэлт багш нар, олны дэмжлэгээр өнөөдөр шинэ жилээ тэмдэглэв. Хүүхэд багачуудын шинэ жилийн баярт Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Баярцэцэг, Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Батжаргал нар оролцлоо.
Хууль зүйн яам анх удаа Хүүхэд хамгаалах, хаяг тогтоох төвийн хүүхдүүдтэй шинэ жилээ тэмдэгдэж байгаа юм. Төрийн нарийн бичгийн дарга Ж.Баярцэцэг шинэ жилийн баярыг нээж хэлсэн үгэндээ “Ирэх онд Хууль зүйн яам хүүхэд хамгаалах талаар олон бодлого боловсруулна. Энэ бодлого хүүхэд та бүхнийг эцэг эх, нийгэмтэйгээ ойр байхад чиглэгдэнэ. Ая тухай орчинд сурч, хичээл номоо давтахад анхаарах болно” гэв.
Авьяаслаг хүүхдүүд зочдыг “Хүний сайхан сэтгэл”-ээр угтан авч ая дуугаа өргөсөн юм. Мөн шүлэг уншиж, циркийн үзүүлбэр үзүүлсний дараа өвлийн өвгөн ааваас бэлгээ авч, дурсгалын зураг татуулав. Мөн “Бөмбөгөр” худалдааны төвийн ах, эгч нар нь хүүхдүүд бэлэг өгч, баяр дээр нь баяр нэмсэн юм.
Дашрамд дуулгахад, тус төв “2012 оны хүмүүнлэгийн шилдэг байгууллага”-аар тодорчээ.
Хууль зүйн яам
URL: