“Улс төрийн тойм” оны онцлох хүнээр Н.Энхбаярыг нэрлэж байна

Хүн төрөлхтний түүхнээ 2012 он алсарч, 2013 оныг угтах арванхоёрдугаар сарын 31-ний үдшийг урьтаад “Улс төрийн тойм” сонин оны онцлох хүнээр Ерөнхийлөгч асан Намбарын Энхбаярыг нэрлэж байна. Тэрбээр өн­гөр­сөн нэг жилийн турш цаг ямагт монголчууд төдийгүй дэлхий нийтийн анхаарлын төвд байж, эрхэм хүндтэй Ерөнхийлөгчийн намтрыг хоригдлын хувь заяа­гаар сольсон эмгэнэлт түүхийн эзэн болсныг бид мэд­нэ. Ингэхдээ тэрбээр нэг өдөр, нэг хором ч өөрийн нөлөөллийг бууруулаагүй бөгөөд Монголын улс төрийг ганцхан хүний эрх ашиг хэрхэн хөдөлгөж болдгийг та бидэнд гэрчилсээр байгаа билээ.

Энэ оны дөрөвдүгээр сарын 13-ны өдөр түүнийг баривчилж, хууль шүүхийн өмнө хүргэсэн. Гэсэн ч түүнийг нэг өдөр ч бөхийлгөж чадсангүй.

 

Өөрийнх нь тэргүүлдэг “Шу­дарга ёс” эвсэл УИХ-ын сон­гуулиар хангалттай их ялал­тыг авсан. Ердөө хагас жил орчмын настай эвсэл гэхэд өдгөө УИХ-д “Шударга ёс” эвслийн бүлэг байгуулж, Засгийн газарт дөрвөн ч сайдын суудлыг авч чадсан. Энэ бол уг эвслийн гэхээс илүүтэй Н.Энхбаяр гэдэг хувь хүний амжилт гэдэгтэй маргахад хэцүү. Учир нь тэрбээр энэ ялалтад хүрэхийн тулд 11 хоногийн хуурай өлсгөлөн зарлаж, тэсвэр тэвчээрийн бодит үлгэр болж өгсөн. Улс төрийн хатуу ширүүн мэдэгдлийг ээлж дараалан хийж, “Н.Энхбаяр үхэж байна” гэсэн мэдээллээр ард олны сэтгэлийг зөөлрүүлсөн. Яг үнэндээ энэ эсэргүүцэл нь гэрээсээ оймстой гарсан түүнийг гэртээ эрх мэдэл, нэр төртэй орох ээлжит нэгэн сорилго нь болсон юм. Энэ мэтээр түүний үйлдэл, мэдэгдэл алхам бүр Монголын улс төрийг хөдөлгөөнд оруулж, “Н.Энхбаярын ” гэх цорын ганц тодотголтой улс төрийн нүүдлүүд ирэх өдрүүдэд ч улам бүр арвижих нь гарцаагүй.

Харамсалтай нь түүний үйлдэл бүр Н.Энхбаяр гэх хувь хүний эрх ашиг дээр тулгуурлахын зэрэгцээ эргэж төрд орох гэсэн хэмжээлшгүй их хүсэл, шуналынх нь суурь дэвсгэр болж байна. Тэрбээр үүнийхээ төлөө Монголын хууль, тогтоох, шүүх засаглалыг бүхэлд нь уландаа гишгэж, дарангуйлагчийнхаа ааш авирыг олноос нуухаа байсан нь ч энэ оны онцлох сэдвийн нэг нь яах аргагүй мөн юм. Өөрийнхөө шүүх хурлыг Монголд анх удаа олон нийтийн өмнө цэнхэр дэлгэцээр цацуулсан, Дээд шүүхээр хэргийг нь хэлэлцэхтэй зэрэгцээд “Засгийн газраас МАХН гарна” гэж дарамталсан, өөрийнхөө ялыг хасуулж, 2,6 жил болгуулсан.

Тэр ч битгий хэл НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн хүртэл түүний талаар “Би энэ асуудлаар яримааргүй байна. Гэхдээ ярьж байгааг та ойлгоно биз ээ.  Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын эрүүл мэндийн асуудалд бид санаа зовних байдал нэмэгдэж байна. Түүний эрүүл мэндийн талаар таныг анхаарлаа хандуулж байгаа гэдэгт би найдаж байна. Та бид хоёр сайн найзууд. Таны өмнөх Ерөнхийлөгчийг ч би мэднэ” хэмээн хэрэг болгон Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой утсаар ярьсан удаатай. Энэ бүхэн Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг 2012 оны онцлох хүнээр нэрлэх үндсэн хүчин зүйл бөгөөд улс төрд хэн байхыг хүснэ түүгээрээ амьдарч болох гашуун түүхийг тэр ирэх он жилүүдэд ч та бидэнд гэрчлүүлсээр байх биз ээ.

 

Г.Отгонжаргал


URL:

Сэтгэгдэл бичих